Ж.Эрдэнэбат өөрийгөө нэмж “унагах” шаардлага бий юу?

Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх асуудлаар өчигдөр Ажлын албанаас нь мэдээлэл хийсэн бол өнөөдөр дахиад шинэ мэдээллийг тэдний зүгээс хэвлэлийнхэнд өгч байна. Хэргийн  гэрч гэгдээд буй Батболдыг үүрээр гэрээс нь үл таних хүмүүс баривчилсан гэж мэдэгдэж байна. Өнөөдөр үүрээр тусгай өмсгөлтэй 20 гаруй хүмүүс гэрт нь нэвтрэн орж,  гэрчийг гэр бүлийнхнийнх нь өмнө зодож, шал руу бөхийлгөн гавлаад гарсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн ийм ажиллагаа өөр хоёр гэрчийн гэрт болсон гэнэ. Саатуулах ажиллагааг гүйцэтгэгсэд "Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өмнөөс дуугардаг чи хэн бэ" гэж гэрчийг зандарсан гэх мэдээллийг гэрчийн ар гэрийнхэн өгч байгаа ч, энэ нь нийгэмд эргэлзээ дагуулж буй юм. Ерөнхий сайдын даалгавраар саатуулах ажиллагаа явуулж буй хүмүүс заавал тэрийгээ тэгж зарлах уу гэдэг асуудал анхаарал татаж буй. Ялангуяа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд У.Хүрэлсүхийг тагнаж тагнах хэрэгт оруулах ажиллагааг захиалсан гэх асуудалд орооцолдоод байгаа ийм үед өөрийгөө хэрэгт нэмж унагах хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.

Ямартай ч гэрчүүдийн ар гэрийнхэн одоо 13:00 цагт АТГ-ын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэж буй.

У.Хүрэлсүхийн өмгөөлөгч өчигдөр хэлэхдээ “У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Гомдол гаргаснаас хойш нэг сарын дотор хэрэг үүсгэж, гомдол гаргасан хүмүүст мэдээлэл өгөх ёстой. Гэвч мэдээлэл өгөөгүй учраас хардах үндэслэл болж байна. Хэргийн цорын ганц гэрч Батболдын дэлгэсэн мэдээлэл ноцтой. Тэр хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж хохирогчийн хамгаалалтад аваагүй байна. Энэ асуудалд улс төрийн нөлөө байгаа юм биш биз” хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: Hunnu.mn