Яагаад хаалттай шүүв, яагаад тагнуулын байгууллага шалгав, яагаад...?

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хоёр шатны шүүхээс ял сонсоод буй  Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд Шүүхэд болох байсан. Тэгвэл өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдож, энэ сарын 28-ны  09:00 цагт болохоор товлогджээ. Ер нь бол С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт нэр бүхий гурван хүнийг холбогдуулан шалгаж улмаар шүүхээс ял оноосон явдал өнгөрсөн хугацаанд нийгэмд талцсан байр суурийг дагуулж ирсэн юм.

Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа өнөөдөр хэлэхдээ “Энэ хурлыг нээлттэй  олон түмнийхээ нүдэн дээр хийлгэх хэрэгтэй. Үүнд Дээд Шүүх л бидэнд туслах хэрэгтэй байна.

Хаалттай явуулбал өмнөх хурлын шийдвэрийн дагуу болох байх гэж эмзэглэж байна. Шүүх хурлыг нээлттэй явуулах саналыг бид олон удаа өгсөн” гэжээ. Тэгсэн ч тэдний хүсэлтийг шүүх хүлээж аваагүй байна. Мөн С.Зориг агсны ах, дүү ч шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг хуулийн байгууллагад гаргасан ч, хүлээж авахгүй байна гэдгийг хэлж ярьж ирсэн. Түүнчлэн С.Зориг агсны ах С.Баяр хаалттай шүүх хурлыг орхин гарч байсан билээ.

За мөн Олон улсын парламентын холбооны зүгээс шүүх хурлыг хаалттай хийж буй асуудалд анхаарал хандуулж, яагаад хаалттай хийж байна вэ гэдэг асуултыг манай нөхдүүдэд тавьсан байгаа. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “25 дугаар суваг” телевизээр ярилцлага өгөхдөө  “Олон улсын парламентын холбоо 1998 оноос хойш энэ хэргийг хяналтдаа авчихсан, жил болгон тайлан нэхэж байдаг. Сая шийдвэр гарснаас хойш надад гурван удаа бичиг ирлээ. Та нар яагаад энэ хэргийг хаалттай хийж байгаа юм бэ, Яахаараа энэ хэргийг Тагнуулын байгууллага шалгадаг юм бэ, Яахаараа Б.Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчихоод шүүх хуралд оруулдаггүй юм бэ гэсэн асуудал тавьдаг” хэмээн ярьж байсан. Тэгвэл өнөөдөр  Олон улсын парламентын холбооны ээлжит 136 дугаар Ассамблейн хүрээнд болж буй Парламентын хүний эрхийн хорооны хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Тодотгоход,  тус холбоо 2009 онд болсон 121 дүгээр Ассамблейн үеэр  19 орны 238 парламентын гишүүний 289 хэргийг хэлэлцэж байсны дотор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг багтаж байсан байдаг. Түүнчлэн тус холбооны зүгээс уг хэргийг хяналтдаа өнгөрсөн жилүүдэд байлгаж ирсэн бөгөөд анхаарал татсан асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн, албан бичгүүдийг манай улс руу олонтаа илгээсэн байдаг.

Тухайлбал,  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт түүний эхнэр Б.Булганыг нэг жилийн хугацаандл хорьж, шалгасан.  Тухайн үед Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булганыг сэжиглэн шалгаж буй болон сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан манай улсад тайлан, зөвлөмж ирүүлсэн байдаг. Тус зөвлөмжийг Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 198 дугаар чуулганы хуралдаанаас санал нэгтэйгээр батлан гаргасан. Зөвлөмжид “1990-ээд онд Монгол Улсад үүссэн ардчилсан хөдөлгөөний эцэг хэмээгдэх бөгөөд 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр амь эрсэдсэн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн хрдбогдолтой хэрэг болон 197 дугаар чуулганы хуралдаанаас гаргасан шийдвэр (Женев, 2015 оны аравдугаар сар)-тэй холбогдуулан, ОУПХ-ны Парламентын гишүүдийн хүний эрхийн асуудал эрхэлсэн хорооны дэд ерөнхийлөгч хатагтай Маргарет Киенер-Неллен тэргүүтэй төлөөлөгчдийн 2015 оны есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгийн тухай тайлан (СL/198/12(b)-R.1), түүнчлэн нэхэмжлэгчид болон гуравдагч этгээдээс ирүүлсэн шинэ мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчдийн тайлан нь тэдний урьдчилсан судалгааны үр дүнг бүрэн нотолж, дараахь үндсэн дүгнэлтүүд агуулж байгаа болохыг харгалзан үзсэн болно” гээд “Мөрдөн байцаах ажиллагаа бараг 18 жил тасралтгүй үргэлжилсэн боловч хэн нэгнийг хариуцлагад татаагүй байгаа бөгөөд нууцлагдмал байдлаар хэвээр үргэлжилж буй. Энэхүү хүн амины хэрэг нь далдуур хийгдсэн улс төрийн аллага гэсэн ойлголт өргөн тархсан хэвээр байна. Мөрдөн байцаалтыг тойрсон хэт нууцлаг байдал, мөн түүнд ахиц гарахгүй байгаа байдал нь мөрдөн байцаах ажиллагаанд түүнчлэн үнэнийг тогтоох улс төрийн үнэн хүсэл зориг байгаа эсэхэд итгэх итгэл үнэмшлийг ихээхэн хэмжээгээр мохоож байна. С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг илрүүлэх ээлжит оролдлого нь эдүгээ улс төрийн чанартай хоосон амлалт хэмээн өргөн олонд ойлгогдох болсон. Мөрдөн байцаах ажиллагаа нь үр дүнд хүрэхгүй байгааг тайлбарлах олон хүчин зүйлийн нэг нь улс төрийн оролцоо байж болохыг үгүйсгэх аргагүй…

Түүний байдлыг Монголын холбогдох эрх бүхий бүх байгууллага, түүний дотор төрийн тэргүүн, УИХ-ын Хүний эрхийн хорооны дарга болон бусад гишүүд, мөн Хүний эрхийн үндэсний комисс сөхөн тавьж байсан боловч ямар нэг хариу өгөөгүй бөгөөд Булганыг цагдан хорих нөхцөл өөрчлөгдөхгүй хэвээр байна. Эх сурвалжуудын нотолж байгаагаар, гэм буруугүйн презумпцийг үл хүндэтгэхээс гадна Булганыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж мөн олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчин хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байгаа ажээ. Мөрдөн байцаах ажиллагаа эхэлснээс хойш түүнийг ийнхүү хоёр дахь удаагаа хорьсон байна…

…Монголын эрх бүхий байгууллагуудын зүгээс ямар нэг хариу арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга, ерөнхий прокурорын орлогчийн зүгээс амалсан мэдээллийг яаралтай авахыг хүсч байна. Улмаар хэргийн холбогдолтой үйл явдлын талаар тогтмол мэдээллэж байхыг дахин хүсье хэмээн өгүүлсэн байна.

Монголын холбогдох бүх байгууллага, тухайлбал, ерөнхий прокурор, түүний орлогч, түүнчлэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад Үндэсний аюулгүй зөвлөлийн гишүүдийн хувьд С.Зоригийн амь насыг хороосонтой холбогдуулан гаргасан шийдвэрийн дагуу шударга ёс ялахын төлөө өөрсдөөс хамаарах бүхнийг хийхийг дахин зөвлөмж болгож байна.

С.Зориг агсны эхнэрийг хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байна гэх ноцтой мэдээ сонсоод, мөн үүнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас өгсөн мэдээлэл байхгүй байгаад цочирдож, гүнээ санаа зовж байна. Холбогдох хууль тогтоомжийг хатуу баримтлан түүнийг даруй суллахыг уриалъя. Түүнийг хэрэгт сэжигтнээр татах ямар нэг нотлох шинэ баримт байгаа бол зөв зохистой ажиллагааны хэм хэмжээг, түүний дотор гэм буруутайг нотолсон шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл гэм буруутайд тооцохгүй байх эрхийг бүрэн хэмжээгээр ямагт дээдлэн хүндэтгэх ёстой. Урьд өмнө мөрдөн байцаах ажиллагааны явцад сэжигтэнтэй буруу харьцаж, албадан мэдүүлэг гаргуулж байсан. Тухайлбал, мөрдөн байцаах ажиллагаа дөнгөж эхлэх үед дээрхтэй төстэй нөхцөлд Булганы анх баривчилж байсантай холбогдуулан хэд хэдэн тохиолдолд санаа зовниж байгаагаа илэрхийлж байсныг мартаж болохгүй. Хороо энэхүү хэргийг үргэлжлүүлэн судалж, зохих ёсоор эргэж тайлагнахыг хүсч байна” гэсэн байдаг.

Тэгвэл шүүхээс хэргийг шийдвэрлэж, нэр бүхий гурван хүнд ял оноосны дараа  Олон улсын парламентын холбооноос гурван ч удаа албан бичиг ирүүлсэн хэмээн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлж байсан юм. Тэдгээр албан бичгүүдийн агуулгыг тодотговол,  хэргийг яагаад хаалттай шүүв, хэргийг яагаад Тагнуулын байгууллага шалгав, Б.Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчихоод шүүх хуралд  яагаад оруулахгүй байна вэ гэдэг асуудлуудыг хөндсөн юм байна.

Эх сурвалж: Hunnu.mn