Ц.Чимэдцэрэн  13 тэрбум нэг зуун сая төгрөгийн өрийн үлдэгдлээ төлсөн үү?

26 хүн анх сэжигтнээр татагдаж байсан 14 тэрбумын  хэргийг дан ганцаараа нуруундаа үүрээд, нарсанд таван жил суугаад гарсан хүн бол  “Хадгаламж” банкны Ц.Чимэдцэрэн.  Шоронд байхдаа гайгүй сайн хүмүүжигч гэгдэж асан тэрбээр гарч ирснийхээ дараа хүнээс 1 тэрбумын байрыг нь луйвардсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан билээ. Их хэмжээний мөнгөний хэргээр сууж байгаад гарсан түүнийг хашраагүй л юм байх даа гэж харах хүмүүс цөөнгүй байгаа бил. За тэгээд улсад учруулсан  хохирлоо барагдуулсан уу гэдэг асуудал ч олны анхааралд байдаг.

Тэрбээр хорихоос суллагдах үедээ улсад учруулсан 14 тэрбум төгрөгийн хохирлоос  дөнгөж  900 сая төгрөгийн өрийг барагдуулсан гэх мэдээлэл бий. Тиймээс  түүний 13 тэрбум нэг зуун сая төгрөгийн өрийн үлдэгдлийг төлүүлэхээр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөрөнгийнх нь шинэчилсэн бүртгэлийг хийж, нууц хөрөнгө байгаа эсэхийг нягталсан байдаг.

Уг нь шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Чимэдцэрэнгийн Төрийн ордны хойд талд байрлалтай орон сууц болон хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг нь хураан авч улсын орлого болгосон ч хохирлоос нь дөнгөж 900 сая төгрөгийг барагдуулсан гэх албан мэдээ  бий гэдгийг дахиад тодотгоё. Улсад учруулсан хохирлоо ийм маягаар зүгээр орхисон байж болзошгүй  Ц.Чимэдцэрэн  2013 онд албаны гадаад паспортоор хил нэвтрэх хүсэлтэй байгаагаа  хуулийн байгууллагад илэрхийлсэн байдаг. Чухам харин хил нэвтэрсэн эсэх мэдээлэл нь тодорхой бус юм.

Тэр өдгөө эрх чөлөөтэй яваагийн цаана хамжиж дэмжсэн хүмүүсийнх нь нөмөр нөөлөг бий биз. Одоогоос 9 жилийн өмнө 2007 онд “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг улайм цайм дутаж, улстөрийн хүрээнд хүчтэй шуурга дэгдэж байлаа. Тухайн үед уг хэрэгт холбогдсон Г.Занданшатар, Т.Бадамжунай  нарын нөхдүүдийг алга болсон 14 тэрбумаар БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж байсан ч, хэргийн гол эзэн нь тэд биш, харин тус банкны ахлах нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч тодорсон юм. Хэдийгээр энэ нь нийгэмд итгэл төрүүлсэн төгсгөл биш байсан ч, яалтай билээ. Ямар ч байсан Ц.Чимэдцэрэн Солонгосын казинод зуун мянгаас сая хүртэл ам.доллараар тоглочихдог, тунчиг бийлэгжүү нэгэн байсныг нь гэрчлэх баримтууд байсан байдаг. Түүнийг “1997-2007 онд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, чек ашиглан гүйлгээ хийж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эд хөрөнгө, өмчийг шамшигдуулж, онц их хэмжээний хохирол учруулсан. Ингэхдээ банкнаас банкны хооронд хуурамч гүйлгээ хийдэг. Энэ нь Хадгаламж банкинд бүртгэгддэггүй. Хувийн дансаа ашигладаг байсан гэдэг нь тогтоогдсон байдаг. Тэр өөрөө ганцаараа бүгдийг үйлдсэн гэдэг ч, улстөр дэх хамтран зүтгэгчидгүйгээр төр улсын банкнаас тэгж их луйвар хийж, тэрийгээ нууж хааж явна гэдэг боломжгүй зүйл гэдгийг уг нь хаа хаанаа ухаарахтайгаа л даа. Гээд яахав, нэгэнтээ мань эр ганцаараа ялаа үүрэх гээд би л хэрэгтэн гээд байхад, хууль хүчнийхэн итгээд өнгөрсөн юмдаг уу даа. Ямартай ч 2008 оны гуравдугаар сарын 17-ны шүүх хурлын шийдвэрээр Ц.Чимэдцэрэн 220 удаагийн үйлдлээр 14 тэрбум 385 сая төгрөг завшсан нь тогтоогдож арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Түүнийг банк хооронд 63 удаагийн үйлдлээр 5.3 тэрбум төгрөг, компани, иргэдийн данс ашиглан 35 удаа 4.1 тэрбум, төрийн байгууллага руу 12 удаа 256 сая гаруй төгрөг, нийт 110 удаа 9.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн гэдгийг нотлох баримтаар тогтоосон байдаг. Тэрбээр Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг худалдаж, банк хоорондын зээлийн хүүг нэмэгдүүлэх зэрэг аргаар тэрбум тэрбумаар нь хувьдаа мөнгө гаргаж ашиглаж байсан аж. Уг нь Улсын яллагч “Банкны шат шатны ажилчид, дарга нар хяналтаа сайн хийсэн бол ийм их хэмжээний хохирол учруулж чадахгүй байх боломжтой байсан юм” гэж байсан ч тэр ганцаараа хийсэн гэж гүрийсээр, 10 жилийн ялаа сонсоод, шоронгийн хоригдол болсон юм. Гэхдээ тэр нарсанд бусад шиг дарамтлуулаагүй. Цагдан хоригдсон хугацаатайгаа нийлээд таван жилийн ялыг биечлэн эдэлсэн бөгөөд хөдөлмөр эрхэлж байсан тул “ялтан хөдөлмөр эрхэлбэл эдлэх ялын хугацаанаас шагналын хоног хасах тухай” заалтын дагуу улиралд 30 хоног буюу жилд дөрвөн сарыг хасуулан тооцуулсан байдаг. Гол нь 2009 оны долдугаар сарын 9-нд гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1-д “Анх удаа хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялаас гурван жилийг хасна” гэж заасны дагуу түүний ялаас гурван жил нь хасагджээ. Түүнчлэн 2011 онд баяр наадмын үеэр дэглэм бууруулсан бөгөөд жирийн дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн байдаг. Тэгээд шоронгоос гарах хүртэлх хугацаандаа хорих ангийн номын санчаар ажиллаж байгаад гарсан байдаг юм.

Эх сурвалж: Hunnu.mn

  • mgl
    (202.9.40.251)
    arai denduu yumaa, nugel ni nudeer gedeg ug baidag daa.
    2017-08-29T14:44:21Z
  • dsf
    (202.170.84.83)
    dsfsdf
    2017-08-14T09:08:35Z
  • sdfsdf
    (202.170.84.83)
    sdfsdfsdsdf
    2017-08-14T09:07:06Z
  • (59.153.113.128)
    Khurelsukhees asuu
    2017-08-13T03:20:35Z