Г.Шийлэгдамбыг нясласан Н.Энхбаяр!

МАХН-ын Генсек асан Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд анхан шатны шүүхээс ял оноогоод буй.  Тэгвэл Г.Шийлэгдамбын асуудлаар МАХН дуугарахгүй байгаа нь зөв асуудал биш хэмээн О.Баасанхүү гишүүн дуугарав. Шүүхээс тэдэнд ял оноосныг зөвтгөх гээгүй ч, намдаа санхүүжилт бүрдүүлэх үүднээс хэрэг хийсэн гэгдэж буй Г.Шийлэгдамбыг намын нөхөд нь үл хэрэгсэж байгаа нь зохисгүй гэж тэр үзэж байгаа аж.  Түүнчлэн тэрбээр уг асуудалтай холбоотойгоор УИХ-д олонх байгаа МАН  боломжоо ашиглан Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг өөрчлөхийг шаардаж буйгаа мэдэгдэв.

Тэрбээр Г.Шийлэгдамба ял авсанд Н.Энхбаяр баярлана гэсэн утгатай жиргэсэн. Тэгвэл энэ талаараа medee.mn сайтын сэтгүүлчийн асуултад хариулахдаа “МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга улс төрийн албан тушаалаа солилгүйгээр сайд болж байсан. Тэр үед нь би “Наад хүн тань шоронд сууна даа. Харж байгаарай” гэж намынхандаа маш тодорхой хэлж байлаа. Яагаад гэхээр, аль ч улс төрийн намын ЕНБД санхүүгийн асуудлаар намдаа үүрэг хариуцлага үүрдэг. Тэр хүн нэг хөлөөрөө сайд, нөгөө хөлөөрөө МАХН-ын ЕНБД хийж байсан. Харамсалтай нь АТГ нөлөөллийн мэдүүлэг дээрээс нь харж байгаад хориг тавьж болох байсан. Нам дээр мөнгөгүйн зовлон өчнөөн л яригддаг. Тэр тоолонд ЕНБД мөнгө олох шаардлагатай тулгардаг. Ийм зорилгоор тэр сайдын албан өрөөндөө мөнгө авч байгаад баригдсан. Үүнийг хөөрхий өөрөө л яриад байгаа юм, намд зориулж, ийм мөнгө авсан гэдгээ. Гэтэл нам огт дуугарахгүй юм. Би түүнийг огт ойлгохгүй байгаа...  Би “Нам дуугараач ээ” гэж өчнөөн хэлсэн. Огт дуугарахгүй болохоор нь бачимдаад байх юм. У.Хүрэлсүхийг фургоны асуудалд орж байхад Ө.Энхтүвшин “Би сонгуульдаа  зориулж авсан” гээд л тайлбар өгч байсан. Намаас нь “Бид чиглэл өгсөн” гээд хүртэл хэлж байлаа. МАХН яагаад ингэж болохгүй гэж. Г.Шийлэгдамба хувьдаа байшин барих гэж тэр мөнгийг аваагүй шүү дээ. Намынхаа төлөө явж байгаад асуудалд орсон залуу хүнийг бид өмгөөлж, хамгаалах учиртай...  Би зөв гэсэн зүйлийнхээ талд л зогсдог.Уулзаад ярьдаг, би өөрийнхөө дэмжихгүй гэсэн асуудлууд дээр зарчмаа ярьдаг. Бусдад үзэл бодлыг нь тулгаж чадахгүйгээ нуулгүй өмнөөс нь хэлдэг. Айлын хүн хүүхдээ хүнтэй зодолдоход өөрийнхөө хүүгээс эхлээд бурууг хайдаг. Тиймээс би улс орны өнөөгийн эдийн засаг, улс төрийн байдлыг дүгнэхдээ өөрийнхөө намаас эхлээд алдааг нь хайна. Нэгдүгээрт, анх 2012 онд бид УИХ-д 11 суудал авчихаад Засгийн газарт орж ажилласан нь бидний хамгийн том алдаа байж дээ гэж би харж байгаа. Хоёрдугаарт, 60 тэрбумын мини түвшний схем МАХН дотор байсан явдал бидний алдаа. Бид МАНАН-гийн олигархиудтай байлдах  ёстой. Яг ийм шалтгаанаар бид өнөөдрийг хүртэл Н.Энхбаяр даргыг хайрласаар ирлээ. Яагаад гэхээр Н.Энхбаяр бол МАНАН-гийн олигархиудын оффшор дансны дугаарыг мэдэх хэмжээний хүн. Үүнийг нь яг анти вирусын программ шиг ашиглах юмсан гэж бодсоор өнөөдрийг хүрчихлээ” хэмээн ярьжээ.

Г.Шийлэгдамба анх баривчлагдсаныхаа дараа ил захидал бичсэн байдаг. Н.Энхбаяр түүнийг тийм захидал бичих хүн биш гэсний сацуу өөрийнх нь нөмөр нөөлгөөр Монгол төрийн сайдын  суудалд хоёронтоо суучихсан, нэг ёсондоо өөрийнх нь итгэлийг даадаг сайн дүү нарын нэг гэдгийг тодотгож байв. Г.Шийлэгдамба болохоор баригдах үед нь өөрт нь байсан мөнгө бол авлигын ямар ч сэдэл шалтгаангүй, харин намын санхүүжилтэд зориулахаар л хүнээс авсан мөнгө гээд байдаг. Гэхдээ тэр намын Генсекийн хувьд намынхаа санхүүжилтийн төлөө хүнээс мөнгө авсан гэхээсээ, Н.Энхбаярын тулгалтад л орж хүнээс мөнгө авахад хүрсэн гэх ойлгоцыг нийгэмд өгсөн юм. Түүнчлэн Н.Энхбаяртай олон жил шадарлаж яваа Г.Шийлэгдамба орон шоронд хоригдож, хатуу хөтүүг үзснийхээ дараа ийн байр сууриа эрс өөрчилсний цаана чамгүй асуудал нуугдаж байж болох.  Эргэн санахад,  Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахаас өмнө “Монгол улсын үе, үеийн төрийн өндөрлөгүүдэд тохиолдсон хүндхэн хувь заяа Н.Энхбаяр ерөнхийлөгчид битгий тохиолдоосой билээ” гэх сэтгэл зовнисон үгсийг Г.Шийлэгдамба хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.

За харин Г.Шийлэгдамбад хэцүүхэн зүйл тохиолдоход Н.Энхбаяр чимээгүйгээр өөрөөсөө түлхжээ.

Эх сурвалж: Hunnu.mn