Х.Баттулга: Ерөнхийлөгчийн эрхийг хумих өөрчлөлт оруулах гэж байгаа бол тэгэхгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснөөсөө хойш яг 30 хоногийн дараа МҮОНРТ-д ярилцлага өглөө. Тэрбээр өнгөрсөн 30 хоногийн хугацаанд гаргаж тавьсан асуудлуудыхаа талаар болоод цаашид ямар асуудлууд дээр анхаарах шаардлага Монгол Улсын өмнө байгаа вэ гэдэг дээр өөрийн байр сууриа дэлгэрэнгүй ярьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг гэдэг утгаараа  3 сая ард түмэнтэйгээ бол эвтэй найртай байх асуудлыг тэргүүн эгнээнд тавина. Харин Үндсэн хуульд заасан ард түмний баялгийг хувьдаа сорж буй, хэдэн гэр бүлтэй бол эв нэгдэл ярьж дундаа орохгүй гэж байна.

МАН-ын 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага шударгаар шийдвэрлэх ёстой, оффшор дансанд мөнгөө хийсэн нөлөө бүхий нөхдүүд 49 хоногийн дотор мөнгөө авчрах ёстой гэдгээ албан ёсоор хэллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монголчуудын өмнө нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудал бол ажилгүйдэл, ядуурал гэж байна.  Ажилгүйдлийг халахын тулд ажлын байрыг бүтээн байгуулалтаар бий болгох ёстой.  Бүтээн байгуулалтаа Монголчууд өөрсдөө хийх ёстой. Бизнесийн орчноо бодитоор дэмжих ёстой. Олон хөгжлийн хөтөлбөрүүд баталдаг ч  цаасан дээр үлдэж байна гэлээ.

Мөн тэрбээр “Намайг Хятадын эсрэг үзэл бодолтой гэж яриад, сурталчлаад байдаг. Энэ бол Гадаад хэргийн сайдын хийж байгаа ажил. Би Хятадын талаар юу ч яриагүй. Манай улс нэг улсын эдийн засгийн хараат байна. Үүнийг УИХ, Засгийн газрын гишүүд бүгд ярих ёстой. Манай эдийн засгийн 90 хувь нь хятадын хараат байна. Ийм байхад улс орон хөгжихгүй. Бид эдийн засгаа төгөлдөржүүлэх ёстой.

Сая Таван толгой руу асар хүчтэй дайралт хийлээ. Энэ бол 1970-аад орны эхээр ард түмний татвар мөнгөөр  олсон орд. Үүнийг гадныхантай хамтарсан нэг компанид өгч болохгүй. Ерөнхийлөгчийн багт орж байгаа хүмүүс үүний эсрэг нэгдмэл санаатай. Тавантолгойн ордын ашиг бүх ард түмэнд очих ёстой юм. Намуудад шигдсэн хэдхэн гэр бүл энэ ажлыг хийж байна. Бэлэн мөнгө уул уурхайтай, архины үйлдвэртэй хүнд л байдаг. Бэлэн мөнгө байгаа газарт авлига байдаг. Үүнийг таслан зогсоохын тулд Засгийн газарт байгаа уул уурхайтай сайд нар ажлаасаа татгалзаач ээ гэж уриалмаар байна” гэсэн юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих нь гэгдэж буй. УИХ дахь АН-ын бүлэг  ч уг асуудлыг эсэргүүцэж мэдэгдэл хийсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Ерөнхийлөгч бол эрх мэдэлтэй ч юм шиг, үгүй ч шиг байдаг. Тэгээд үүнийг нь хумихаар би юу хийхээ мэдэхгүй байна. Ерөнхийлөгчийн эрхийг хумих өөрчлөлт оруулах гэж байгаа бол тэгэхгүй. Сая МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлээ. Эрх мэдлийн хуваарилалтаас болж олонхиороо түрж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх байхгүй. Эрх мэдэл биш,  эрх шүү. Яагаад гэвэл энэ сонгууль но-той явагдсан. 60 тэрбум төгрөгийн авлигажсан сонгууль болсон” гэлээ.

Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн томилгоо сүүлийн өдрүүдэд олны анхааралд байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч зөвлөхүүдийнхээ талаар хэлэхдээ “Н.Алтанхуяг даргын хувьд бол асар их туршлагатай. Улс төрийн хувьд олон жил хамт явсан. Миний дутууг нөхөх хүн” гэсэн бол Асашёорюүг  сийрэг толгой гэж магтав. Улс төрчдийн хоёр гурван  жил яриад ойлгохгүй байгаа юмыг 20 минутын дотор ойлгосон. Энэ хүнийг Монгол Улс ашиглах ёстой гэлээ.

За харин өөртэй нь хамт төмөр замын асуудлаар шалгагдаж буй гэгдэж ирсэн Ч.Гансүхийг “ хуульч, эрх зүйч хүн. Өнөөдөр Монгол Улсын бизнесийн орчинд хамгийн түрүүнд хийх зүйл бол дэд бүтэц. Төмөр зам дээрээ махлагдаж байсан хүний хувьд дахиад Ч.Гансүх шиг хүнийг гаргаж ирэхийн тулд хоёр гурван  жил хэрэгтэй гэсэн юм.

Эх сурвалж: Hunnu.mn