Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ховд, Завхан аймагт хэлэлцлээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Ховд аймгийн 17 сумыг  бүсчлэн зохион байгуулж байгаа. Өмнө нь Мөст сум, Ховд хотод хийсэн бүсчилсэн хэлэлцүүлэг Эрдэнэбүрэн сумын Соёлын төвд боллоо. Энэ удаад аймгийн зүүн бүсийн 4 сумын иргэд оролцсон юм.

Ховд аймгийн зүүн бүсийн сумд болох Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Буянт сумдын иргэдийг төлөөлсөн сум багийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарын хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт төслийн хэлэлцүүлэг, сургалтад  маш идэвхтэй оролцож байлаа. Тухайлбал, Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших  25 жилийн хугацаанд  Улсын Их Хурал 2000 онд  нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш 10 гаруй жил нэмэлт өөрчлөлт оруулах тухай ярьсан. Гэхдээ хамгийн гол нь эцэг хууль маань ийнхүү бүх ард түмний санал бодлыг тусгаснаараа илүү урт настай,  иргэн бүрийн  эрх ашгийг дээдэлсэн, амьдрах чадвар сайтай хууль болоосой гэдгийг хүсч байсан юм. Өөрсдийн зүгээс хуулийн өөрчлөлттэй холбоотой санал бодлоо ч хэллээ.

Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулах, Засгийн газар тогтвортой, бүтээмж өндөртэй ажиллах, алдаа гарвал хариуцлага хүлээх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүх болон шүүгч хэнээс ч хараат бус хүний эрх, эрх чөлөөг хамгаалж бие даасан хараат бусаар шийдвэр гаргах, төрийн жинхэнэ алба мэргэших тогтвортой ажиллах, шатлан дэвших зарчимд шилжихэд ахиц өөрчлөлт гарах, хотын эрх зүйн байдлыг сайжруулах шаардлагыг биелүүлэхэд чиглэгдэж байгааг УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Ховд аймгийн иргэдэд тайлбарлаж байлаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвээр танилцуулга хийгдсэн. Иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаа хоёр өөр байгааг тайлбарлах,  төсөл батлагдвал төрийн жинхэнэ алба мэргэших, шатлан дэвших зарчимд шилжихээр тусгагдсан асуудлыг хэрхэн зохицуулах эсэх, шүүгчдэд нас заасан нь дээд сургууль төгссөн залуучуудыг шүүгчээр ажиллах боломжийг хааж байгаа юм биш үү, багийн Засаг даргыг боловсролын түвшин, цэргийн алба хаасан зэргээр тодорхой шалгуур тавьж болох уу гэдгийг илүүтэй тодруулж байлаа. Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргаа, удирдлагын газрын 44 сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.  Ховд аймагт болсон гурван удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэгт нийт 357 иргэн хамрагдлаа.

Завхан аймгийн Улиастай суманд тус хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт төвийн бүсийн 9 сумын иргэд, төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Төрийн алба, Шүүх эрх мэдэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвээр танилцуулга явууллаа.

Алдархаан, Завханмандал, Идэр, Ургамал, Сонгино, Сантмаргац, Улиастай, Цэцэн-Уул, Яруу сумын иргэд оролцсон хэлэлцүүлгийн үеэр баг, сумын Засаг даргыг томилох, сум, багийг татан буулгахтай холбоотой зохицуулалтын талаар тодорхой саналуудыг гаргаж байсны зэрэгцээ төрийн албанд хариуцлагатай, чадвартай хүн тогтвортой ажиллах боломжоор хангагдах нь зүйтэй гэдэг байр суурийг иргэд илэрхийлж байсан юм.

Түүнчлэн 2000 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн долоон заалтаас хоёрыг нь өөрчлөхөөр төсөлд тусгасан байгааг завханчууд дэмжиж байгаа, мөн аливаа хуулийг батлахдаа чуулганы нэгдсэн хуралдааны ирц хамгийн багадаа 52.6 буюу УИХ-ын 40 гишүүн хуралдаанд оролцож байгаа үед хууль баталдаг дэг тогтоох хэрэгтэй зэрэг саналыг гаргаж байлаа.

07 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ны хооронд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг орон даяар явагдаж байгаа бөгөөд өнөөдөр Баян-Өлгий  аймгийн Толбо сум, Өмнөговь аймгийн Сэврэй сум, Улаанбаатар хотноо явагдаж байгаа бол маргааш Завхан аймгийн Тосонцэнгэл сум, нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүрэгт тус тус болно.