Г.Баасан: УИХ-д цонхоор ордог байдлаа болих хэрэгтэй
2014-04-15 08:29

Г.Баасан: Ахмадууд уйлж байна, тэд хүчирхийлэлд өртөж байна!

Сонин сайхан юу байна, Та ойрдоо ямар ажил хийж бужигнуулж явна?

Миний 10 жилийн өмнө Сүхбаатарын талбайд эхэлсэн тэмцэл хэвээрээ үргэлжилж байна. Ахмадуудын асуудлаар нийгэмд олон асуудлыг тавьж Алтан загасны эмгэн, Рекетчин авгай, Хэрүүлч авгай гээд их олон цолууд авч байсан. Одоо бол энэ цолууд буруу байжээ, энэ хүн үнэнээсээ монголын ахмадуудын төлөө тэмцсэн юм байна гэдгийг Монголын ард түмэнд ойлгуулж,  ажлынхаа эцсийг үзэх гээд ажиллаж байна.  Бид 2013 оны 2 дугаар сараас ахмадын асуудлаар засгийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Зах зээлд шилжсэнээс хойш 2013 он хүртэл ахмадын асуудал нэг яамны мэдэлд байсан. Бид засгийн газрын мэдэлд шилжүүлж чадлаа.  Ахмадын холбоо ахмадын ажлыг орон даяар удирдан зохион байгуулах төв болоод ажиллаж байна. Хамгийн том сонин энэ байна. Хоёр дахь сонин бол хуулийнхаа сургуульд хичээлээ хийж байгаа. Гурав дахь сонин гэвэл бид 21 аймгаар явж ахмадын өмнөх байгууллага яаж ажилласан талаар судалгаа хийж ахмадуудын гэрээр явж дуу хоолойг нь сонсож байна. Үүнийхээ дараа ахмадын ажлыг яаж шинэчлэх талаар шинэ бодлого , зарчимаа боловсруулахаар ажиллаж байна. Одоогоор бид 60 гаруй мянган ахмадтай уулзаж 17 аймгаар явчихсан байна. Удахгүй үлдсэн 4 аймгаар явахаар ажиллаж байна.

Г.Баасан: Ахмадуудаас мөнгө авч шагнадаг, бүжиглүүлдэг, номонд бичдэг юм байна

Уулзсан ахмадууд юу ярьж байна ?

Ахмадууд мэдээж тэтгэвэр, тэтгэмжээ ярьж байна. Тэтгэвэрийн зээлийн хүү өндөр байна гэж ярьж байна. Ажилласан жил олон боловч хасуулаад тэтгэвэрээ маш бага тогтоолгосон гэдэгтээ их гомдолтой байна. Ажилласан жилээсээ хасуулаагүй ахмад гэж алга. Хамгийн багадаа 3 ихдээ 30 жил хүртэл хасуулсан хүн байна. 41 жил ажиллаад 11 жилээр тэтгэвэрт гарсан хүн байна. Ахмадууд маш их уйлж байна. Ядарсан энгийн амьдралтай ахмадуудын гэрээр ороход дандаа уйлж байна. Их зовж , ядарч, гомдож байна гэж ярьж байна. Арай чадалтай өөрөө хөлөөрөө гүйгээд явж байгаа ахмадууд нь улс орноо бодож их шаналж байна. Бидний үр хүүхдүүд ямар орчинд яаж амьдрах гэж байна. Шинээр байгуулсан нийгэмээ таньж чадахгүй бид баларч байна гэдгээ ахмадууд ухаарсан байна.  Бас нэг тавьж байгаа асуудал бол эвтэй баймаар байна. Том дарга нар эвтэй байхдаа хүчтэй гэж зарлачихаад нидэр дээрээ биднийг маш их хувааж байна хэмээн ярьж байна. Энэ том нутаг дэвсгэрт цөөхөн Монголчууд улам нягтарч бүгдээрээ хамтдаа байхын чухалыг ахмадууд хэлж байна. Энэ  асуудал дээр Монголын ахмадын чөлөөт холбоо хошуучилж ажиллаач ээ гэсэн санал тавьж байна.   Мөн ахмадуудын эрүүл мэндийн асуудал байна. Ахмад хүн ч гэсэн амьд байхыг , эрүүл байхыг хүснэ. Монгол улсад ахмадын эмнэлэг гэж байдаггүй юм байна. Эмнэлэг дээр очиход ганцхан ахмадын эмч гэж нэг хүн суудаг. Ганц эмчид яаж  бүхэл бүтэн хүний бүх эрхтэнг үзүүлэх вэ дээ.  Эмнэлэгээр очиход та насны доройтолд орчихож гэж ганцхан өгүүлбэр  хариулт өгдөг. Дараагийн асуудал бол ахмадуудын шагнал урамшуулалд маш их сэтгэл дундуур байдаг. Өнөөдөр хөдөлмөр бүтээлийнхээ үр дүнг үнэлүүлээгүй ахмадууд  маш их байдаг юм байна.  Тэгсэн атлаа намын гишүүн гэдэг нэрийн дор маш их шагнал авчихсан хүмүүс байсан. Бас нэг ноцтой юм нь ахмадуудаас маш их мөнгө татдаг юм байна. Өөрсдөөс нь мөнгө татаж өөрсдийг нь шагнадаг юм байна. Өөрсдийнх нь мөнгөөр ном бичиж өгдөг, цайллага хийх, бүжиглүүлэх гэх мэтчилэн олон зүйл байдаг юм байна. Цаг минутаа зөв өнгөрөөе. Өөрийгөө амьд яваа гэдгээ мэдэрье гэхэд нь өөдөөс нь мөнгө нэхдэг юм байна. Ийм л янзтай байна. Бид өөрчлөх шинэчлэх талаар 10 гаруй төрлийн хичээл заагаад явж байгаа. Хамгийн гол нь 1992 онд үндсэн хууль батлагдсанаар эрх зүйт төрийг байгуулж  хуулийн дор амьдаръя гэдэг зарчимруу орсон. Харамсалтай нь 2005 онд батлагдсан “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль” -ийг ахмадууд ерөөсөө мэддэггүй юм байна. Явж байгаа газар болгондоо судалгаа авч байна. Заал дүүрэн 500 хүн цуглахад 4 хүн л мэдэж байна. Тийм учраас ахмадын эрх зүйн орчныг шинэчлэх, өөрчлөх, сурталчилж таниулж мэдүүлэх гээд маш олон ажлыг шинээр хийх гэж байна.

Ахмадуудын байгууллага нь үнэхээр ажиллаж чадсан байна уу ?

Монголын ахмадын холбоо 90 жилийн түүхтэй гэж гадуур маш их зарлаж байна. Гэтэл үгүй Монголын ахмадын холбоо гэдэг байгууллага 1988 оны 3 сарын 21 нд МАХН – ын төв хорооны улс төрийн товчооны тогтоолоор байгуулагдсан байна.  МАХН – ын үзэл суртлыг ард түмний тархинд хийх зорилготой Хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтний хороо гэдэг байгууллага байсан. Тиймээс аймгуудад яг энэ утгаараа улс төрийн ажлаа хийдэг юм байна. Нийт ахмадуудын их цөөхөн хувийг хамардаг юм байна. Жишээлбэл аймгуудаар яваад үзэхэд  өмнө нь гайгүй ажил хийж байсан хүн сайн тэтгэвэр авдаг. Намаа хаана ч хэзээ ч хамгаалж нүдээ ухаж өгөхөөс буцахгүй бүлэг хүмүүс л ажиллаж байна. Тэрнээс нийт ахмадуудыг хамарсан ажил ерөөсөө явуулдаггүй юм байна.  Энэ байгууллага улсаас маш их төсөв авсан юм байна. Тэр чинь ард түмний татвар шүү дээ. Гэтэл цөөхөн хүн л ард түмний татварыг идэж уудаг, хөрөнгө мөнгө завшдаг байгууллага байсан юм байна. Энэ ч их олон юмаар нотлогдож байна. Зөвхөн 2000 – 2013 оны хооронд Сүхбаатар даргатай МАХ гэхэд л 788 сая 808 мянга 200 төгрөгийн төсөв авсан байна.  Монголын ахмадын чөлөөт холбоо  10 жил ажиллахдаа 9 жил нь улсын төсвөөс мөнгө авч байгаагүй атлаа маш олон зүйл дээр ахмадуудын  нийтлэг эрх ашгийг хамгаалж чадсан. Энгийн ахмадуудтай уулзаад ярихаар тийм ийм ахмадын холбоо байдаг гэж огт мэдэхгүй байна.

Г.Баасан: Монголын ахмадын холбоо ахмадуудын өмнөөс мөнгө авч “иддэг”

Монголын ахмадын холбоо тэгээд тэр их мөнгийг юунд зарцуулдаг юм бол ?

Ерөөсөө тэр аппаратад ажиллаж байгаа хэдхэн хүмүүс авч хэрэглэдэг юм байна. Зарим аймгууд дээр очоод ахмадын ажил хариуцаж байгаа улсуудтай нь уулзаад хэдэн төгрөгийн төсөвтэй юм гэж асуухад төсөвөө хүртэл мэдэхгүй байна. Нярав, нягтлан, удирдах ажилтангууд нь мөнгөө хуваагаад авчихдаг юм байна. Баг сумууд дээр ажиллаж байгаа ахмадын хорооны даргад 10 цаас өгдөггүй юм байна. Ерөөсөө төсөв нь их сонин юм байна. Дархан аймгийн төсөв гэхэд 140 сая. Гэтэл манай Монголын ахмадын чөлөөт холбоо 2013 онд 117 саяын төсөвтэй ажилласан. Дарханы ахмадын холбооны дарга Энхтайван гэж хүн байна. Хоёр давхар байр эзэмшдэг мөртлөө тэр рүү нь ахмадууд бараг л ордоггүй юм байна. Бүжиг танз хийж мөнгө хураагаад бүх өрөөгөө түрүүсэлчихсэн,  түрээсийн мөнгө идээд сууж байдаг юм байна. Энхтайван дарга тэтгэвэр дээрээ нэмээд 550 мянган төгрөгийн цалинтай. Гэтэл доор нь байгаа сум багийн дарга нар хамгийн өндөр нь л гэхэд 45 мянган төгрөгийн цалинтай байдаг. Тэгэхээр ахмадын асуудал гэдэг бол санхүү талаасаа ч тэр, хууль талаасаа ч тэр, явагдаж байгаа үйл ажиллагаа талаасаа ч гэсэн маш их анхаарал татсан асуудал болоод байгаа юм. Ер нь л хуучин социализмын үеийн бодлогоор л мөнгийг нь идээд сууж байна. Би их гайхдаг байлаа Монголын ахмадын холбоо ахмадын тэтгэвэр, олон хүүхэдтэй эхийн асуудал яриад ороход тухайн үеийн ахмадын холбоо хүлээн зөвшөөрдөггүй байсан  юм. Эсэргүүцдэг байсан. Эсэргүүцэж байсан бүх баримтууд нь энэ хавтасаар дүүрэн байна. Яагаад ахмадын нэрийн өмнөөс төсөвийг нь авсан мөртлөө ахмадуудын асуудал ярихад хүлээж авдаггүй байсныг гайхаад олдоггүй байлаа. Тэр үед би залуу байж л дээ. Одоо бол би ойлгож байна. Хэсэг бүлэг улсууд мөнгө идэж явах нь чухал болохоос Монголын нийт ахмадын асуудал ерөөсөө чухал биш юм байж.

Та бүх баримтуудыг нь олоод авчихсан юм чинь хариуцлага тооцох шатны хүмүүст нь хандвал яасан юм. Ингээд дуугүй л байгаад байх юм уу ?

Дуугүй байхгүй. Бид  аймгаа бүгдийг нь баримтжуулж байна. Баримтуулж дуусаад засгийн газарт асуудлыг тавина. Монголын нийт ард түмэнд үр дүнг танилцуулна. Тэгээд  21 аймгаа дуусаад Улаанбаатар хотод ажиллана. Манай Монголын ахмадын чөлөөт холбоо бол ямар ч намд хамаарахгүй. Нийт Монголын ахмадуудын эрх ашгийн төлөө ажиллана. Үндсэн хууль, чөлөөт нийгмийн хуулиар ажиллана.

Г.Баасан: Ахмадууд доод тал нь 172000, дээд тал нь 1,300,000 төгрөгийн тэтгэвэр авч байна

Миний мэдэхийн л 14 жилийн өмнө  Баасан гэдэг хүн ахмадуудын тэтгэвэрийн зөрөөг арилгая гэж тэмцэж байсан.  Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл тэтгэвэрийн зөрөө арилахгүй байна вэ?

Монгол улсын тэтгэврийн хууль өөрчлөгдөх цаг нь болчихжээ. Социалист системийн үнэр ханхалсан, дарга анги, ажилчин анги гэсэн ангийн ялгаа ханхалсан хуультай юм байна. Бага тэтгэвэртэнгүүд гэдэг бол үйлчлэгч нар шүү дээ. Тэд чинь социализмын үед юм хийгээгүй. Тамхи татаж байсан улсууд гээд том дарга нар яриад л байна. Монгол улсад 318 мянган ахмад настан тэтгэвэр авч байна. Тэдний хамгийн өндөр нь 1300.000 төгрөг, хамгийн бага нь 172000 төгрөг болчихсон байна. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр.

Хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэж чухам юуг хэлж байна вэ?

Улсад 20 жил ажиллаагүй хүний тэтгэвэр. Харин улсад 20 жил түүнээс дээш жил ажилласан хүний тэтгэвэрийг бүрэн тэтгэвэр гэдэг. Нийт тэтгэвэр авагчдын дунд хувь тэнцүүлсэн тэтгэвэр өндөр хувийг эзэлж байна. Харин саяханы тэтгэвэр нэмэлтээр жил нэмж хувь тэнцүүлсэн тэтгэвэрээс бүрэн тэтгэвэр рүү их олон хүн орлоо.Социализмын үед ажилгүй хүнийг гурван хоног  байлгадаггүй байсан. Цэргээс халагдаж ирсэн, сургууль төгссөн хүнийг 3 хоноод шууд ажилд оруулдаг байсан. Тэгэхээр захын ахмад хүн 20 – иос дээш жил ажилласан байж таарах гээд байна. Гэтэл ихэнх нь 20 – оос доош жил ажилласан болчихсон.

Шалтгаан нь юу юм бол?

Архив, цалингийн тодорхойлолт устгагдсан байна, гал түймэрт өртсөн байна гэх мэтчилэнгээр ахмадуудын цалин маш бага байна. Гэтэл дарга хийж байсан хүмүүс угаасаа өндөр цалинтай байсан учраас өндөр тэтгэвэртэй байна. Тэр ч битгий хэл адилхан багш мэргэжилтэй гурван хүн  3 өөр тэтгэвэр авч байна. Тийм болохоор тэтгэвэр өөрөө үзэмжээр ,өнгө аясаар яаж л бол яаж тогтож болохоор шинжтэй байна. Тиймээс ойлгомжтой ил тод хуультай болмоор байна. Өнөөдрийн  хуулиар тэтгэвэрийн зөрөө арилна гэсэн ойлголт байхгүй. Одоо хуулиа янзалж цалингийн жишигийг тогтоох хэрэгтэй байна. Орон нутагт сая явахад хөгшүүл уйлж байна. Би нормчин байсан. Асар өндөр цалинтай байсан. Гэтэл тэтгэвэрт гарахад намайг “Та ийм өндөр тэтгэвэрээр гарах юм бол та бид хоёр хоёулаа шоронд орно”  гэж хэлээд тэтгэврийн хүүхдүүд миний тэтгэврийг хүчээр хасаж гаргаж байсан гээд уйлж байгаа хүн  хүртэл тааралдсан. Тиймээс ахмадуудын цалинг санаатайгаар бага тавьж ардчилсан нийгэм гэж баларсан юм гарснаас болж би ингэж ядуу амьдарч байна гэж ойлгуулах, ардчилалыг үзэн ядах үзлийг бий болгох зорилготой байсан юм уу гэж би харж байна. Ер нь тэтгэвэрээр нь дамжуулж ахмадуудад эдийн засгийн том геноцит аллага хийгдсэн юм биш үү гэж  бодох болсон. Тиймээс бид  нарийн судалгаа хийж байна. Өмнөх алдаануудыг маш хурдан илчилж гаргаж дахиж ийм алдаа гаргаж болохгүй гэдгийг ойлгуулахыг зорьж байна. Тэгээд бид “Үндсэн хуулийн цэц”  – д хандах санаатай байна. Иргэний нийгмийн байгууллагын үүрэг бол тэр. Тиймээс тэр үүргээ биелүүлнэ гэж бодож байна.

21 аймгаар явж дуусаад хамгийн түрүүнд юу хийе гэж бодож байна ?

Хамгийн түрүүнд тэтгэвэрийн зөрүүг маш хурдан багасгах нь зүйтэй гэж үзэж байна. Ихэнх ахмадын тэтгэврийн дэвтэр банкинд байна. Тэтгэвэрийн зээлийг олон сараад 3 жилээр авчихсан хүн хүртэл байна. Тэр зээлээрээ оюутан хүүхэд, ажилгүй хүүхэд гээд дандаа бусдын асуудлыг шийдээд өөртөө юу ч зориулж чадахгүй байна.  Банкны бичиг баримтыг ойлгомжтой болгохын тулд бид 3 сарын 20 – нд  Монголын банкиудтай бид уулзалт хийсэн. Ахмад настай хүн зээл авахад бичиг баримтуудаа ойлгомжтой болгож өгөөч гэдэг зүйлийг эхнээсээ хийгээд явж байна.  Мөн  тэтгэвэрийг их оновчтой зөв болгомоор байна.  Ахмадууд өөрсдийн орлогоороо өөрсдөө амьдрах боломжийг хамгийн түрүүнд бүрдүүлэхээр ажиллаж байна. Үнэхээр ахмадын ажлыг 20 гаруй жил хаячихсан учраас уул овоо шиг их асуудал байна. Тиймээс бид шат шатаар нь шийдэхээр ажиллаж байна.  Аймгууд маань цаашаа сумдуудруугаа орж байгаа. Жишээлбэл Төв, Дархан , Увс, Баян – Өлгий , Ховд гээд аймгууд бүр сумдууддаа хүрчихсэн. Хотод ахмадуудыг сонсох утас ажиллаж байгаа. 70001181 гэсэн утасруу ахмадууд зогсоо зайгүй утасдаж байна. Монгол орон даяар байгаа бүх ахмадуудыг сонсож чадна гэдэг бол маш том амжилт. Мөн гадаад харилцаагаа өргөтгөхийн тулд олон байгууллагуудруу захидал явуулж харилцаа холбоо тогтоохоор ажиллаж байна.

Таны ярианд ахмадууд хүчирхийлэлд автаж байна гэсэн үг дуулдлаа.  Жишээ нь ямар ?

Тэтгэвэрээ бүгдийг нь хураалгаж байна. Энэ бол эдийн засгийн хүчирхийлэл. Хоёрдугаарт үр хүүхэд нь эцэг эхээ сонсохоо больчихож. Энэ чинь сэтгэл санааны хүчирхийлэл. Согтуу хөлчүү ирээд зодож байна. Энэ чинь биеийн хүчирхийлэл. Гэх мэтчилэнгээр хөгшүүл залиланд их өртөж байна. Дундговь аймагт очиход хоёр удаагийн дайнд орсон хүн ахмад дайчин цолоо аваагүй гэдгийг нь сонсоод ахмад дайчин гэдгийг  тань тогтоолгоод байрыг чинь аваад өгье гээд 1200000 төгрөгийг нь аваад зугтчихсан байна. Энэ чинь хүчирхийлэл. Ахмадууд чинь дандаа даргын үг сонсож хэлсэнээр нь байсаар ирсэн тул аймхай , итгэмтгий, уян зөөлөн байгаа энэ байдлыг нь ашиглаж байна.  Тиймээс бидэнд ахмадуудыг амьдарч байгаа нийгмийнхээ үнэ цэнийг ойлгох, гар утас хэрэглэж сурах гээд тусгайлсан сургалтууд зохион байгуулахаар ажиллаж байна.  Ахмадууд нийтийн төлөө, ногоон байгууламж, нийтийн эрх ашгийн төлөө их сэтгэл нь өвдөж байна. Тийм учраас энэ чиглэлд ахмадуудын хөдөлмөр зүтгэлийг нэгтгэе гэж бодож байна.

Гадаад орны ахмадууд шиг орон дамжиж амарч аялах боломж манай  ахмадуудад ирэх болов уу ?

Ирэх ёстой. Ирүүлэх ч ёстой. Монгол улсын төрд 17, 18 төрлийн татвар төлж байсан улсууд тэр олон татварууд хааччихав? Төрд эрх барьж байсан улсуудын гараар дамжаад тэд нарын хөрөнгө ашиг болоод л дуусчихлаа. Тэгэхээр үе үеийн ахмадуудыг олон улсын ахмадууд шиг гавъяаныхаа амралтад гардаг болгомоор байна. Одоо бол жинхэнэ ял эдэлж байгаа юм шиг байна. Зарим ахмадууд хурдхан үхмээр байна гээд амьнаасаа уйдчихсан явж байна.  Ахмад настангууд орохоор л дандаа уйлж байна. Одоо энэ хөгшинийг л гэхэд танайх хэтэрхий олуулаа байна. Хүнээ цөөл гэдэг гэнэ.  Энэ өвөө хар амьдарч байгаа байшин нь энэ. Ингээд л байж байдаг юм байна. Хөөрхий амьтад. Ийм л зовлонтой хөгшүүлчийн гэрээр их явсан. Яваад орохоор л уйлдаг.

 

Миний бас нэг эмзэглэж явдаг зүйл байдаг. Жишээ нь манай аав улсад 37 жил ажиллаад бурхан болсон. 37 жилийн хугацаанд нийгмийн даатгалд багагүй л мөнгө төлсөн байх.  Нэг удаа тэтгэвэр авч үзээгүй аавыг маань бурхан болоход 180 мянган төгрөг оршуулгын зардал гэж өгсөн. Ийм зүйл байж болохгүй л санагдаад байгаа юм. Миний аавын цалингаасаа төлсөн тэр их мөнгө хаашаа ороо бол? Үүнийг л зохицуулах ёстой юм шиг санагддаг.

Ер нь манай тэтгэвэрийн сан, нийгмийн даатгалын сан тусдаа байх ёстой. Одоо бол төсвийн тогоон дотор орчихсон байгаа нь их буруу юм болж байна.  Бид 10 – аад жилийн өмнө тэмцэж байхдаа нийгмийн даатгалын санд байсан 120сая төгрөг хаачив гээд тухайн үеийн засгийн газраас нэхэж байсан. Тэр мөнгө өөрийнхөө тусгай дансандаа эргэлдэж байсан бол асуудал шал өөр байх байлаа. Тэгэхээр одоо татвар төлөгчдийн мөнгөн дотроос арай чүү тэтгэвэрээ тавьж байна гэсэн үг. Бүх юм хоорондоо холилдсон. Бие даасан байдал байхгүй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн байдалтай байна. Оршуулгын мөнгө байхгүй гэртээ шарилыг нь хадгалчихсан айл гарч л байсан. Үүнийг яаралтай цэгцлэхгүй бол болохоо больчихсон байна.

Г.Баасан: 2 өрөө байр, 20 давхар хаус, 2 шуудай мөнгөнд ханаж цадаад амаа таглуулдаг амьтан би биш

Баасан гэдэг хүнтэй хамт жагсаж , тэмцэж, дуугарч байсан хүмүүс бүгд төрийн ордонд ороод суучихлаа. Харин та нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Ер нь юунаас болчихов оо?

Миний хувьд Монгол улсын Үндсэн хуулиар заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлдэг. Үнэхээр нэг талдаа мөнгөгүй. Нөгөө талдаа манай ард түмэн маш их үзэл сурталд автдаг. Итгэл үнэмшилгүй, намчирхдаг, бүлгэрхдэг, хуурамч мэдээлэлд их автдаг, юманд ул суурьтай ханддаггүй. Үүнээсээ болж сонгож чаддаггүй байх гэж боддог. Миний хувьд мөнгө байхгүй нь үнэн. Тэгэхдээ мөнгөгүй юм бүтэж болдог гэдгийг ард түмэнд чадах ядахаараа харуулж л яваа. Сонгогдсонгүй гэж гомдоод байх юм байхгүй. Сонгогдсон ч бай, сонгогдоогүй ч бай өөрийн гэсэн зорилготой,  хийх ажил асар их байна.  Үүнд ач холбогдол өгч бодож суух зав алга даа.

Таныг хүмүүс талбай дээр жагсаж цуглаж байгаагаар л төсөөлдөг бололтой. Тэгээд ч тэрүү, Баасан дуугүй болчихлоо, мөнгө төгрөг авчихав уу? энэ тэр гэсэн хардалт байдаг юм шиг байна.

Сүхбаатарын талбай гэдэг бол “Тэхийн зогсоол”  гэдэг шиг миний мөнхийн зогсоол биш. Шаардлага гарвал дахиад гарахад бэлэн нээлттэй л байгаа. Манай ард түмэн нэг юманд их ухаантай хандмаар байна. “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг үг бий. Мөнгө аваад дуугүй болдог нэг хэсэг хүн байлаа гэхэд мөнгө байтугай юманд дуугүй болдоггүй хүн Монголын нийгэмд байж болдог юм байгаа биз дээ.  Миний ээж,  аав намайг өнгө мөнгөний араас явдаг, хүний зовлонгоор түрий барьдаг ёсонд  сургаагүй.  Үнэн цагаан сэтгэлээрээ,  нэг л зангаараа амьдар гэж сургасан. Би мөнгө иддэг, мөнгөнд хувирдаг хүн биш. Би хүн нэг л удаа төрөхөөс олон дахин төрөөд байхгүй байх гэж боддог. Ганц амьдралдаа хүн шиг амьдрах юмсан гэж хичээдэг юм. Тийм учраас Монгол улсын хөгжил дэвшил сайн сайхны төлөө жоохон ч гэсэн хувь нэмэрээ оруулж сурах хэрэгтэй. 3сая хүрэхгүй хүний нэг хэсэг нь хэрэгт орчихож, нэг хэсэг нь хүүхэд байна. Үлдсэн нь бүгдээрээ Монгол улсын төлөө өвдөх сэтгэлтэй байх хэрэгтэй. Одоо манайхан дандаа амь амиа хичээж байна. Ингэвэл энэ эх орон чинь хүнийх болоод л дуусна. Явцуухан , өрөвдмөөр зангаа болимоор байна. Танай сайтаар дамжуулж хэлэхэд 2 өрөө байр, 20 давхар хаус, 2 шуудай мөнгөнд ханаж цадаад амаа таглуулдаг амьтан би биш. Монгол хүн болж төрсөний учир Монголын төлөө амьдаръя гэж боддог. Эх оронгүй хүн насаараа уйлдаг. Эцэг эхгүй хүн гуравхан хоног уйлдаг. Тийм учраас Монголчууд насан туршдаа эх оронтой байгаасай л гэж хүсч байна.

Г.Баасан: Би чинь бас менежмент, маркетингийн шинжлэх ухааныг судалчихсан хүн байхгүй юу

Ахмадын холбооны байр таны гараар ороод, таныг  мөнгийг нь идчихлээ гэж нэг хэсэг ярив. Тэр ер нь юу болсон юм бэ ?

Би тэрийг зарчихдаг эрх мэдэлтэй байсан бол тэрийг зараад яах юм. Тэрэн дээр өндөр байшин бариад мөнхийн мөнгөтэй болох юм байгаа биз дээ. Би чинь бас менежмент, маркетингийн шинжлэх ухааныг судалчихсан хүн байхгүй юу. Тэр нурдаг байшин чинь Баасангийн мэдлийн байшин биш. Тэр төрийн өмчийн байшинг газрыг нь зарчихсан нэрээр гадаадын улсуудын хоол болох гэж байхад бид сонор соргогоор хандаж гадны улсуудыг зайлуулж төрийн өмчид нь буцааж өгсөн.  Тэр бол нийслэлийн өмч байсан. Нийтийн эрх ашгийн төлөө зам тавих гэж байна, хүлээлгэж өг гэхэд нь хүлээлгэж өгсөн.

Та улс төр хийдэг, тэмцэгч хүний хувьд  “Шинэчлэлийн засгийн газар”-т ямар дүн тавих вэ ? Нэг хэсэг маш олон төрийн албан хаагчийг намаар нь ялгаварлан ажилгүй болголоо энэ тэр гээд баахан хэл ам таталсан.

Би хоёр л юм хэлье. Нэгдүгээрт:“Шинэчлэлийн засгийн газар” гарлаа гээд өнөөдөр боловсон хүчингүй байгаа. Ардчилсан үзэл баримтлал Монголд 20 гаруй жил нухачигдан дарагдлаа . Тэрнийхээ гайгаар ерөөсөө боловсон хүчин бэлдэж чадаагүй. Их хэцүү лааз өшиглөж явсан. Боловсон хүчингүй байсан улс төрийн хүчин төрд гараад ирэхээр асуудал их онцгүй харагдаж байна.

Хоёрдугаарт: Өмнөх намын явж байсан буруу зуршлыг давтана гэдэг бол өөрсдөө буцаад тэр рүү өнхөрч орохын шинж.  Маш ухаалаг хандах хэрэгтэй . Хүнийг нам гэдгээр нь биш, ямар үр дүнтэй ажиллаж байна гэдгээр нь асуудалд хандах хэрэгтэй байна. Би баримтгүй, судалгаагүй, хөндлөнгийн хүний амаар асуудалд дүгнэлт хийдэггүй. Одоо бол ямар, ямар хүн яаж халагдсаныг мэдэхгүй байна. Тэгэхээр  дүн тавьж чадахгүй. Ерөнхийдөө ахмадуудын асуудлаар явж байхад янз бүрийн яам, аймгуудын удирдлагуудтай уулзаад явахад авууштай ч юм байна. Анхаарууштай ч юм байна.

Г.Баасан: Хүн хэдий чинээ уураг тархиараа сайн хөдөлмөрлөнө төдий чинээ уураг тархи нь сайн хөгжинө

Та сургуулиа хэзээ төгсөх гэж байна. Таныг хөгширсөн хойноо сургуульд сурч байна гэж багагүй шүүмжилдэг. Хүлээж авах чадвар хэр байна, Үнэхээр хөгширчихөөд байна уу ?

Үгүй шүү дээ. Нас бол тоо. Хүн хэдий чинээ уураг тархиараа сайн хөдөлмөрлөнө төдий чинээ уураг тархи нь сайн хөгжинө. Хүлээж авах чадвар сайн. Зүгээр надад цаг л олдохгүй байсан. Би 2.5 жил бакалавр хамгаалсан. Одоо 2 жил магистрт сууж байна.  Чадвал магистраа хамгаалахыг хүсч байна. Хөгширөх гэдэг бол их сонин ойлголт . Жишээлбэл Монголчууд 45 насыг ид нас гэж үздэг. 37 настай хүүхэд өөрийгөө хөгшин гэж ярьж байна. 87 настай хүн өөрийгөө хөгшин гэж ярих хэрэгтэй. 55 нас идэрмэг, 65 бол ахимаг, 75 настай хүн л ахмад хүн болно, харин 121 насыг насалж байж зөнөг хүн гэж хэлдэг. Тэгэхээр бид энэ буруу ойлголтыг бүгдийг нь цэгцлэх ёстой. 74 наснаас доош хүн юуг ч хийж чадна гэдгийг л хэлмээр байна.

Г.Баасан: Би тэр Одгэрэл энэ тэрийг таних ч үгүй

Сүүлийн үед сошиал медиа, твиттер, фейсбүүк хүчээ авч байна. Твиттерээр ямар нэг асуудлыг болж бүтэхгүй энэ тэр гэж засгийн газар нь хуралддаг болчихож. Та ер нь яагаад жиргэдэггүй юм бэ?

Ний нуугүй хэлэхэд 21 дүгээр зуунд амьдарч байгаа юм чинь амьдарч байгаа зууныхаа тоног , төхөөрөмж юмыг ашиглаж сурах ёстой. Тэрийг төрийн үйлчилгээг хурдан шуурхай болгоход ашиглана уу гэхээс биш ямар нэг сэдэв тавиад тэрийгээ тойрч эргэлдээд нийгмийг шуугиулаад байх хэрэггүй. Надад жиргэж байх зав үнэндээ байдаггүй. Харин уншигч байж, зарим нэгний бичсэнийг уншаад өнгөрдөг. Зарим нэг тэвчишгүй юман дээр зочиноор орж саналаа оруулдаг. Сэтгэгдэлээ бичихдээ “Би Баасан байна” гэж байгаад л оруулдаг. Ер нь яах гэж нэр байдаг юм. Сайн ч бай муу ч бай энэ нэрээрээ олны дунд амьдар гэж нэр заяасан. Тийм учраас нуугдах , бултах, айх , зугтаах юм бол надад байхгүй.

Та олж харсан л байх, жиргээгээр топ модель Одгэрэл та хоёрын зургийг зэрэгцүүлчихсэн зураг яваад л байдаг.  Энэ хоёр уг нь чацуу л даа гэсэн бичигтэй. Иймэрхүү зүйлийг хараад ямар санагддаг бэ?

Миний хувьд хэвлэл мэдээллээр гарсан юманд нэг их эмзэглэдэггүй. Энэ бол хүмүүс оюуны хоосролд орсны шинж. Их л завтай байна. Би тэр Одгэрэл гэдэг эмэгтэйг мэдэх ч үгүй. Тэгэж бичсэнээр л зургийг нь харлаа. Ний нуугүй хэлэхэд би ниймгийн ажлын төлөө яваад зурагт , телевиз их бага үздэг. Намайг тэр байтгуай юмаар ярьдаг учраас би асуудал болгож хараагүй. Би ард  түмний танил болсоны хувьд хүмүүс янз бүрийн өнцгөөс, янз бүрээр харахыг хүлээн зөвшөөрдөг. Манай нөхрийг нэг удаа хэвтрийн нөхрөөсөө салаад гэж ирээд бичсэн. Тэрэнд би жоохон эмзэглэсэн. Бас нэг удаа намайг хужаа гэж бичиж байсан. Тэр бас их эвгүй байсан. Өөрөөр би эмзэглэж араас нь явж байсан удаагүй.

Г.Баасан: УИХ-д цонхоор ордог байдлаа болих хэрэгтэй

2016 оны УИХ-ын сонгуульд та нэр дэвших үү ?

 Мэдэхгүй. Одоо бол хэлж мэдэхгүй байна. Сонгууль бодох зав ч алга.

Манайхан чинь сонгууль дөхөөд ирэхээр л гэв гэнэт ард түмний төлөө тэмцэгч болоод хувирчихдаг. Та үүнийг юу гэж хардаг бол?

Ардчилсан нийгэмд ороод 20 гаруй жил болоход бид ямар үр бүтээл амсав. Хэнийг хэдэн удаа сонгосон билээ гэдэгтээ бодит дүгнэлт хийгээсэй гэж хүсдэг. Ард түмэн өөрсдийнхөө төлөөлөл болох хүнээ их зөв бодож сонгох хэрэгтэй.  Эс бөгөөс ард түмэн өөрөө өөрсдийгөө л алж байна. Би сонгуулийн булхай хийдэг аргуудыг их ярьж байсныг санаж байгаа байх. Ахмад настангуудад сонгуулиа өгөх тухай хичээл, сургалт явуулъя гэж бодож байна. Яагаад гэвэл ахмадууд социализмын үеийн сонгуулийн сэтгэлгээнээсээ салаагүй байна. Сонгогчидоо боловсруулах хэрэгтэй байна. УИХ-д цонхоор ордог байдлаа болих хэрэгтэй. Хэн ч тэднийг сонгоогүй.  Хэн  ч мэдэхгүй улсууд парламентын гишүүн болчихсон л байна. Ер нь бол бүгд ард түмний сонголтоор УИХ-д суух хэрэгтэй байна. Заавал цонхоор оруулдаг бол  тэдний оронд цонхоор ордог муур нохой тавьсан ч яадаг юм.

Г.Баасан: Өөртөө байгаа алдаа дутагдалаа өөртөө хэлж сур, өөртэйгээ шудрага харьцаж сур

Ард түмэндээ хандаж хэлэх үг юу байна?

Ард түмэн маань цаг минутыг их зөв тооцож, өөрөө өөртэйгээ ярьж амьдарах хэрэгтэй. Монгол улсдаа ямар үүрэг рольтой хүн байна вэ гэдгээ ухамсарлаж бодох хэрэгтэй байна. Өөртөө байгаа алдаа дутагдалаа өөртөө хэлж сур, өөртэйгээ шудрага харьцаж сур. Өөрийгөө зэмлэж, загнаж , магтаж, өөрийгөө хайрлаж сур. Хүн бүр, өрх бүр сайн байж гэмээн улс орны өнгө  төрх зөв болно. Өөрөө огт цалин авдаггүй мөртлөө даргын цалингийн төлөө жагсаж байдгийг больмоор байна. Хүн бүр өөрийнхөө эрхийг танд. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийг бүгд унш. Өөрөө өөртөө эхлээд дүн тавь. Таныг сэтгэл, хүчийг завшигч хүмүүс олон байна. Тийм улсуудад бие сэтгэл, цагаа барах хэрэггүй. Энийг л нэг ч гэсэн хүн ойлгоосой.

Ж.Батхишиг 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • morrison (41.203.69.4)
    Би баталгаатай зээл өгөх нь хувийн зээлийн зээлдүүлэгч байна нийт 3-ийн хүүтэй ноцтой сэтгэлгээтэй хувь хүн, компани зээлийн эргэн төлөлт, жил бүр долоо хоног, сар, эсвэл зөвшөөрөгдсөн Сонирхсон үед надад и-мэйл та эргэн төлөлтийг хийж болно хэрхэн хамаарч Бид зөвхөн санал болгож байна Доллар, Pounds Евро зөвхөн өнөөдөр Холбоо барих Эдгээр Таны бүрэн мэдээлэл Бүтэн нэр .............. Зээлийн хэмжээ шаардлагатай ..... Зээлийн хугацаа ........... Утас .......... .......... Өмнө тавигдаж буй Төрийн ........... Сарын орлого нь ......... Улс ...... Morrisjohn1239gmail.com Та бидний бизнесийн и-мэйл энэ илгээх хэрэгтэй
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • morrison (41.203.69.4)
    Би баталгаатай зээл өгөх нь хувийн зээлийн зээлдүүлэгч байна нийт 3-ийн хүүтэй ноцтой сэтгэлгээтэй хувь хүн, компани зээлийн эргэн төлөлт, жил бүр долоо хоног, сар, эсвэл зөвшөөрөгдсөн Сонирхсон үед надад и-мэйл та эргэн төлөлтийг хийж болно хэрхэн хамаарч Бид зөвхөн санал болгож байна Доллар, Pounds Евро зөвхөн өнөөдөр Холбоо барих Эдгээр Таны бүрэн мэдээлэл Бүтэн нэр .............. Зээлийн хэмжээ шаардлагатай ..... Зээлийн хугацаа ........... Утас .......... .......... Өмнө тавигдаж буй Төрийн ........... Сарын орлого нь ......... Улс ...... Morrisjohn1239gmail.com Та бидний бизнесийн и-мэйл энэ илгээх хэрэгтэй
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • morrison (41.203.69.4)
    Би баталгаатай зээл өгөх нь хувийн зээлийн зээлдүүлэгч байна нийт 3-ийн хүүтэй ноцтой сэтгэлгээтэй хувь хүн, компани зээлийн эргэн төлөлт, жил бүр долоо хоног, сар, эсвэл зөвшөөрөгдсөн Сонирхсон үед надад и-мэйл та эргэн төлөлтийг хийж болно хэрхэн хамаарч Бид зөвхөн санал болгож байна Доллар, Pounds Евро зөвхөн өнөөдөр Холбоо барих Эдгээр Таны бүрэн мэдээлэл Бүтэн нэр .............. Зээлийн хэмжээ шаардлагатай ..... Зээлийн хугацаа ........... Утас .......... .......... Өмнө тавигдаж буй Төрийн ........... Сарын орлого нь ......... Улс ...... Morrisjohn1239gmail.com Та бидний бизнесийн и-мэйл энэ илгээх хэрэгтэй
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • nyam (202.5.196.170)
    үнэхээр ухаалаг хүн шүү, ажил амьдралд нь сайн сайхныг хүсье
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • deslegch (99.167.82.107)
    ih uhaalag zub yrijee.ajild amjilt husie
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.200)
    Saihan l yarijee Baasandaa amjilt
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • Уккк (182.160.44.215)
    Кукк
    2014 оны 04 сарын 15 | Хариулах