Туг Сүлд эрхэмлэл – Утга учир

Монгол улсын төрийн сүлдний үүссэн түүх 2000 гаруй жилийн өмнө анх Монгол газар үүсч бий болсон Хүннүгийн үед холбогдоно. Сурвалж бичгийн мэдээнээс үзвэл Хүннү нарын эрхэмлэдэг сүлд тэмдгийн зүйлд нар, сар, гал, буга, гөрөөс, жигүүртэн шувууны дүрс оролцож байсан байна. Эдгээр сүлд тэмдэг нь эртний хөшөө дурсгал, эд өлгийн зүйл, хадны сүг зураг, тамга тэмдэгт  дүрслэгдэн манай үед хүрч иржээ. Сүлд хэмээх үгийн утга нь Сүнэсү, Сүлдэ буюу сүлд гэдэг үгтэй язгуур нэг , “амин гол” гэсэн утгатай аж.

Эртний Монголын сүлд нь Мөнх тэнгэрийг төлөөлсөн нар, сар, ертөнцийн  гэгээ илч, мандал бадралыг бэлгэдсэн галын дөл хйигээд эртнээс нааш ан гөрөөндөө хэрэглэж байсан эрэмгий зоригт шонхор шувуу, элдэв хэргийг үтэр түргэн бүтээдэг эрдэнэт ажнай хүлэг морины дүрс, үс хялгасны туг  / түүдэг / - ээс бүрэлдэж байв.  Үүнээс туг гэдэг үгийн утга нь туг үс, түүдэг туг, туг сүүл гэх мэт “бөөн  үс” гэсэн утгатай аж.

Нүүдэлчин  малчин түмэн малаа хүндлэхдээ түүний содон үс, жишээлбэл адууны дэл сүүл, тэмээний шил, өвдөг, зогдор, хонь малын үснээс туг үсийг  авч нандигнан тахидаг заншилтай тул адууныхаа дээд үс хялгасаар тийнхүү хүн ард , улс гүрний хийморь, цогийг бадруулах сүлдний цогцос болгон хар, цагаан, алаг хялгасан туг бүтээсэн бөгөөд  түүнээ ялгуухи  сүлд хэмээн нэрлэж заншжээ.

Хар сүлдний тухай домогт өгүүлэхдээ: Чингис хаан удаагийн дайнд ялагдах болсонд хурмаст тэнгэрээс хар сүлдийг саглагар модон дээр  буулгасан тул Чингис Мухулайг томилж, хар сүлдийг хээр азарганы мундаан дээр залан  буулгаснаас дайнд ялж, тус тугийг хар, эрээн азарганы дэлээр хөхөл зуулгаж “мянган олноо базааж түмэн өтгөөр / шүүсээр / тахидаг болсон” гэж гардаг.

Цагаан сүлд нь сүлд маягийн очир заламын доорхи цараас 81 билгүүнд / нүдэнд / тасмаар зуулгуулж сагсайлгасан цагаан хялгасан туг болно. Найман талд нь найман элч сүлдийг босгон холбоно. Цагаан сүлдийг гурван жилд нэг удаа тахидаг байв. Цагаан сүлд нь Чингис хааны язгуурын сүлд бөгөөд түүнийг гэрт байрлуулж , оройг нь тооноор цухуйлгадаг байсан ажээ.

Эртний монголд сүлд, туг хэмээх нь их шүтээн оролцсон төрийн есөн  их бэлгэ гэж байсан нь нэг ёсондоо сүлдэлсэн эд юмс, сүлдэн тэмдгийн бэлгэдлийг агуулсан зүйл болно. Түүхийн сурвалжид өгүүлснээр: “хаан хүний харъяат гурван их үйл, дөрвөн их төр, зургаан үлгэр, долоон бин, есөн бэлгэ” гэх ба түүнээс есөн бэлгэ нь хаан хүний олноос онцлогдох есөн бэлгэ тэмдэг ажээ.

Тэрхүү есөн бэлгэ бол: түг түмэн цэргийг аюулгагч хараа их хар туг, хамаг бүгдийг хөдөлгөгч хашгираа ихт улаан бүрээ, бие сахих  хүчин ихэт – алтан хор  / сум / , олонд өргөгдөх гэрэл сацрангуй шар шүхэр, засаг явуулах – хурц илд, чийрэг сайн – алтан эмээл, төр тогтоох – ээл ихт хүнд бүс, хүнд суудлын – өндөр талбич исэр, сэнтий, түшээ сайт өрлөгүүд болох ажээ.

Энэ ойлголт уламжлагдсаар аажимдаа Энэтхэг , Төвдийн төрийн бэлгэдлийн зүйлсээр солигдсон байна. Тэр нь юу вэ ? гэвэл хаан төрийн долоон эрдэнэ хэмээгч хүрд, чандмань, хатан , түшмэл, заан, морь, жанжин ордог.

Монгол улс 1911 онд Богд хааныг төрийн тэргүүнээр өргөмжлөөд дээрх долоон эрдэнийг биетээр буй болгосон байна.Манжийн эрхшээлээс салсан энэ түүхэн үед үндэсний төр улсаа дахин сэргээхдээ монголын эртний уламжлалт сүлдэн тэмдгийг тухайн цагийн байдалд нь  нийцүүлэн  зохиож  хэрэглэсэн билээ. Энэ нь Монгол улсын төрийн албан ёсны эрхэм дээд бэлгэдэл , онцгой тэмдэг болгон хуулиар тогтоосон соёмбо сүлд юм.

Соёмбо үсгийг өндөр гэгээн Занабазар 1686 онд зохиосон. “Өөрөө гарсан гэгээн” гэсэн утга бүхий соёмбо үсэгт Монголын эртний сүлдэр болох нар, сар, галын дүрсийг  соёмбод агуулж, сав шим ертөнц, орон цаг, хүн амьтан, төр улс, арга билгийг бэлгэдсэн гүн утгатай тул тийнхүү төрийн сүлд болж, улсын туг далбаа, тамганд оролцох болжээ.

Төрийн бэлгэдлийн бас нэгэн чухал махбодь нь төрийн тамга байдаг. Сурвалж бичигт дурдсанаас үзэхэд  Хүннү улсын хаан шаньюй төрийн  тамгатай байсан ба IV зууны үед мандаж байсан монгол угсааны Тоба улсын хаан “Хүрэн цэцэг” оосортой алтан тамга хэрэглэж байжээ. VIII зууны үед найман аймгийн тэргүүлэгч мөн алтан тамгатай байсан ба түүнийг тамгач хэмээх тусгай албаны хүмүүс хадгалдаг байжээ.

Их Монгол улсын Чингис хааны төрийн хас тамгаас гадна Мухулай зэрэг цэргийн  жанжин, тэрчлэн өөрийн гуравдугаар охин Алга бэх зэрэгт тодорхой нутаг мужийг  ерөнхийлөн захирах эрх олгож, алтан болон гуулин тамга соёрхож байсан мэдээ байдаг.

1911 онд төрийн тусгаар тогтнолоо сэргээн зарласны дараа Богд хааны тамганд монгол бичигээр “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт богд хааны тамга” хэмээн бичиж хэрэглэж байсан ажээ.

Харин Ардын засгийн газрын тамгын үүсэл нь 1921 оны 3 дугаар сарын 13 –нд тавигдсан бөгөөд “Монгол Улсын Ардын Засгийн Газрын Тамга” гэсэн үсэгтэй болд тамга үйлдэн хэрэглэж байжээ.

Үүний дараагаар 1992 онд батлагдсан Монгол улсын үндсэн хуулиар төрийн тамганы  шинэ загварыг баталж “Төрийн тамга нь дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар арслангийн дүрс бүхий  бариултай байна.” хэмээн заасан байдаг.

Эх сурвалж: “Монголын соёлын түүх”