Яруу найрагч Х.Тэргэл хүүхдийн байгууллагыг С.Амгаланаар удирдуулахыг санал болгов

Алс хол АНУ-д суугаа яруу найрагч Х.Тэргэл МАН-ын удирдлагуудад хандан фэйсбүүк хуудсандаа ийм захидал бичжээ:

Хүүхдийн инээдэнд сэтгэл нь хөдөлдөггүй улс төрчид хүүхдийн нэрээр хөлжиж, албан тасалгааны цонхоор Монгол хүүхдийн ирээдүйг цэвдэг сэтгэлээр шийдэх учиргүй. Одоо дагаж намирсанд нь бус чин сэтгэл, зүтгэл чадвартайг нь олж хүүхдийн байгууллагуудын удирдлагад томилохыг эрх баригч МАН-ын удирдлагуудаас хүсье!

Би та нарт нэгэн эгэл жирийн багшийг санал болгоё. Түүнийг “Авъяас” хүүхдийн ордны багш С. Амгалан гэдэг. Хүүхдийн “Сурагч” сонинг эрхлэн гаргаж, олон зуун хүүхдийг урлаг спортын дугуйлан секцэнд хамруулж, хүүхдийн урлагийн наадмууд зохион байгуулж завгүй гүйж явдгийг сайн мэдэх юм. Энэ хүн олон жил хүүхдийн төлөө ёстой л хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Хамгийн гол нь хийсэн ажилтай хүн. Мундаг менежэр, сайн ч багш. Түүнийг мэдэх хүн бүр “Амгаа багш хүүхдийн төлөө төрсөн хүн” гэлцдэг. Түүнийг Монголын хүүхдийн аль нэгэн байгууллагын удирдлагаар ажиллуулвал жинхэнэ нүдээ олсон томилгоо болох юм. Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын хүүхдийн ордон, “Найрамдал” зуслан, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар зэрэг хүүхдийн нэртэй олон байгууллагууд бий. Би байтугай олон нийт эдгээр байгууллагыг ямар хүн удирдаад байгааг огт мэддэггүй. Энэ маш муу хэрэг. Эдгээр байгууллагын алийг нь ч С.Амгалан итгэл төгс удирдаад явж чадна. МАН бол боловсон хүчний бодлогодоо их анхаардаг тулхтай нам. Та бүхэн миний энэ санал болгох хүнийг дэмжвэл олон нийт маш таатай хүлээн авах болно. Түмний хүүхдийн төлөө амьдралаа зориулах сэтгэлтэй БАГШ хүн л хүүхдийн байгууллагыг удирдаасай.

Яруу найрагч Хулганайн Тэргэл

Чикаго хот