Гадаад хэргийн яам талийгаачдийн ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцаа дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлдэг

Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Н.Батаа мэдээлэл хийлээ.  Гадаад хэргийн яамнаас 2014 онд хилийн чанадад байгаа Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн болон 2015 гарсаар хийж гүйцэтгээд байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, консулын газрын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулав.

Бүгд Найрамдах Чех Улсад ял эдэлж байсан 1, Бүгд Найрамдах Солонгос Улсад ял эдэлж байсан 2, Бүгд Найрамдах Казахстан Улсад эдэлж байсан 2  иргэнийг шилжүүлэн авах ажлыг 2014 онд Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газар болон холбогдох Дипломат төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлжээ.

Мөн 2014 онд хилийн чанадад манай улсын 297 иргэн гэмт хэрэгт холбогдсон, 19 оронд 165 иргэн ял эдэлж байснаас гадна 122 иргэн суллагдсан буюу албадан буцаагдсан бөгөөд дээрх иргэдийг эх оронд нь буцаах асуудлыг холбогдох Дипломат төлөөлөгчийн газрууд суугаа орны эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн байна.

2014 онд хилийн чанадад 86 иргэн нас барсан бөгөөд талийгаачийн ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцаа дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлж ажиллав.

2015 оны 4 дүгээр сарын байдлаар гадаадын 13 оронд Монгол Улсын 103 иргэн ял эдэлж байна. БНХАУ-ын Зэ Жиан мужийн Ханжоу хотын Эмэгтэйүүдийн хорих газар хар тамхины хэргээр хоригдож байсан Монгол Улсын иргэнийг Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан ялтан солилцох гэрээний дагуу 2015 оны 1 дүгээр сард дотоодын холбогдох байгууллагатай хамтран эх оронд нь шилжүүлэн авчрах ажлыг зохион байгуулсан бөгөөд 2015 онд багтаан БНХАУ-д ял эдэлж буй 3, БНСУ-д ял эдэлж буй 2 монгол иргэнийг ялтан шилжүүлэх хэлэлцээрийн дагуу эх оронд нь шилжүүлэн авчрахаар ажиллаж байна.

Мөн 2015 оны эхний 4 сарын байдлаар хилийн чанадад 33 иргэн нас барсан бөгөөд тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, ар гэрийнхэнд нь тухайн улсын виз авахад туслах, шарил чандрыг эх оронд нь ирүүлэх арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, бүх талаар дэмжлэг үзүүлэх, шарилыг чандарлах, нутаглуулахад Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас тусламж олгох зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж ирлээ.