Х.Болорчулуун гишүүний дүүгийн хэрэг юу болов!

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны  дүүг сар шинийн баярын өмнө хоёрдугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байх Хавирга Архашаатын боомтоор Хятад улс руу баавгайн савар хууль бусаар гаргах гэж байгаад тагнуулынханд баригдсан гэх мэдээлэл гарснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Х.Болорчулуун гишүүний дүү  Х.Болорбаатарын ар гэрийнхний зүгээс  “Худал мэдээлэл. Өөр адилхан нэртэй хүнтэй андуурсан байна лээ” гэсэн хариултыг хэвлэлд өгсөн байдаг ч,  хууль хяналтынхны шалгалтаар Х.Болорчулуун гишүүний дүү гэдэг нь тодорхой болсон гэх мэдээлэл гарч байсан. Х.Болорбаатар нь тагнуулынханд баригдах үедээ 22-66 Дор дугаартай Лексус -570 маркийн хар өнгийн автомашиндаа 5 ширхэг баавгайн нийт 20 саврыг машиныхаа дугуйнд нуун тээвэрлэж явсан байдаг. Тодотгоход, баавгайн савар Хятадын хар зах дээр нэг бүр нь 5000 юан буюу 1.700.000 төгрөгийн үнэ хүрдэг гэж буй. Тэгэхээр нийтдээ 34 сая төгрөгөөр үнэлэгдэх баавгайн савар тээвэрлэж явж байсан гэх мэдээллийг хэвлэлүүд нийтэлж байсныг эргэн сануулъя. Тэрчлэн УИХ-ын   гишүүний дүүгийн холбогдсон энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь анхаарал татаж өдийг хүрэв

Хууль тогтоомжид хэрхэн заасан байдгийг энэ дашрамд тодотгоё.

Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих

203.1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

203.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долоодугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад оруулж, экологи-эдийн засгийн үнэлгээг нь 6.5 сая, эм нь 7.5 саяар тогтоожээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг юм.

Эх сурвалж: Hunnu.mn