Ю.Цэдэнбал агсан “Би нутагтаа очъё, намайг явуулаад өг” гэж уйлж байжээ

Ардчиллын салхи дэгдсэн жилүүдэд 20 дугаар зууны түүхийг тэрчигт нь харлуулах хандлага байв. Социализм, ардчилал хоёрын зааг дээр Ю.Цэдэнбал агсныг элдэвлэх үйл хэргийг тухайн үеийн УТТ-ныхон оройлон дэглэж байсан гэдэг. Тиймээс ч Монголын төрийг хагас зууны турш удирдсаны эцэст, золгүй тавилантай нүүр тулсан тэр хүний тухай дуугарсан “Ю.Цэдэнбал эрин зууны түүхэн элч” номын зохиогч МУИС-ийн профессор, Тvvхийн ухааны доктор Ц.Жамбалсүрэнтэй уулзаж ярилцаж байснаа хүргэе.

Эрх баригчид өнгөрсөн онд Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ.

 

-Бараг хагас зуун жил Монголын төрийг жолоодсон Ю.Цэдэнбал агсны тухай бүтээл гарсаныг дууллаа. Ер нь энэ хүний тухай ихэвчлэн муучилсан өнгө аястай ярьдаг, бичдэг шүү дээ?

-Нийгэм шинэ зурвас үе рүүгээ орчихлоо. Тэгэхээр өмнөх үедээ анализ хийх естой. Ю.Цэдэнбал гуайг шүүмжлэлтэй талаас нь их ярьсан. Сүүлдээ шүүмжлэл нь дэндээд бүр гүтгэлэг болсон. Энэ хүний хувьд гүтгэлэг нь дэндээд бүр хэлмэгдүүлэлт болсон. Тэр ч үүднээс 90-ээд оны дундуур “Энэ хүнийг нарийвчилж судлая” гэдэг санаа төрснөөс хойш арваад жил судалж, дөрөв таван ном гаргалаа.

-А.Филатова гуайд гомдоллодог сэхээтнүүд цөөнгүй таарах юм билээ. Түүнийг Монгол төрийн үйл ажиллагаанд шууд оролцдог байсан гэдэг?

-Филатова гуай асар их хөдөлмөрч. Ажлын төлөө өөрөө ч зүгээр суудаггүй, хүн ч зүгээр суулгадаггvй, их өндөр шаардлагатай хүн байж. Тэр хэмжээгээр араншин ааш жаахан тааруу хүн байсан юм байна. Ер нь ааш нь ширүүн гэж олон хүн бичсэн байна. Хүнийг ааш араншингаар нь биш хийсэн ажлаар нь дүгнэх ёстой байх. Сайндаа ярьвал Монголын иргэн ч биш байсаң. Монголын хуралд ч нэг их оролцдоггүй. Зөвлөлтийн иргэн тул сонгуульд ч оролцдоггvй байсан байна. Хичнээн Монголын төлөө зүтгэлээ ч гэсэн Зөвлөлтийн иргэнээ энэ олон жил хадгалсан түүнийг би эх оронч эмэгтэй гэж боддог. Нөхөртөө бол насан турш үнэнч байсан. Өөрөө “Би төрөлхийн чанга муухай дуутай. Тэр маань хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлдэг байж болох юм” гэж бичсэн л байна лээ. Гэхдээ тэр хүн ямар ч хөдөлмөрийн баатар, ямар ч сайдаас илүү л Монголын хүүхдүүдийн төлөө нойр хоолгүй арван жил зүтгэсэн хүн юм шүү дээ. Манайх шүүмжлэх дуртай юм чинь төрийн шагнал өгчихлөө, Соёлын гавъяат өгчихлөө гэж шүүмжилж л байдаг. Гэтэл тэр битгий хэл хүмүүс юу хийгээд шагнал аваад байгаа билээ. Тэгэхэд тэр хүн Найрамдал зуслан, 50, 60 сум орон нутагт байгуулсан хүүхдийн цэцэрлэг комплексууд, хүүхдийн парк гэх мэт хүүхэдтэй холбоотой бүх л юманд туслаж, их ч юманд оролцдог хүн байж. Энэ хүн ингэж бужигнуулсны үр дүнд асар их хөдөлмөр хийсэн хүн. Мэдээж нөхөртөө нөлөөлөлгүй яахав. Гэр оронд лекц уншдаг, саналаа хэлдэг л байсан биз. Гэхдээ Филатова гуай “Цэдэнбал хүний амаар явдаггvй сонин хүн байсан. Хичнээн эелдэг даруу ч гэлээ гэсэн юмаа их олон талаасаа бодож байж өөрийнхөөрөө шийддэг. Цэдэнбалын “Тэгэх нь зvйтэй” гээд судалгааны үндсэн дээр тогтсон юмнаас нь би битгий хэл, хажуу тийш болгочихож байсан хvн ховор байх” гэж Филатова гуай бичсэн байсан.

-Та Монголын нам, төр засгийн нэрт зүтгэлтний тухай арваад жил судлахдаа хувь хүнийх нь тухай ч сонин содон их зүйлийг мэдэж авсан байх?

-Цэдэнбал гуайн нэг их айхтар чанар бол улс төрийн өндөрлөг, том албан тушаал руу төрөл төрөгсдөөсөө бараг гаргаагүй байна. Би судалж үзэхэд нэг дүү нь гучин жил худалдааны системд ажиллаж байж сүүлдээ орлогч сайд болсон байна. Нэг ачийнх нь нөхөр хэдэн жил орлогч сайдын зиндааны ажил хийсэн байна. Өөр ерөөсөө тийм юм байхгүй. Тийм хүн эхнэртээ захирагдаад байсан гэдэг юу л бол. Ер нь эхнэр нь оролцож өөрчлүүлсэн сайд дарга гээд 4-5 хүний нэр ярьдаг л юм. Би тэр үеийн 300 гаруй хүний дурсамж, дурдатгал авч цуглуулахад 15 жил хажууд нь ажилласан хүн ч, цуг ажилласан дарга нар нь ч “Ерөөсөө хүн загнадаггvй чичлэдэггүй. Хүн рvv чанга дуугарч давшилж ярьдаггүй хүн байсан” гэдгийг нь бичсэн байна. Харилцааны соёл бол их өндөр л хүн байсан юм байна. Их зөөлөн, хүнд итгэчихдэг. Хүрээлэл багатай учраас тэдэндээ л итгэдэг. Би энэ түүхийн гэрч болсон олон талын үзэл баримтлалтай, сөрөг хүчнийхэн, өөрийнх нь хамтран зүтгэгчид. Монголын нийгмийн хамгийн нөлөөтэй эрдэм боловсролтой, дэлхийд алдартай эрдэмтэн мэргэд томчууд болон жирийн хүмүүсийн гэх зэрэг маш олон хүний дурдатгалыг номондоо оруулсан.

-Бидний монголчууд шилжилт, өөрчлөлт гэж хөлөө олохгүй бужигналдаж байсан үед Бал дарга ч хүний нутагт амаргүй он жилүүдийг туулсан гэдэг?

-Бал даргыг өөрчилсөн өөрчлөлтийг Үндсэн хуулийн бус аргаар хуйвалдааны замаар ард  түмнээ хууран мэхлээд, гадаадын коммунист нам, тагнуулын байгууллагыг энэ хуйвалдаандаа татан оролцуулсан үйл явдал. Настай хvнд ядаргаа гэх зэрэг юм байлгүй л яахав. Харин хүнд өвчтэй, хэвтэрт орчихсон ард түмнээ худлаа хуурсан. Хуйвалдаанд Монголын тэр vүийн УТТ-ны гишүүд, Цэдэнбалтай хамтарч ажиллаж байсан тэр хүрээний улсууд, энд байсэн Оросын элчин, КГВ-ын төлөөлөгч, тэнд очиж очиж коммунист намынх нь дарга М.Горбачев хүртэл холбогдсоныг бичихээс яахав. Монголын эрх ашгийн үүднээс, Монголын нам төрийг 44 жил удирдсән, МУ-ын баатар, МУ-ын хөдөлмөрийн баатар, МУ-ын маршал хүнийг социализм, ардчиллын зааг  үеэр яаж хэлмэгдүүлж хохироов. Тэгэхээр түүхэн үнэнийг хүмүүст хүргэх зорилт тавьсан юм. 84 оноос хойш 91 он хүртэл Монголын төр засаг тэр хүнд анхаарал тавьсангүй. Ганц эмч, сувилагч явуулаад туслуулсангүй. Нэг удаа эрүүл мэндийн үзлэгт оруулсангүй. Монголын ард түмний төлөө бүх насаа зориулсан, төрийн тэргүүн байсан, МУ-ынхаа иргэн хүнээ Монголын эрх баригчид мартаж орхисон. Бал даргад ч, Филатова авгайд ч тэтгэврийг нь ч өгөөгүй. Тэгээд болоогүй намаас нь хөөж байсан байна. Ерөнхийлөгч байсан П.Очирбат гуай шүүхийн шийдвэргүйгээр Хөдөлмөрийн баатар, Маршалыг нь хураагаад авсан. Тэр бол Үндсэн хууль зөрчсөн, хүний эрхийг зөрчсөн арга хэмжээ болсон. Гэр орныг нь гэхэд л гадны хүмүүс ороод цөмийг нь хуухайлаад, зарахыг нь зараад түйвээгээд хаячихсан. Ийм юм хийж байдаг төр засаг гэж байх уу. Аймшигтай хvнлэг бус юм хийсэн. Тэрэнтэй харьцуулахад Бал дарга 84-91 онд Москвад байхад толгой өвдлөө гэхэд нь л гэрт нь сувилагч ирээд тариа хийж өгдөг. Анхаарал их тавьж байсныг нь манайхан мэддэггүй. Тэр битгий хэл КГВ-ын дарга нь хамгийн баталгаатай хамгаалалттай районд 6, 7 өрөө байр өгч харж хандсан юм билээ.

үүхч, судлаач хүний тань хувьд асуухад Бал даргыг заавал цөлөх шаардлага байсан юм уу?

-Өөд болоход нь хажууд нь монгол сувилагч, монгол жолооч гэх зэрэг хүмүүс ерөөсөө байгаагүй юм билээ. Элчингийнхэн ч байгаагүй. Ямар сайндаа орос сувилагч нь “Хүн ингэж зовж байхад цаад хүмүүс нь хүнээ ингэж хаях гэж дээ” гээд нулимж байсан гэнэ лээ. Уг нь хүүхдүүд нь, дүү нь сахиж байсан ч шөнөд нь сахьдаггүй болохоор яг хажууд нь байж чадаагүй юм билээ. Тэр настай хүнд ямар ч Монгол арга сувипал, эмчилгээ хийгээгүй. Хүч тамир оруулдаг, ганц хонины шөл тэр хүн уусангvй. Монголын тал нутагт өссөн хүн ганц нар үзэлгvй Москвагийн төвийн чийгтэй агаар дунд, хажуудаа туслах сувилагчгүй байж. Авгай нь настай хүн байж байдаг. Хүүхдүүд нь ажил төрөлтэй болохоор гарч орж чадахгүй. Ер нь бол Бал дарга өөрөө “Ажил төрлөөсөө өөрчлөгдөнө. Нас өндөр боллоо, залуу улсуудыг гаргаж ирнэ” гэж хүмүүст ярьсан юм байдаг. Тийм байхад хүчээр хуурч аваачаад, эмнэлгийн хачин буруу онош гаргаад, тэнд хамгаалалтанд тусгаарлалтанд аваад л, энд худлаа хуралдацгаагаад санаа нь зовж байгаа юм шиг дүр эсгэцгээгээд байх шаардлагагүй байсан. Зүгээр л Үндсэн хуулийн аргаар хурлаа хийгээд байдпыг өөрт нь ойлгуулж болно. Эсвэл зөвлөлтийн хүндтэй хүнээр хэлүүлээд “Та хоёр ажлынхаа нэгийг өгч, ажлаа хөнгөл” гэж яагаад болохгүй байв гэж.

-Ж.Батмөнх дарга нарын төр засгийн толгойд гарсан хүмүүс   санаа тавиагүй юм уу? Ямар ч байсан нутаг руугаа ирэхийн туйлын хүслэн болсон хүн байдаг байсан гэдэг?

-Бүр “Би нутагтаа очъё. Миний паспорт аваад ир. Намайг явуулаад өг” гэж орилж уйлж чарлаж байсан гэдгийг нь хажууд талын хөршүүд нь надад хэлсэн. Тийм хүнд үе байсан шүү гэж байсан. Эндэх нөхдүүдийн хувьд өвчтэй, сэхээнд байна гэсэн хүнийгээ авчирчихаад гүйж яваа нь харагдвал ард түмэн биднийг хуурч байж гээд мэдчихнэ гэсэндээ нэг удаа ирүүлэхдээ гэрээс нь гаргаа ч үгүй, хүнтэй ч уулзуулахгүй, худлаа хамгаалж байна гэж байгаад л буцаасан. Нутаг руугаа явна гэж их ярьсан байна. Тэр үеийн эрх баригчид бүтэн жил биш юм гэхэд зунд нь нутагт нь нэг гэр барьж өгөөд амраагаад байсан бол хоол ундны хатуу дэглэмтэй хүн байж л байх байсан биз. Нас барахад нь  36 цагаан шүд нь бүв бүтэн байсан юм билээ. Тийм хүн ховор шүү  дээ.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Э.Болорхажид

  • зочин
    (103.212.118.252)
    Монголын ард түмний өмнө гавьяатай хүн дээ.
    2017-08-02T01:09:53Z