Богд хан уулыг дархалсан түүх

Богд хан уул нь 1778 онд Богд хаант Монгол Улсын үед дархлагдаж байсан, дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар. Богдхан уулыг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газар хэмээн нэрлэж, 1996 оны тавдугаар сард ЮНЕСКО-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулах шийдвэр гарч, 1997 онд гэрчилгээг олгож байжээ.

Богд хан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас хойших 3000 жилийн тэртээгээс улбаатай.  Богд хан уулыг дархалсан түүхийн баримтуудыг дурьдвал:

Ø  Улсын төв архивын албан баримтад 12-13-р зууны үед Хэрэйд аймгийн Ван хаан Тоорил Богдхан уулыг тахиж, Туулын хар шугуйгаар  нутаглаж байхдаа “Унасан газар угаасан усаа” гэх Монгол хүний сэтгэлээр өөрийн эрх хэмжээнд онголон дархалсан түүхтэй.

Ø  Өлзийт хааны тэргүүн он буюу 1294 онд гаргасан Монголын их Юань улсын хууль цаазны бичгийн 398-р бүлэгт “Богдхан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ.

Ø  1778 онд  тэр үеийн Монголын тэргүүний  сэхээтний нэг хүрээ сайд Юндэндоржийн санаачлагаар Богдхан уулыг албан ёсоор дархалж хамгаалалтад авсан байна.

 

1778 онд Хүрээ Сайд Юндэндоржийн санаачлагаар Богдхан уулыг дархан цаазат болгон Манж хааны зарлиг гарч Богдхан уулын тахилга хийх тухай зарлигаас:

            Сайд Юндэндорж Богдхан уулыг дархалуулахаар өргөсөн бичигтээ “Дөрвөн аймгийн чуулган нийлэх газар бөгөөд хормойд нь шар, хар олон түмэн хуран суух нь хүрээ оршихын дээр ан, амьтад, ой модоор элбэг баян, олон түмэндээ магтагдсан, холын жуулчдын анхаарлыг татсан энэ үзэсгэлэнт сайхан уулыг эцэг өвгөдөөс дархалж ирсэн учир үүнийг хуучин ёсоор тахин онгон дархан цазтай болгож өгөхийг хичээнгүйлэн гуйсугай” хэмээн хүссэний дагуу Тэнгэрийг тэтгэсний 43-р оны 9-р сарын 24-ний өдөр хааны зарлигаар дахин дархалсан байна.

Ø  1809 онд Богдхан уулын 28  амыг тусгайлан хамгаалах цагдаатай болгож тийшээ нэвтрэн орох зөвшөөрлийг Богд эзэн хаан өөрөө олгодог дэг журам тогтоож байжээ.

Ø  1911 онд Богд хаант Монгол улсыг тунхагласны дараа Богд уулыг Богд хайрхан уул гэж нэрлэн энэ уулыг хамгаалах захиргаа байгуулж байжээ

Ø  1950-иад оны үеэс эхлэн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төр, засгаас ихээхэн анхаарч ирсний үрээр 1957 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн  31-р зарлигаар Богд уулыг Чойбалсан уул нэрээр дархалж, 1974 онд Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн  248 дугаар зарлигаар Богд уул нэрээр Дархан цаазат газар болгожээ.

Ø  Богд уул нь түүхийн урт хугацааны үе үеийн туршид өөр өөр нэрийг тухайлбал Богд уул, Хан-Уул, Богдхан уул, Чойбалсан уул, Богд Дүнжингарав гэх зэргээр нэрлэгдэж ирсэн бөгөөд Улсын Их Хурлын 1995 оны 26-р тогтоолоор Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн тухай хуулинд нийцүүлэн Богдхан уулын дархан цаазат газар хэмээн нэрлэж нэг мөр болгон баталгаажуулсан болно.

Ø  Дархан цаазат Богдхан уулын одоогийн хамгаалалтын захиргаа 1988 онд байгуулагдсан.

 

Т.Түвшинсайхан