С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэргийг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцэж байна

Өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг  хэлэлцэж байна.

Сануулахад, хэргийг 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан байсан ч,  шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн байдаг. Тиймээс  шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгчийн мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг дахин хойшлуулаад байсан.

 Тэгвэл өнөөдөр шүүх хэргийг хэлэлцэж байна.

Эргэн сануулахад, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд удаа дараа  хандсан билээ.  Ц.Амгаланбаатарын шоронгоос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын утсанд илгээж байсан гэх мессежийг дэлгэсэн юм. Шүүхээс 24-25 жилийн ял оноосныг шударга бус хэмээн үзэж  байгаа тэд эрх баригчдад  Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй,  шударгаар явуулахыг хүсч байгаагаа хэлсэн. Мөн байцаалтын явцад батлан даалтаар гаргахыг хүсч байсан. Тэгвэл Давж заалдах шатны шүүх ялыг хэвээр үлдээсэн юм.

Хэрэг гарах үед буюу 1998 онд Б.Булганы өгсөн мэдүүлэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар огт таарахгүй байсан ч хуулийнхан энэ талаар огт мэдээлэл өгөөгүй. Шүүх хурлын дараа анхны ам зурагтай таарсан гэснээс өөрөөр Б.Булган хэрэгтнүүдийг таньсан гэж  хэн ч хэлээгүй. Тиймээс  давж заалдах шүүх хурлыг нээлттэй явуулж Б.Булганыг оролцуулж хэрэгтнүүдийг таниулах хэрэгтэй гэж ар гэрийнхэн нь хэлж байсан юм.

Тэднийг үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүнийг шатааж хөнөөсөн гэх мэдээллийг Ерөнхий прокурор өгч байсан.  Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал news.mn сайтад өгсөн ярилцлагадаа  “-Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор бүлэглэн  2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж, эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийн  хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар, санаатай шатааж амь насыг нь хөнөөсөн үйлдэлд нь ял сонсгон яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх энэ хэргийг нотлогдсон гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Энэ хэргийг илрүүлэхээр Тагнуул, Мөрдөн байцаах газар, Прокурор гээд хууль хяналтын байгууллагууд олон жил хүч тавин ажиллалаа.

Үндсэндээ анх хэрэг үйлдэгдсэнээс хойш 18 жил  энэ хэргийг “Улс төрийн  зорилгоор үйлдэгдсэн” гэдэг ойлголтыг  манай улс төрчид ч ярьж, хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч бичиж, нийтэлсээр  өнөөдрийг хүрлээ. Хэргийг шалгаж тогтоогоод шийдчихээр “Энэ тийм байх ёсгүй” гээд л  яриад байна. Хүмүүсийн толгойд 18 жил  тогтсон ойлголтыг өөрчлөх хэцүү. Эрүүгийн хуулийн 91дүгээр зүйл ангийн “хүнийг санаатай алах” гэсэн зүйл ангиар ял оногдуулсан. Эдгээр хүмүүст ял оногдуулсан Шүүхийн шийдвэрт  “2002 оны Эрүүгийн хуулийн арванхоёрдугаар зүйлийн 12.1-г журамлан” гэсэн байгаа. Энэ нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалт. Хэрэг үйлдэгдэх үед 1986 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Тэгэхээр шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа  эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг  хэрэглэсэн гэсэн үг. Шүүгдэгч  Ц.Амгаланбаатарт  Эрүүгийн хуулийн 91.2.1 буюу шунахай сэдэлтээр, 91.2.4 буюу  захиалгаар, 91.2.11 буюу урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 91.2.12 буюу онц харгис хэрцгий аргаар С.Зоригийг алсан гэж ял шийтгэл оноосон. Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт  дээрх зүйл ангиуд дээр нэмээд  1986 оны Эрүүгийн хуулийн 241 буюу  насанд хүрээгүй хүнийг гэмт үйл ажиллагаанд татан оруулах гэх зүйл ангиар ял оногдуулсан. Тодруулбал, Ц.Амгаланбаатар нь тухайн үед насанд хүрээгүй байсан учраас энэ зүйл ангиар ял нэмсэн. Мөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт шүүхээс С.Зоригийг алсан хэргийг нуун далдлах зорилгоор бүлэглэн  2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийнх нь хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, олон хүнийг, давтан үйлдлээр санаатай шатааж алсан үйлдэлд ял оногдуулсан.” хэмээн ярьсан байдаг.

Мөн medee.mn сайтад анхаарал татсан мэдээлэл гарч байсан. Тодруулбал, Одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт нэг айлын дөрвөн хүн шатаж нас барсан харамсалтай хэрэг нь, цахилгааны буруу ашиглалтаас болсон гэх галын нотломж гарч байсан тухай мэдээлэл юм. 2007 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр энэхүү галын хэргийн талаар Орхон аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, шадар ахмад Б.Хашчулуун нотломж гаргасан байдаг аж. Нотломжийг гэрч Д.П, Б.Ө болон цагдаагийн мөрдөн байцаагч, дэслэгч Ч.Анхбаяр, хэрэг бүртгэгч, ахлах дэслэгч Ч.Энхболд нарыг байлцуулан гаргасан байна.Тус нотломжид Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт Рашаант багийн … дугаар гудамжны …  тоотод оршин суух иргэн О нь хоёр хүүхдийн хамт 2006 оны 12 дугаар сарын 22:00 цагийн орчимд дэлгүүрээс хиам талх авч ирэн, цахилгаан тогоо ажиллуулан халааж идээд амрахаар унтсан байна. Иргэн О-ийн амьдардаг 71 настай төрсөн эх С нь өмнөх өдөр нь охиныдоо очихоор явсан байжээ. Галын улмаас иргэн О, М болон хоёр хүүхэд нь нас барсаныг илрүүлж, галын голомтоос гаргах ажиллагааг Орхон аймгийн гал унтраах 81-р ангийн гуравдугаар салааны алба хаагчид зохион байгуулсан байна.Хэргийн газрын үзлэг гэрчүүдийн тодорхойлолтоос үзэхэд Рашаант багийн … дугаар гудамжны … тоотод гарсан гал түймэр нь цахилгаан ашиглалтын буруугаас гарсан гэх үндэслэлтэй байна гэжээ. Улмаар Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2.1.1-д заасныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзах, галд нэрвэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд эд материалын тусламж үзүүлэх санал гаргасан байна” гэхчлэн өгүүлжээ.

Орон нутгийн гэрчүүдийн хэлж буйгаар, хэрэг гардаг өдөр иргэн О-ийн эхнэр М-ийн төрсөн өдөр болсон аж. Оройн 22:00 цагийн орчимд иргэн О нь хоёр хүүхдийн хамтаар дэлгүүр орж ирэн, хоол хийж өгөх гэж байгаад халуун тогоогоо залгаатай унтсан нь гал гарах шалтгаан болсон хэмээн галын нотломжид бичсэн байдаг аж. Тухайн үед шатаж нас барсан иргэн О-ийн ар гэрийнхэн галын дүгнэлттэй танилцаж, О-ийнх арав орчим жил цахилгааны монтажаа солиулаагүй байсан учраас галын шалтгаан цахилгааны буруу ашиглалтаас үүдсэнийг хүлээн зөвшөөрч байсан гэнэ.

Тэгэхээр цахилгааны буруу ашиглалтаас үүдсэн гэгдэж байсан энэ хэрэг ямар учраас С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдсон бэ гэдэг нь анхаарал татаж байгаа. Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Эрдэнэт хотоос баривчилжээ.  Үүнээс хоёр сарын дараа дээрх  галын хэргийг дахин сөхөж, шатаж нас барсан иргэн О-ийн эгч Хишгээг хуулийн байгууллагаас С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй хамаатуулан хохирогчоор дуудсан талаар өгүүлсэн байгаа юм. Мөн  2016 оны 12-р сарын 27-нд болсон С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэх шүүх хуралд хохирогчоор оролцуулсан гэх  мэдээлэл бас бий.

Шатаж амиа алдсан О гэж хүн нь нэр бүхий улстөрчийн бие хамгаалагч байсан гэх мэдээлэл байв. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар өмнө нь  үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэр бүлийн дөрвөн хүнийг галдан шатаасан гэх тайлбарыг хуулийнхан өгч байна.  Харин  хэрэг гарсан даруйд мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргахдаа цахилгааны буруу ашиглалтаас болсон гэж дүгнэж байсан нь өнгөрсөн хугацаанд анхаарал татаж ирсэн юм.

Эх сурвалж: Hunnu.mn