Трамп тушаавал Пентагон Хойд Солонгос руу цохилт өгөхөд бэлэн байна

Хойд Солонгос Номхон далайн Гуамын арал дахь Америкийн  цэргийн баазад урьдчилсан цохилт өгөх төлөвлөгөөгөө ажил хэрэг болгоход ойртоод буйг тус улсын Ардын армийн  командлалаас мэдээлсэн билээ. Мэдээллээс үзэхэд дунд тусгалын “Хвасон-12” гэх дөрвөн баллистик пуужинг харван туршина гэж буй. Тэдгээр пуужингууд нь Японы Симанэ, Хирошима, Коти мужуудын дээгүүр нисэн 3,4 мянган километр замыг туулаад Гуам арлаас  30-40 километрийн зайд унана гэсэн тооцоолол бий.

Сануулахад, энэ сарын  5-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пхеньяны эсрэг  хоригийг чангатгасан тогтоолыг баталсан.  Хойд Солонгост  төмөр, цайр, тугалга, далайн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглож, Гадаад худалдааны банкны  данснуудыг  битүүмжлээд байгаа юм. Үүнд Хойд Солонгосын удирдагч ихээхэн бухимдаж буй нь нэгэнт тодорхой болсон зүйл.

Тэгвэл Америк Хойд Солонгосын удаа дараагийн туршилтын эсрэг арга хэмжээ авах болсон гэх мэдээлэл байна. Хэрэвзээ Дональд Трамп тушаал өгвөл Пентагон Хойд Солонгосын пуужингийн байгууламжуудад урьдчилсан цохилт өгөхөд бэлэн байгаа гэсэн байна. Цохилт өгөх төлөвлөгөөгөө боловсруулаад дууссан аж.

Эргэн сануулахад, Хойд Солонгос өнгөрсөн зургадугаар сард хэд хэдэн баллистик пуужинг харвасан гэх мэдээлэл гарч байсан билээ. Харин Японы Киодо агентлаг  “БНАСАУ-ын харвасан пуужингууд нь баллистик биш байсан. Пуужин  220 км орчим замыг туулаад Японы эдийн засгийн бүсийн усанд унасан. Эдгээр пуужингууд нь далавчит пуужин байсан” хэмээн мэдээлж байсан юм.

Эх сурвалж: Hunnu.mn