Засгийн газрыг огцруулах үндэслэлд МАН-ын зарим гишүүд гарын үсгээ зуржээ

М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаар Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Засгийн газар ганхсан билээ. Сүүлийн өдрүүдэд Шадар сайдын Ажлын албанаас ойр ойрхон мэдээлэл хийж, тагнаж чагнасан асуудалд Ерөнхий сайдыг хамаатуулсан мессежийг өгөх болсон нь засаг ч унах нь дээ гэсэн хардлагыг нийгэмд дагуулж буй.

Тэгвэл сүүлийн мэдээллээс үзэхэд УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар эв санаагаа нэгтгэж байгаа гэгдэж байна. УИХ-ын нэр бүхий 7 гишүүн Засгийн газрыг огцруулах үндэслэл гэсэн бичигт гарын үсэг зурсан гэх мэдээлэл байгаа юм.  

Хэрэвзээ гарын үсгийн тоо 19-ийг давбал, засаг огцруулах асуудал чуулганаар орох юм. За тэгээд гишүүдийн 51-ээс дээш хувь нь засаг огцруулах дэмжвэл Ж.Эрдэнэбатын удирдаж буй кабинет үйл ажиллагаа явуулах боломжгүй болно.

МАН-ын дарга М.Энхболд ирэх сард намын бага хурлаар намын их хурлаа товлон, улмаар сонгуулийн дүнтэй холбоотойгоор хариуцлага хүлээх асуудлыг хэрэгжүүлнэ гэсэн ч, МАН дотор яарч байгаа хүмүүс цөөнгүй нь нэгэнтээ тодорхой болсон билээ.

Эх сурвалж: Hunnu.mn