Хүүхдийн сурлагын амжилтанд нөлөөлдөг хүчин зүйлс-Үргэлжлэл

Утас/ Компьютер/видео тоглоом болон нийгмийн сүлжээнд донтох

Донтолт нь хүний оюун ухаанд салахгүй бодол буюу (obsession) ба заавал хийх буюу (compulsion) гэсэн хоёр нөлөөг бий болгож байдаг. Толгойноос салахгүй бодол гэдэг нь хүүхэд хичээл дээрээ багшийн зааж буйд анхаарах биш компьютер видео тоглоом болоод нийгмийн сүлжээний талаар бодохыг хэлнэ. Бодол нь үйлдэлд нөлөөлж гэртээ харихаараа хичээлээ хийх бус видео тоглоом ба цахим ертөнцөд цаг зарцуулж хичээлээсээ хоцордог. Бүх төрлийн донтолтын уг үндэс нь сэтгэл санааны таагүй байдалтай холбоотой тул хүүхдийнхээ сэтгэл санаанд анхаарал хандуулаарай.

 

Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг

Энэхүү эмгэг нь тархины аль нэг хэсгийн үйл ажиллагаанаас үүдэн дотроо олон төрөлтэй байдаг. Нийтлэг шинж тэмдгүүдэд анхаарал түргэн сарнидаг, төвлөрч чаддаггүй, эмх цэгцгүй, аливааг хойш тавих, хэт их хөдөлгөөнтэй, түргэн зантай, удаан тогтож сууж чаддаггүй гэх мэт багтдаг. Ясли цэцэрлэгийн наснаас эхлүүлэн багш болон эцэг эхчүүдэд анзаарагдаж эхэлдэг. Дийлэнхдээ эцэг эхчүүд өөрсдөө маш их ядардаг. Монголд энэ төрлийн эмгэгийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байдгаас иймэрхүү хүүхдүүдийг сахилгагүй, хөдөлгөөнтэй, хоосон толгой гэх мэт нэр хоч өгдөг. Ийм төрлийн хүүхдүүдэд зорилго тавин ажиллах, их хэмжээний дасгал хийлгэх, уургаар баялаг хүнс хэрэглэх, загасны тос буюу fish oil, ногоон цай ба хүн орхоодой уулгах гэх мэт эмэн бус эмчилгээний аргууд тусалдаг.

 

Түгшүүр ба сэтгэл гутрал

Түгшүүртэй хүүхдүүдийн хувьд багшаас асуух, урд гарч ярих, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, аливаа харилцаанд орохоос айж эмээж улмаар энэ нь тэдний сурлагат нөлөөлдөг. Нэг бол ямар дүн авах бол гэдгээс санаа зовно нэг бол бусад хүн намайг юу гэж бодох бол хэмээн сэтгэл санаа тайван бус болдог. Эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь хэт их хамгаалах, хатуу чанга дүрэм журам тогтоох, төгс байхыг шаардах, хатуу чанга шийтгэх гэх мэтээс үүдэлтэй. Бага насны хүүхдүүд түгшүүртэй байгааг илтгэх нэг илрэл бол хар дарж зүүдлэх юм. Сэтгэл гутрах үед мөн толгойд маш их сөрөг бодлууд эргэлдэж энэ нь тэдний мэдрэмж сөрөг болоход нөлөөлж улмаар хичээлдээ төвлөрөхгүй ба сурах хүсэлгүй болдог. Хүүхдүүдээ уйлж гуниглах үед нь загнаж буруутгахаас өмнө сэтгэл санаа ямар байгаад нь анхаарлаа хандуулаарай. Шаардлагатай бол мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандах нь тустай.

 

Суралцах Эмгэг

Нийтлэг хоёр төрлийн суралцах эмгэг байдаг. Хүүхэд уншиж бичих насан дээрээ заалгасан ч гэсэн уншиж чадахгүй байх буюу dyslexia, тоо бодож чадахгүй байх буюу dyscalculia хэмээх эмгэг байдаг.  Энэ нь тэд суралцаж чадахгүй гэсэн үг огт биш харин өөр арга барилаар ажиллах хэрэгтэй гэсэн үг юм. Энэ төрлийн эмгэгүүд цэцэрлэгийн наснаас эхлэн анзаарагддаг. Багш эцэг эхчүүд эртнээс анзаарч зориулагдсан арга барилаар ажиллах үед тустай байдаг. Тусгай мэргэжилтэн оношилж, тохирсон арга барилаар ажилладаг.

Сэтгэл Зүйч Т. Хонгорзул