Цэвэр, бохир ус, ариутгах татуургын 60 гаруй км шугам сүлжээг засварлажээ

Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 65.8 хувьтай байна. Үүнээс: Улаанбаатар хотод 87.2 хувьтай,  аймгийн төв, суурин газруудад 44.3 хувьтай байгаа юм.

Цэвэр, бохир ус, ариутгах татуургын 60 гаруй км шугам сүлжээг засварлаж, шинээр 26,5 км шугам сүлжээг барьж ашиглалтад оруулаад байна. Мөн цэвэр усны 139,7 км, бохир усны 162,1 км, дулааны 101,5 км шугам сүлжээнд угаалга, шахалт, туршилтын ажлуудыг хийж, худаг, камер зангилаа узелүүдийн хаах, нээх арматуруудыг шинээр тоноглох засварын ажлуудыг хийлээ.

Усны эх үүсвэрийн гүний худаг, өргөлтийн станцын насос, тоног төхөөрөмжид их  засвар хийж, усан сан, ус түгээх байруудын ус хадгалах савуудыг ариутган халдваргүйжүүлж, усны эх үүсвэрт хайс, хашаа барьж хамгаалахын зэрэгцээ камержуулах ажлуудыг 8 аймагт бүрэн хийж гүйцэтгэсэн.

Халаалтын зуух, дулааны станцад засвар үйлчилгээ хийж, сүлжээний ялтсан бойлер, филтрийг шинэчилж, зөөвөрлөх конвер, бутлуур, түлш дамжуулах ремин зэрэг дагалдах тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилуулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг 6 аймагт хэрэгжүүллээ.

Ус, дулаан дамжуулах төвүүд дэх ялтсан дулаан солилцуур, сүлжээний насосуудыг засварласан. Бохир ус цэвэрлэх байгууламжийн насос, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээг 10 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд нь графикийн дагуу сайн зохион байгуулан ажиллаж байгаа Улаанбаатар хотын хувийн орон сууц, нийтийн аж ахуйн компаниуд, Ус сувгийн удирдах газар, Булган, Төв, Сэлэнгэ аймгийн Хөтөл, Увс аймгуудын төлөвлөгөөний биелэлт  64.3-96 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Эх сурвалж: БХБЯ