С.Дэмбэрэл брэнд хэрэглэдэггүй ч, брэнд толгойтой нэгэн гэнэ шүү

Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үнэтэй брэнд өмсдөггүй, сайндаа 100 мянган төгрөгийн үнэтэй гурал өмсдөг тухайгаа ярьжээ. Тэрбээр “Хувцаслалтын хувьд нэг их үнэтэй том брэнд өмсөөд байх шаардлагагүй. Хамгийн гол нь өөртөө тохирсон цэвэрхэн л байх ёстой. Би өөрийгөө мундаг гоё хувцасладаг гэж бодохгүй байна. Миний өмсөж байгаа костюм ямар ч брэнд биш, жирийн л нэг костюм. Гутал маань хөөрхий, сайндаа 100.000 мянгын л үнэтэй. Тааруулж өмсөх соёл их чухал.

Би гадныхантай их уулздаг, Танхимын дарга нь гээд навсайсан юм сууж байж болохгүй биз дээ. Эхлээд миний хувцсаар угтана. Дараа нь би Монголынхоо тухай, эдийн засгийнхаа тухай ярина. Тэр хүнийг ангайтал ярьж чадвал, намайг ухаанаар минь үднэ. Ийм л зарчим баримталдаг. Гадаадад бол асар их уригддаг. Монголынхоо нөхцлийг дэлхийн эдийн засагтай холбоод, цаас харалгүйгээр шууд дуржигнуулаад ярьчихдаг учраас хурал удирдах, модератор хийхээр ялангуяа сүүлийн жилүүдэд их уригддаг болсон. Олон улсын хурал удирдаж байна. Саяхан гэхэд Ази Номхон далайн худалдааг дэмжих перзентаци тавилаа. Сая захиа ирлээ. Ямар ч дүрэмгүй байгууллага л даа. “Мистер С.Дэмбэрэл. Сая болсон хуралд маш сайхан перзентаци тавьсан тул хэрэв татгалзахгүй бол урамшуулалд нь хэдэн доллар өгөх гэж байна. Үүнийг хүлээж авч болох уу” гэсэн утгатай. Одоо олон улсын байгууллагууд хувийн хэвшлийг их сонирхдог болсон. Хуучин үед засаг төртэй их харьцдаг байсан.

 Ямар ч асуудлаар хувийн хэвшилтэй харьцаж шийдвэр гаргасан нь хамаагүй үр дүнтэй болдог юм байна гэсэн энгийн үнэнийг ойлгочихсон учраас одоо ингэж өөрчлөгдөж байна. Ямар ч гэсэн Монголынхоо нэр хүндийг 100 хувь аваад гардаг хүн дээ. Үүгээрээ харин бардам онгирчихъё. Хүн хувцаслалт, үс, цаг, зангиа нь зохицсон байх ёстой. Би л хээгүй хүн гээд үүндээ анхаарахгүй байж болохгүй. Ер нь Америкууд маш муу хувцасладаг. Европ сайн, Япончууд сайн, Солонгос бүүр сайн. Азийн моод одоо Солонгосоос гарч байна. Гонконг Азийн моодны төв. Ази Европын соёл холилдсон, европжсон Азиуд тэнд байна. Манай Монгол их сайн, яагаад гэвэл даган дууриах чадвар сайн хөгжсөн. Солонгос залуучуудыг дууриагаад дорхноо л үс зүс, хувцсаа өөрчилчихдөг.

Юмыг нутагшуулах чадвартай. Ааваараа жишээ авъя л даа. Манай аавын ЗИС-150 гэж модон хаалгатай машины тоормос элэгдээд хутга шиг болчихсон байсан гэсэн. Тэгэхэд л тэр хүн өөрөө янзлаад, 1 сая километр зам явна гэдэг гайхамшиг мөн биз дээ. Монгол залуус цахилгаанаар явдаг машин хийчихлээ. Би тэр машин дотор нь сууж, байшингаа тойрч үзлээ. Дажгүй юм билээ. Маш бага бензин иддэг юм байна. Манайхан бүтээх чадвар сайтай.  Хээр талд байгальтайгаа харьцдаг хүний ухаан их тэлдэг. Дээр нь манай Монголын мах маш сайн. Арвайн гурил маш сайн. Би өглөө бүр арвайн гурил иддэг. Одоо арвайн гурилыг чулуугаар тээрэмдэж байна. Тэр нь бүтээмж муутай. Зэвэрдэггүй гангаар хийсэн гар тээрмийг Германаас авчрах гэж байна. Тэрийгээ арвайн гурил хийдэг хүмүүстээ лизингээр өгчихнө” хэмээн ярьж байжээ.

Б.Ирээдүй