Бекхэм: Болт, гунигтай байгаа ч гэсэн чамд их талархсан шүү...

Дэлхийн хамгийн хурдан хүн, Ямайкийн домогт гүйгч Усэйн Болт Лондонд болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий 100 метрийн зайн гүйлтэд хүрэл медаль хүртсэн. Энэ нь түүний тамирчны замнал дахь хамгийн сүүлчийн ганцаарчилсан гараа байсан юм.

Английн нэрт хөлбөмбөгч Дэвид Бекхэм энэ үйл явдалд зориулан домогт гүйгчид сэтгэлийн үгсээ илгээжээ.

“Найз минь, бид чамаар бахархаж байна. Олон жилийн турш чиний гайхалтай амжилтуудыг бид дараалан харсаар шагшсаар ирсэн. Байн байн шинэ шинэ дээд амжилтуудыг тогтоож, олныг бишрүүлсэн чиний амжилтууд зөвхөн спортод ч бус сая сая хүүхэд залуусын урмыг сэргээж, урагшлах замыг зааж өгсөн.

Энэ бүхэн ингээд төгсөж буйг харах гунигтай байгаа ч гэсэн чамд маш их талархаж явдгаа илэрхийлье” хэмээн Бекхэм өгүүлсэн байна.

Усэйн Болт одоо Лондоны ДАШТ-д 4х100 метрийн буухимад гүйснээр тамирчны замналаа өндөрлүүлэх юм.

Р.Гэгээ