Ж.Энхбаяр У.Хүрэлсүхийн асуудалд онцгой анхаарна гэв

Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх мэдээлэл үнэн хэмээн Шадар сайдын  Ажлын албаны ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх А.Үйлстөгөлдөр нар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэвлэлийнхэнд мэдэгдсэн билээ. Түүнчлэн  асуудлыг шалгуулахаар ТЕГ, АТГ-т  албан бичиг явуулсан,  Шадар сайд уг асуудалд нухацтай хандаж, холбогдох хуулийн дагуу шалгуулах нь зөв гэж үүрэг өгсөн  гэж байсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уг асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхээс түүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй, төрийн өндөр албан тушаалтны хувьд Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд хандсан байна.

Энэ асуудлыг онцгой анхаарч хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно” гэсэн байна.