“60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотой баривчилгаа эхэлсэн үү?

“60 тэрбум”-ын бичлэгийг  задруулсан Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн  Улсын Ерөнхий Прокурорын Газарт гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас "60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг АТГ-т даалгаад буй.  Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлсэн гэх мэдээлэл бий.

Энэ мэдээлэлтэй зэрэгцэн  “60 тэрбум”-ын бичлэгт хамаатай хүмүүс болох Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Энхболд нар хуулийн байгууллагын хамтарсан шалгалтыг давж гарах уу, хуулийн хариуцлага хүлээх үү гэдэг асуудал албан ёсоор тавигдсан.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд Нийслэлийн  Монгол Ардын Намын хорооны дарга, НИТХ-ын дарга  Ц.Сандуйгийн зөвлөх  А.Ганбаатарыг  баривчлан саатуулж, Ганц худагт хорьсон гэх мэдээлэл гараад буй. “60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотойгоор  хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа.

За харин НИТХ-ийн зүгээс энэ асуудлаар хариу өгөхдөө Ц.Сандуй даргад А.Ганбаатар гэдэг зөвлөх байхгүй гэж байна. Одоогоор хуулийн байгууллагаас уг асуудлаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, Ц.Нямдорж нартай уулзах үедээ: “Энхжаргал аа, одоо мөрдөн байцаах үйл ажиллагааны зааварчилгаа өгмөөргүй байна. Өөрөө их бүрхэг юм ярьж байна. Улс төрийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн. Монголын төрийг гаднынхантай нийлж ийм хэмжээнд хүрэх хүртэл бүтэц явсан байна. Би хоёр зүйл ярих гээд байна. Монгол Ардын нам сонгуульд ялсан уу, ялсан. Тэр Ц.Сандуй гэж гол илтгэлийг яриад байгаа нөхөр албан тушаалд очсон уу, очсон. Тэр үйл ажиллагааг илчилсэн залууг баривчлах үйл ажиллагаа хийгдсэн үү, хийгдсэн. Г.Доржзодов гэх залууг байцаасан уу?  Тодорхой гэрч байж байна. Энэ хүн гэрч. Материалыг задалсан хүн. Ц.Сандуй гэж албан тушаалын гол илтгэл хийгээд байгаа хүнийг байцаасан уу? хэмээн асуухад АТГ-ын дарга Х.Энхжаргал “ Байцаасан” гэх хариултыг өгсөн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга “Хэзээ байцаасан, хэд байцаасан бэ? Мэдээж тэр хүн албан тушаалдаа очсон. Хорьж цагдахгүйгээр тэр хүн мэдүүлгээ өгөхгүй. Яагаад гэвэл гэр нь төрийн хамгаалалтад, албан тушаалаар хамгаалж байгаа хүмүүс нь байж байгаа. Би энэ тухай л яриад байна. Одоо цаашдаа ямар үр дүнтэй, ямар хугацаанд эргэж уулзах вэ. Төрд байгаа энэ эмгэнэлт асуудлыг л яриад байна. Авлигатай тэмцэх газрын даргатайгаа Төрийн тэргүүн нь энэ асуудлыг хэрхэн илчлэх вэ. Энэ төрийн эсрэг хийсэн гэмт хэрэг. Хүмүүс нь бүгдээрээ хүлээчихсэн. Гарсан даруйдаа ярилцлага өгчихсөн байсан. Шинжээчийн дүгнэлт гэдэг зүйл гарсан уу. Тэр та нар дээр байна уу, үгүй юу. Ямар хугацаанд тохирох вэ. Би үүнийг ил хэрэг гэж бодож байгаа” хэмээн хэлсэн билээ.

Эх сурвалж: Hunnu.mn