Румменигге: Неймарыг тийм үнээр авахын оронд шинэ стадион босгосон нь дээр...

Германы “Байерн Мюнхен”-ийн удирдлага, нэрт хөлбөмбөгч Карл-Хайнц Румменигге 222 сая еврогоор Неймарыг ПСЖ авсан талаар өөрийн өнцгөө тодорхойлон хэлжээ.

“Неймарын наймааны дуулианы үеэр би өөрөөсөө асуусан юм. “Неймарыг авсан нь дээр үү, эсвэл “Альянц Арена”-г босгосон нь дээр үү? гэж. Миний хувьд шинэ стадион босгосон нь дээр санагдсан. Неймарын наймааны мөнгө, цалин, урамшуулал гээд бүгд нийлээд “Альян Арена”-г босгосон үнээс давна. “Байерн Мюнхен” бол өөр философитой клуб. Бид ийм зүйл хийхгүй, хийж чадах ч үгүй. Олон нийт, манай фанатууд бидний сонгосон замыг бүрэн дэмждэг.

ОУХХ, ЕХХ, лигүүдийн удирдлага, Олон Улсын Мэргэжлийн Хөлбөмбөгчдийн Холбооныхон бүгд нийлээд наймааны үнийн энэ их өсөлтийн асуудлаар ярилцах хэрэгтэй. Бид ширээ тойрон сууж, сайн ярилцах учиртай. Үгүй бол одоо олон нийт биднийг ойлгохоо больж эхэлж байна. Клуб фанатууд хоёрын уялдаа холбоо арилж байна” хэмээн Румменигге өгүүлжээ.

Дашрамд сонирхуулахад, 2005 онд үүдээ нээсэн “Альянц Арена”-г босгоход нийтдээ 346 сая евро зарцуулсан гэдэг.

Р.Гэгээ