Дуудлага худалдаагаар валютын захад ам.доллар нийлүүллээ

Монголбанк энэ сарын 3-ны  өдрийн Гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад нийт 73.8 сая ам.долларыг банкны харилцагч, аж ахуйн нэгж, байгууллагын гадаад валютын хэрэгцээнд зориулж нийлүүлжээ.

Тодотгоход, Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааны арилжааны хэлбэрийг тухайн дуудлага худалдаанаас хамаарч “ялгаатай ханшаар хийх арилжаа”, “нэг ханшаар хийх арилжаа”-ны хэлбэрээс сонгох бөгөөд арилжааны хэлбэрийг урьдчилан зарлахгүй байж болно:

• “Нэг ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг;

• “Ялгаатай ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг тус тус нэрлэнэ.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг байна.