Жолооч нар чирэгдэлгүйгээр хил нэвтрэх боломж бүрдлээ гэв

аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс  тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины цуваа олон арван км үргэлжилж, урт дараалал үүссэний улмаас нэг удаа хилээр гарахдаа 3-4 өдрийн хугацааг зарцуулдаг байсан. Тэгвэл хүнд даацын автомашины хилээр орох гарах урсгалын тоог нэмэгдүүлж, хил нэвтрэх баримт бичиг шалгагчийн 14 кабиныг байгуулснаар оочир дараалал эрс буурч, жолооч нар чирэгдэлгүйгээр хил нэвтрэх боломж бүрдлээ.

Хилийн шалган нэвтрүүлэх уг пост байгуулах санхүүжилтийг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж энэ сарын 2-нд нээлтээ хийсэн юм. Тус кабин ашиглалтад орсноор Гашуунсухайт боомтоор нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж байгаа жолооч нарын хил нэвтрэх эрхийн бичгийг 1 минутын дотор багтаан шалгах боломжтой болж байна. Тус боомтоор өдөрт 1500 орчим нүүрс тээврийн автомашиныг хилээр шалган нэвтрүүлдэг байсан бол энэ өдрөөс эхлэн 3000-н автомашиныг нэвтрүүлэх боломжтой болж байгаа юм.

Мөн эрдэс баялаг тээвэрлэж буй жолооч нар хэдэн өдрөөр олон арван км-н урт цуваа үүсгэж хил нэвтэрдэг асуудал өөрчлөгдөж, цаг хугацааг ихээхэн хэмнэж байгаа нь хамгийн чухал юм. Энэ утгаараа тус боомтоор экспортолж байгаа эрдэс баялгаас улсын болон орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэж, улс орны эдийн засагт мөн хэмжээгээр дэмжлэг болох бодит боломжийг бүрдүүлсэн чухал үйл явдал болж байгаа гэдгийг томоохон уул уурхайн компаниудын удирдлагууд хэлж байсан юм.

Хилийн боомтын зөвлөлөөс Гашуунсухайт боомтыг жишиг боомт болгохоор төлөвлөсний дагуу эхний ажлууд ийнхүү үр дүнгээ өгч эхлээд байна хэмээн засгаас мэдээлж байна.