Л.Байгальмаа: Унтаж байтал цахилгаан бороохой тачигнаад хүмүүс гэнэт ороод ирсэн

Шадар сайд У.Хүрэлсүхийг бусдын захиалгаар  дагасан гэдгээ гэрчийн хувиар хэлж яриад байсан Ч.Батболдын  гэрт өнөөдөр  үүрийн 05:00 цагийн үед тусгай хувцастай залуус нэвтрэн орж, баривчлан явсан гэх мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл Ч.Батболдын эхнэр Л.Байгальмаа уг асуудлаар хэвлэлийнхэнд дараах зүйлийг хэлж ярьлаа. Тэр хэлэхдээ " Хаалга цохихоор нь бид хэд тайлаагүй юм. Тэгсэн дайраад ороод ирсэн.

Авлигатай Тэмцэх Газраас  гээд дөрөв тавуулаа орж ирээд гэр орныг чинь нэгжинэ гээд, зөндөө юм асууж байгаад гарсан. Намайг өөрөө цуг яваад гэр орноо үзүүлчих гэсэн. Цагдаагийн хувцастай 4, 5 хүн цонхоор орж ирсэн. Цонхны шил хагалчихаад хагалсан шилээ цэвэрлэнэ гэж дайрсаар байгаад цэвэрлэсэн. Мөрдөгч өөрийнхөө нэрийг Сайнжаргал гэж танилцуулсан. Бүх утсыг аваад явсан. Ажил цуглахад АТГ дээр манай нөхөр байгаагүй. Өглөө 09:00 өнгөрч байхад манай нөхрийг хоёр хүн дагуулаад АТГ-т гаднаас орж ирсэн. Нөхөр маань надад тийм хүний даалгавар гэж ярьж байгаагүй. Ер нь бол би сонсож байсан.

Шөнө унтаж байтал цахилгаан бороохой тачигнаад хүмүүс гэнэт ороод ирсэн. Орж ирсэн хүмүүс хаалга тайлснаар 5-6 цагдаа нэмэгдэж орж ирсэн. Гаднаас орж ирсэн цагдаа нар манай нөхрийг орон дээрээс шууд буулган толгойг нь шалтай наагаад, гавласан. Би сандрахдаа нөгөө өрөөнөөс бэлтгэлийн хувцас гаргаж өмсүүлэхэд тэд хөлд нь дөнгөж нэг пүүз углуулаад аваад гарсан. Бүх юм маш хурдан болж өнгөрсөн бөгөөд манай хүүхдүүд айж уйлалдаж эхэлсэн. Цагдаа нар гарсны дараа намайг ширээний дэргэд суулгаад “Танай гэрт нэг CD байгаа, түүнийг олох хэрэгтэй байна, та гэр орноороо дагуулж яваад хайлц” гэж хэлсэн.

Ингээд хэд хэдэн юм асуугаад гарахдаа бидний бүх гар утсыг авч явсан. Хүүхдүүд уйлаад байсан болохоор та нар хурдан гарцгаа, би хүүхдээ тайвшруулмаар байна гэж хэлсэн боловч бид энэ хагалсан шилээ, цэвэрлээд аваад явна гэж хэлээд 00-ийн өрөөнөөс шүүр авч, хагалсан шилнүүдээ шүүрдээд, давхар гялгар уутанд хийгээд аваад явсан. Надад  гэрт нэгжлэг явуулах ямар ч бичиг үзүүлээгүй. Маш их айдастай, хуулийн ямар ч хамгаалалт аваагүй байна. Одоо гурван хүүхдээ дагуулаад хайчихаа мэдэхгүй, сая хамаатныхаа хүнээс нэг утас, дугаар гуйж авлаа

Манай гэрийн хаалганы дуран дээр шархны наалт наачихсан байсан.Одоогийн байдлаар гэрчийг хамгаалж байгаа зүйл алга. Гурван хүүхдээ аваад өөр тийшээ явъя гэж бодож байна” хэмээн ярьлаа.

Эх сурвалж: Hunnu.mn