О.Амгаланбаатар: Ц.Дашдорж " цай оршуулахаас" өөр ажил хийгээгүй
2014-04-11 09:59

Говь-Алтай аймгийн засаг дарга асан Ш.Амгаланбаяр нь жил гаруйн өмнө нэгэн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа манай аймгийн хөгжил бусад аймгийнхаас 15 жилээр хоцорч яваа гэж өөрийгөө, баг, хамт олноо муу ажиллаж байгааг хүлээн зөвшөөрч байлаа. Үнэхээр л хөгжил гээд хараад өлгөж аваад ярих зүйлгүй энэ аймагт хөгжил л үгүйлэгдэж байна. Өнгөрсөн намар Говь-Алтай аймагт анх очиход их л хүнд нөхцөл байдал нүдэнд харагдаж байсан. Ажлын байр байхгүй, зарим сумд нь тог цахилгаангүй, ядаж л аймгийнхаа төв талбай дээр машинууд нь дураараа холхих дүр зураг гээд олон зүйл сэтгэл эмзэглүүлсэн. Тиймээс шинэ дарга, шинэ баг хамт олон энэ аймгийг яаж өөд нь татах вэ? гэдэг сонин байгаа юм.1000 гаруй км.ийн цаана байрлах Говь-Алтай аймгийн шинэхэн засаг дарга О.Амгаланбаатарыг Улаанбаатар хотод ирсэн байх үед уулзаж,  нутаг орондоо хийх шинэчлэлийн ажлынх нь тухай ярилцлаа. Тэрээр 2014 оны 2-р сарын сүүлээр аймгийнхаа засаг дарга болсон. Өөрөөр хэлбэл ардчилалтай золгосноос хойш Говь-Алтайчууд 24 жил МАН-ыг сонгож дэмжсэн. Анх удаа АН-ыг сонгож ардчилсан засаг даргатай болсон нь энэ юм.

Танай багийн мөрийн хөтөлбөрийг харахад 108 ажил хийхээр төлөвлөж. Үүнээс “Англи хэлийг Алтайдаа” төсөл их анхаарал татсан. Боловсролд анхаарч эхэлсэн ажлаас яриагаа эхлэе.

Манай аймагт 12-р анги төгссөн 10-р анги төгссөн хүүхдүүд англи хэлээрээ маш их гологддог. Тиймээс нэг хүний хүүхэд ч гэсэн дэлхийн шилдэг 100-н сургуульд ороод өндөр боловсрол эзэмшээд ар гэрээ нутаг орноо өөд нь татаад яваасай гэсэн үүднээс “Англи хэлийг Алтайдаа” хөтөлбөрийг  хэрэгжүүлэхээр тусгасан юм. Ажил эхлээд амжилттай л явж байна даа. Гол нь бидний ирээдүй болсон хүүхдүүдэд хандсан, хүүхдүүийн боловсролд хандсан тийм ажлууд хийгдэнэ. Аймаг, сум, багийнхаа төв дээр жилдээ гуравхан удаа хуралддаг юм барьсан дээр юмуу? эсвэл сумынхаа нэг ч гэсэн хүүхдийн боловсролд анхаарч тэр хүүхэд маань ирээдүйдээ чадварлаг боловсон хүчин болоод ар гэрийнхээ амьдралыг аваад явах нь дээр үү? гэдэг дээр бодлогынхоо гол чиглэлийг гаргасан байгаа. Бүх шинжлэх ухааны эхлэл нь математик байдаг. Тийм учраас математикийн боловсролыг дэмжих аймгийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж чадварлаг багш нарыг сумдад урилгаар ажиллуулна гэсэн мөрийн хөтөлбөрийн маань бас нэг заалт байгаа. Тийм учраас ер нь Говь-Алтайн хүүхдүүд хоёр жилийн дараа математик, Англи хэлээр сайжирна гэсэн чигтэй байгаа.

Засаг дарга болсоныхоо дараа хэд хэдэн сургуулийн багш захирлуудыг хомроголон халлаа гэсэн мэдээлэл их цацагдсан. Ямар үндэслэлээр халсан юм бол? Чадвар нь гологдов уу?

Интернетээр нийтдээ 40-өөд хүнийг хомроголон халлаа гээд жагсаалт гарсан байна лээ. Говь-Алтай аймгийн хөгжил гэдэг маань хүний хөгжил шүү дээ. Таван жил арван жил дарга хийгээд юу ч хийгээгүй, бүтээгээгүй. Өнөөдөр энэ 21 аймгаас манай аймаг хамгийн сүүлд явж байгаа. Сүүл мушгих үзүүлэлт гарахад гол үүрэгтэй оролцсон энэ олон жил ажилласан дарга нар чадваргүй гэдэг нь харагдсан. Яаж гээч. Олон жил дарга хийлээ. Юу хийж бүтээв? Ямар амжилт үзүүлэв? Тийм мундаг байсан юм бол яагаад манай аймаг сүүл мушгиж байна вэ? Тэгэхээр муу гэдэг нь наад захын ойлголтоор харагдаж байгаа биз дээ. Ийм хүмүүсийг халнаа. Халах байтугай энэ хүмүүсд хариуцлага тооцох ёстой.

Он удаан жил ажилласан дарга нар байсан уу?

Ер нь бол дор хаяж дөрвөөс дээш жил ажилласан дарга нар байсан. Энэ хүмүүс маань Говь-Алтай аймагт үндсэндээ нүгэл хийсэн хүмүүс байхгүй юу. Тийм учраас ийм ужгарсан толгойноос нь Говь-Алтайн төлөө гэсэн бодол биш зөвхөн сандал ширээтэйгээ зууралдсан, нэг өдрийн цалингаа бодсон, өнөөдөр өглөө 9 цагт  ирээд орой 6 цагт  тараад маргааш өглөө 9 цагт ирэхээ амьдралын зорилго  болгочихсон тийм хүмүүсийг ажлаас нь халсан. Халах нь битгий хэл арга хэмжээ ч авах ёстой. Тийм учраас бид шинэ багаар урагшаа явна.

Яг хичнээн хүнийг ажлаас нь чөлөөлсөн бэ?

Нилээн хэдэн хүн чөлөөлсөн. Гэхдээ тэр хүмүүс үндсэндээ өөрсдөө хүсэлтээ өгч чөлөөлөгдсөн.  Яагаад энэ хүмүүс халагдах хүсэлтээ гаргаж байна гэдэг нь их инээдэмтэй л дээ. Энэ хүмүүс маань бүгд но-той, бүгд асуудалтай. Өөрөө хүсэлтээ гаргаад өгчихвөл намайг ухаж төнхөхгүй гэсэн бодолтой, тийм өрөвдөлтэй арга л даа. Нийтдээ сольсон гэж яригдаад байгаа дарга нар маань бүгд өргөдлөө өгсөн. Тэрний цаана нэг юм байгаа биздээ.

Та өргөдөл өгөнгүүт нь зөвшөөрөөд явуулчихсан юмуу?

Тэр өрөвдөлтэй амьтдыг чинь ажиллуулж яахав дээ.

Орных нь хүмүүс бүгд томилогдоод үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа юу?

Сургууль, төрийн байгууллага,агентлагын дарга нар томилогдсон. Сургууль руу бол нэг их ороогүй. Хоёр сургуулийн захирал л сольсон шүү дээ. Түүнээс биш бүх сургуулиудын захирлуудыг сольсон юм байхгүй. Агентлаг, засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нарыг сольсон байгаа. Ер нь бол олон жил ажиллаад хуучраад сэтгэхүй нь явахаа байчихсан хүмүүс дэмий юм байна лээ. Өнөөдөр тэр Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс, тэр Америкт амьдарч байгаа хүмүүсээс бид яагаад дутуу амьдрах ёстой гэж. Бид тэд нараас илүү амьдрах ёстой гэсэн ийм хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг бид багтаа авч ажиллаж байгаа. Тиймдээ ч бид нар сая 10 хоногийн хугацаанд жишээлэхийн бол Говь-Алтай аймагт 24 жилийн хугацаанд шийдэж чадаагүй тэр ундны усны асуудлыг шийдчихлээ. 2 сарын дараагаас Говь-Алтай аймгийн иргэн болгон эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тийм эрүүл ус ууна, цэвэр ус уух болно. Энэ чинь их амархан байсан юм байна лээ. Гол нь сэтгэл, сэтгэл байхгүйтэй холбоотой байсан байна лээ шүү дээ.

Усны асуудлаа шийдсэн бол дулааны асуудлаа одоо яах вэ?

Манай мөрийн хөтөлбөрт тусгасан дараагийн зүйл бол дулааны асуудал. Аймгийн төв үндсэндээ долоо орчим уурын зуухаар халдаг. Хэрэглээний халуун ус байхгүй. Нэмээд байшин барилга барья гэхээр дулааны эх үүсвэр байхгүй. Байранд байгаа мөртлөө зутарсан халуун биш нэмэлт баахан тень асаасан ийм байдалтай байдаг. Тэгэхээр дулааны эх үүсвэрийг шийдээд Засгийн газраас гурван тэрбум төгрөгний асуудал шийдээд үлдсэнийг нь хувийн хэвшлийн оролцоотойгоор дулааны цахилгаан станц барих гэж байна.

Нийт хичнээн төгрөгөөр босох станц юм бэ?

Нийтдээ 17 тэрбум төгрөгөөр дулааны цахилгаан станцыг шугамынх хамтаар шийдэх юм. Би өөрөө Ерөнхий сайд дээр ороод үнэхээр манай Алтайчуудын тулгамдаж байгаа асуудлуудын нэг нь энэ юм гэж хэлээд хүсэлт тавьсан. Тэгээд засгийн газрын хуралдаанаар ороод ямар ч байсан шийдэгдсэн.

Дулаан явбал мянган лан гэж. Дулааны асуудлаа шийдэх нь чухал. Түүнээс гадна танай аймагт ажилгүйдэл их өндөр шүү дээ. Ажилгүй энэ олон хүнээ яая гэж төлөвлөв?

Бид ажилгүйдлийг яаж багасгах вэ гэсэн талаар маш олон хүний саналыг авч мөрийн хөтөлбөртөө тусгасан. “Алтайн Хүдэр” гэж компани 2500 ажилтантайгаас 300-хан нь Говь-Алтайн ажилчид байна. Үлдсэн нь Улаанбаатараас ирж ажиллаж байна. Тийм учраас нэгдүгээрт “Алтайн хүдэр”- тэй хийж байгаа хариуцлагын гэрээн дээрээ ажилчдын 60 хүртэл хувийг Говь-Алтайгаас авах гэж тусгаж байгаа.

Ажилчдын 60 хүртэл хувь гэхээр компаниас тавьж байгаа мэргэжлийн шаардлага хангахуйц хүний нөөц аймагт чинь байгаа юм болов уу?

Бид “Алтайн хүдэр”- тэй хамтраад сургалт явуулаад сургаж авна даа.

Өөр ажлын байр бий болгох ямар боломж байна вэ?

Өрх болгоноос нэг хүн ажилтай болгох тийм бодлого барьж байгаа. Үүний тулд одоо Говь-Алтай аймагт махны үйлдвэр, ноос ноолуурын үйлдвэр,100 хүртэлх хүнтэй оёдлын үйлдвэр, говийн бүсээ хангачих цементийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэр зэрэг чиглэл чиглэлээр дэмжихбодлого барьж байна. Хувийн хэвшлийг дэмжиж хувийн компаниуд маань томорч байж ажлын байр нэмэгдэнэ гэсэн байр суурьтай байгаа. Говь-Алтай аймаг Улаанбаатараас 1000 км хол. Зам хэцүү.  Үндсэндээ Өвөрхангай хүртэл шороон замаар явдаг байсан бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд аймгуудыг засмал замаар холбох ажил манай аймагт ч хэрэгжинэ. 2016 он гэхэд замтай болчих юм. Нэгдүгээрт ус, хоёрдугаарт дулаан, гуравдугаарт хатуу хучилттай зам гэсэн энэ гурван асуудлыг бид 2016 он гэхэд шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

Алтайн хүдэр” компанийг хаана гэж та нилээн ярьсан байсан. Энэ компанид 2000 гаруй хүн ажиллаж байна шүү дээ. Хаачихбал 2000 гаруй хүн ажилгүй болно. Энэ олон ажилгүй болсон хүнийг та ажлын байраар хангачихаж чадахгүй шүү дээ. Таныг дарга болонгуутаа амбийцалж байна гэж харж байснаа нуугаад яахав. Яагаад хаана барина гэж хэвлэлээр яриад байв? Танай аймгийг тэжээж байгаа том газар шүү дээ.

Ер нь бол яг Говь-Алтайчуудад ээлгүй, Говь-Алтайчуудад үр өгөөжгүй бол хаахаас өөр аргагүй. Бид нарын нутаг дээр хэн нэгэн хүн ирээд бизнес хийж байжболно. Гэхдээ уул уурхайн бизнес гэдэг чинь хэцүү бизнес. Дараа нь Говь-Алтайд нэг том нүх л үлдэнэ. Магадгүй 10-20 жилийн дараа. Нөхөн сэргээгдээд тэр буцаад уул нурууд шигээ хэвийн болчихдог болвол энэ бизнес явж болно шүү дээ. Энэ дээр Говь-Алтайчуудын маань хүүхдүүд л үлдэнэ. Тийм учраас энэ уул уурхайн бизнес Говь-Алтайчуудад ээлтэй байх ёстой. Хариуцлагатай байх ёстой гэдэг дээр би хатуу байр суурьтай байгаа. Ийм учраас хариуцлагын гэрээг Алтайчуудад ээлтэй гэрээ болох байх гэж бодож байна. Ээлтэй гэрээг Алтайн- Хүдэр компанитай хийж байгаа.

Тэгэхээр хаахгүй гэсэн үг үү?

Гэрээгээ нутаг орондоо ээлтэй өгөөжтэй хийж байгаа учраас хаах шаардлага гарахгүй байх.

Өөр олборлолт явуулж байгаа уул уурхайн компани байгаа юу?

Олборлолт явуулж байгаа Марко Поло гээд алтны уурхай байгаа.

Энэ Марко Поло, Алтайн Хүдэр хоёр компани чинь Цээл сумын нутаг дэвсгэр дээр байрладаг шүү дээ. Цээл сумыг нүүлгэх асуудалд яаж тусалж байгаа юм бол? Ер нь нүүх нь хэвээрээ юу?

Сумын төв байгаа газраасаа нүүчихбэл газрыг маань ухчихна гээд айгаад байгаа хэрэг. Тэнд нь нэг тахидаг уул байгаа юм. Тэрийгээ хөндчихнө гээд их эмзэг ханддаг юм билээ. Гэхдээ мэдээж хүмүүсийн шүтэж хүндэлдэг тэр уулыг хөндүүлнэ гэж юу байхав. Цээл сумаас ойрхон хэдхэн километрт цэлгэр сайхан тал байдаг. Цээл чинь үндсэндээ хасгуудын Монголчууд руу дайрч довтолдогоос нуугдаж яваад ийм хадтай газар байгуулагдсан сум шүү дээ. Тийм учраас бид нар тал руу нь шинэ төлөвлөлтийг хийж, хуучиндаа байх нь байг шинэдээ байх нь байг. Үндсэндээ төрийн байгууллагуудыг байгуулаад хоёулаа байг ээ гэсэн тийм л бодлогобарьж байна.

Танай нутагт тулгамдаж байгаа бас нэг асуудал байдаг нь Заг хэмээх ургамлаа түлж хэрэглээд бараг дуусч байгаа шүү дээ. Заг уг нь их ач холбогдолтой. Наад зах нь цөлжилтийг тэнцвэржүүлдэг гэдэг шүү дээ.

Говь-Алтайн бүх сум бол ерөнхийдөө Заг түлж байгаа. Яалт ч үгүй нүүрс болгохгүй бол болохгүй байгаа. Нүүрсний хувьд ямарч байсан Зээгтийн уурхай маань урд талын сумдыг, Хөв булгийн уурхай энэ Дэлгэрт, сая гарсан уурхай аймгийн төв энэ ойролцоо хэдэн сумуудыг хангаж байна. Баруун хэдэн сумууд маань нүүрсний уурхай ажиллахгүй байна л даа. Тийм учраас бид нар баруун талд нэг нүүрсний уурхай энэ хувийн хэвшлийнхнийг дэмжиж гаргаад баруун талынхаа нүүрсний хэрэгцээг хангачих юм бол үндсэндээ бол нэг асуудал шийдэгдчихнэ. Говь-Алтай маань модны нөөц багатай. Энэ  тал дээр бид нар одоогоор судалгааны шатандаа явж байна. Тийм учраас модон түлшнийхээ асуудлыг яаж шийдхэв гэдэг хамгийн гол асуудал болчихоод байгаа. Загийг бол ерөнхийдөө түлүүлэхгүй талын тийм чиглэлүүд өгчихсөн байгаа. 

Та ажлаа аваад хоёр сар хэртэй хугацаа өнгөрлөө.Ажил хийхэд хүндрэлтэй зүйл юу байна. Магадгүй нөгөө хэт их улс төржилт ч юмуу эсвэл  намын нөлөөлөл зэрэг хэр их байна вэ?

Маш том хүндрэл байна. Энэ юу вэ гэхээр 2014 онд хийгдэх бүтээн байгуулалтын барилгын зураг төсвүүд бүгд өмнөх ондоо хийгдэх ёстой. Жишээлбэл 2014 онд хийгдэх ажлууд 2013 онд зураг төсөв нь гарсан байх учиртай. Гэтэл өнөөдөр Говь-Алтай аймагт одоо нэг ч  бүтээн байгуулалт нэг ч барилга барих боломж алга. Учир нь нэг ч зураг байхгүй. Нэг ч төсөв байхгүй. Бүгдийг нь 2013 оны 10 сард сонгууль зарлагдаад л үндсэндээ нэг ч зураг нэг ч төсөв хийгээгүй байж. Бусад аймгууд зураг төслөө хийчихсэн байж байхад бид нар дөнгөж зураг төсвөө одоо хийж байна. Говь-Алтай аймаг маань өндөр бүст байдаг. Эрт хүйтэрдэг, орой дулаардаг учраас барилгын хувьд нэг сарын богино хугацаатай байдаг. Тэгээд одоо тендер зарлах гэхээр зураг байхгүй төсөл, төсөв байхгүй ийм хүндрэл үүсээд байна. Өмнөх дарга нараа ямар хараагаад алаад идэлтэй биш. Тэгээд аль болох хурдлуулах гээд арга зам хайж сууна. 4 сарын 1-ээс өмнө бүх тендер зарлагдсан байх ёстой гээд Засгийн газраас чиглэл өгчихсөн байдаг. Гэтэл бид сандралдаад л сууж байна даа.

Тэгэхээр энэ жил танай аймагт бүтээн байгуулалт өрнөхгүй нь ээ?

Бараг тийм байдал үүсчихсэн л байна. Тэгээд бид нар ямар ч байсан бүтээн байгуулалтыг хийнэ. Хийхээс ч өөр зам байхгүй. Бусад аймгууд шиг өмнөх дарга нар маань хийгээгүй ээ гээд ард түмэндээ хэлээд сууж байх эрх байхгүй. Ийм учраас Засгийн газарт, Ерөнхий сайдад,  Ч.Сайханбилэг дарга нарт хүсэлт тавьсан. Говь-Алтай аймагт ийм онцгой нөхцөл байдал үүссэн. Дахин сонгууль болсон. Дахин сонгуультай холбоотой өмнөх удирдлагууд маань үнэхээр бүх юмыг ингээд гацаачихсан байна.Харж үзээчээ гэсэн хүсэлтээ тавьсан байгаа. Танай аймгийг бол энэ тал дээр анхаарах боломжтой юм гэсэн нааштай хариу сонсоод л сууж байна. Гэхдээ нааштай гэж хэлэх нь бас буруу л байх.

Танайхаас сонгогдсон гишүүн чинь Ц.Дашдорж гишүүн бил үү? Юу хийж бүтээсэн юм бэ?

За манайхаас Ц.Дашдорж гишүүн байгаа. Ж.Энхбаяр гишүүн 2008 онд сонгогдсон. Одоо Ц.Дашдорж гишүүн ганцаараа гарсан. Ц.Дашдорж гуай нилээн олон цай газарт булсан байгаа. Одоо тэр цайнуудынхаа үр шимийг үзэх байлгүй дээ. Цайнууд булчихаад юу ч хийгдээгүй.180 айлын орон сууц барина гэж цай булсан, засмал зам барина гэж цай булсан байгаа. Баахан цай “оршуулдаг” л ажилтай хүн байсан байна лээ. Тэгээд одоо юу бодож байдаг юм бүү мэд.  Говь-Алтайнхнаар их тоглосон хүн  шүү дээ.

Танай баг хамт олны ажилд амжилт хүсье. Ирэх сонгуулиар ард түмэн танай багт үнэлэлтээ өгөх биз.

Залуусаар бүрдсэн сайн баг ажиллаж байгаа. Чадна гээд л дайрч өгнө дөө.

Ярилцсанд баярлалаа.

У.Сэргэлэн

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • bagii (202.21.113.202)
    altainhaa us, dulaan 2 oo hamgiin turuun shiidvel chi daraagiin songuulid garch irj magadgui bh shuu.Yalanguya hogjil hojoololoor neg orood haraach.....
    2014 оны 05 сарын 09 | Хариулах
  • Мооо (122.254.127.67)
    Ажилиин амжилт хүсэе
    2014 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (103.26.194.4)
    булсан цайг иш гаргаж өгөөд харуулахгүй ялзарч уу үгүй юу
    2014 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Хэдэн уул уурхайн компанийг даратлахаас өөр хийх ажил байгаа юм уу энэ баагийд. Тэд нар нь зогсвол хэдэн дэлгүүр, ТҮЦ дарамтлахаас өөр юм олдохгүй л болов уу?
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.91.70)
    Saihan luivarchin daa hoorhii bichig useg barag gargagdaagui
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
  • Нэргүй (203.91.118.156)
    битгий их тэнэг зүйл хийгээрэй дээ Бусдын алдаанаас суралцаж ажилаа хий өөрөө энхийн цагаан тагтаа юм уу даа инээд хүрч бна
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.118.156)
    hi
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
  • gaali (182.160.41.200)
    Ene soloirchihson bna Dashdorj 2 uulaa niilj songuuli hiisen bizdee neg negniihee heriig gaihaj teneg lalar
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.194.1)
    АН ИЙМ Л ХҮН ОЛДНО ДОО ХАХА ХЭХЭ
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • hgyugs (103.26.194.9)
    Энэ бол зүгээр л хулгайч. Бараг бичиг үсэггүй гар.
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • Гааль (103.26.194.9)
    Энэ нөгөө гаальд байж байгаад хөөгдсөн нөхөр мөн үү.
    2014 оны 04 сарын 14 | Хариулах
  • Алтай (202.179.10.74)
    Ийм л хүн хэрэгтэй байсан юм ш дээ. Амжилт!!!
    2014 оны 04 сарын 12 | Хариулах
  • нутгий хүү (182.160.42.163)
    юуч хийхгүй байгаа дарга нарыг бүгдийг нь солих хэрэгтэй хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн үнэхээр сайхан санаа байнаа амжилт
    2014 оны 04 сарын 12 | Хариулах
  • Иргэн (112.72.13.187)
    ха ха сайхан ярьсан байнаа Амгаа, баяр хүргэе, зоригтой байна
    2014 оны 04 сарын 11 | Хариулах