Хотын дарга С.Батболд “Голомт”-оос нийслэлийн өмчийг буцааж авна

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Хотын дарга С.Батболд үг хэлсэн юм. Тэрбээр  “Нийслэлийн өмнөх удирдлагууд “Голомт” “Бодь” групптэй гэрээ хийгээд захиргааны байрыг зарсан. Шүүх дээр маргаан явж байна. Энэний оронд байр сав барина гэсэн гэрээтэй. Нийслэлийн өмчөө яаж буцааж авах вэ гэдэг чухал болоод байна” гэсэн юм. Тэгэхээр чухам ямар учиртай наймаа болоод өнгөрсөн талаарх мэдээлэлд анхаарал хандуулъя.

“Голомт фаннэйшнил групп” ХХК нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй 6 давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай, нийт 17 037 м2 талбай бүхий барилга барихаар болсон байдаг. Гэхдээ энэхүү барилгынхаа 1-3 давхарыг л нийслэлийн өмчид шилжүүлэх бөгөөд  үлдсэн давхаруудыг нь тухайн компани барьж өгснийхөө хөлсөнд хүртэх гэж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм. Уг нь тус компани нь концессын гэрээгээр энэхүү ажлыг хийнэ. Энэ нь ажлаа эхлээд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэснийхээ дараа зарцуулсан хөрөнгөө нийслэлээс буцаан авах ёстой гэсэн үг. Гэтэл НИТХ-ын тэргүүлэгчид “Голомт фаннэйшнил групп” ХХК-д тухайн барилгыг барьсных нь төлөө өмчлөх, ашиглах эрх олгох шийдвэр гаргасан байдаг.

НИТХ-ын тэргүүлэгчид тавдугаар сарын 6-нд буюу сонгуулиас өмнө болсон хуралдаанаараа НИТХ-ын 2015 оны 32/31 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ нь Нийслэлийн Засаг захиргааны нэгдүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж шинээр барих гэж батлагдсан Концессын гэрээтэй холбоотой тогтоол бөгөөд үүнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь олны анхаарлыг татдаг.

НИТХ-ын тэргүүлэгчид “Голомт фаннэйшнил групп” ХХК-д тухайн барилгыг барьсных нь төлөө өмчлөх, ашиглах эрх олгох шийдвэр гаргасан байна. Учир нь уг тогтоолд заасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг гэх заалтанд дээр нь “спорт заалны хамт” хэмээх үгийг нэмж оруулсан байна. Мөн “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх” гэж батлагдсан Концессын төрлийг “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх, өмчлөх, ашиглах” гэсэн заалт оруулсан нь өнөөх концессын гэрээгээр ажил гүйцэтгэхээр болсон “Голомт фаннэйшнил групп” ХХК-д барилга барьсных нь төлөө ашиглах, өмчлөх эрх олгох боломжийг бүрдүүлж өгчээ. Ийнхүү гурванхан давхар барилгыг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхийн тулд НИТХ-ын тэргүүлэгч тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан “Голомт фаннэйшнил групп” ХХК-д хуульд заагаагүй давуу эрх олгож байгааг гайхах хүн олон байсан юм.Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж шалгаруулалтад “Голомт фаннэйшнил групп” ХХК шалгарсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар шалгаруулалтын урилга олон нийтэд хүрээгүй бөгөөд хотын захиргаа хавиар болоод өнгөрсөн гэж байсан юм.

Тэгвэл өдгөө уг асуудал шүүх дээр байгааг Хотын дарга С.Батболд хэллээ.

Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn