Бид ямар тоглоомоор тоглож ирсэн бэ ?

Монгол уламжлалт тоглоом наадмыг зэрэг дэв , зориулалтын шинж байдлаар нь нь аж байдлын тоглоом наадам, цаг улиралын ёслол цэнгээн, төр ёсны баяр наадам хэмээн гурван ай болгодог байна.

Аж байдлын тоглоом наадгайд: Шагай харвах, морин бөмбөг намнах, чөмөг сээр чичих, дал шавдах тэргүүтэнд насанд хүрэгчид голлодог бол чулуугаар гэр барих, шагай, чулуу, хоргол таалцах, гүү саах, цагаан тэмээлцэх, чоно тарвагацах зэрэгт хүүхэд багачууд  дангаар зонхилно.

Эдгээрээс шагайн тоглоом нь дотроо: морь уралдуулах, гүү саах, шагай атгах, шагай таах, бөгцөг няслах,  хомбороо хаях, дөрвөн бэрх орхих, тэмээ ботголуулах, алаг мэлхий өрөх, мөсөн шагай харвах зэрэг олон төрөлтэй.

Чулуун тоглоомд: айл гэр болох, гүү саах, ус долоолгох, чулуу таалцах, шар хөллөх, чулуу шидэх, хуц мөргөлдүүлэх, дүүгүүрдэх, онч сорих  зэрэг тоглоом багтдаг байна.

Модон тоглоомд: тэрэг, чарга, даалуу, үүчүүр, хорол баясгалан, хэл хуур, ташуур тавих зэрэг багтана.

Уламжлалт хөлөгт тоглоомын төрөлд:  Шатар, Буга, Панжига, Тооно, Үүд,  Эв долоо гэх мэт 100 гаруй тоглоом багтана.

Аман тоглоом наадгайд: Чоно тарвага болох, дунд хуруу олох, сүмбэр уул босгох,  хомхой /долоовор/ хуруу барих, хул тоолох, цагаан лонх тоолох, мэлхийдэх, дэмбээдэх,   хуруудах, хэл зүгшрүүлэх үг,  жороо үг,  дайралцаан, хуурчдын гар таах үг, асуух нуруу шинжих, тааварт бодлого бодуулах зэрэг орно.

Оньсон тоглоомд: Цахилдаг зангидах, сампин зангидах,  мөн тод төмөрлөгөөр  үйлдсэн , угсрах, эвлүүлэх, зангидах,  задруулах, гаргах наадгай гэх мэт олон төрлийн оньс байна.  Оньслох тоглоомд даруулах, шургуулах, давуулах, дагуулах, ороох, углах, өшиглүүлэх, тээглүүлэх, нэхээс, сүлжээс зэрэг гол үйлдлүүд байна.

Спорт тоглоомд: Бөх барилдах, морь уралдах, сур харвах, морин бөмбөг намнах, тээнгэ шүүрэх, алчуур шүүрэх, ташуур тавих, сур цохих зэрэг багтана.

 

О.Намуун