“Нэг л мэдэхэд 5-6 мөнгө хүүлэгчдээс 1-10 сая төгрөг зээлж авсан байдаг”

“Өдрийн буюу хоногийн зээл авсан иргэдийн амьдрал 2-3 жилийн дараа тэр чигээрээ сүйрч гэр орон, жижигхэн бичил бизнесээ хүртэл алдаж сэтгэл санаа болон бие махбодийн дарамтад ордог. Эдгээр хүмүүс өглөөний нарнаас оройн нарны хооронд амьдарч нийгмийн асуудалдаа анхаарал тавьж чадаггүй учир бидэнд хандсан юм. Бид энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлнэ” хэмээн Монголын Худалдаачдын холбооны тэргүүн И.Тунгалагтуяа хэлж байна. Гар дээрээс худалдаа эрхэлдэг иргэдийн 57,7 хувь өдрийн буюу хоногийн зээлтэй байгаа аж. Банк зээл хүссэн иргэдэд хэт өндөр шаардлага тавьж барьцаа хөрөнгө шаарддаг учраас иргэд хоногийн зээл авахаас өөр аргагүй байдалд ордог аж.

Үнэндээ бол “Хоногийн зээлийн боол” болсон Монголчууд дэндүү олон байна. Тэд эх нутгийнхаа газар шороон дээр хүний газар амьдарч байгаагаас хэд дахин илүү зовж зүдэрч амьдарч байгаа Монголчууд. Нэгэнтээ улс орны хөгжил тааруу, хүнийхээ олонхыг дэмжсэн бодлогыг боловсруулж, шийдвэрийг үзэглэж, хэрэгжилтийг хянаж чаддаггүй улстөр ноёрхсон он жилүүдэд иргэд нь хүн шиг амьдрахын тулд дор бүрнээ зүтгэж, чадлаараа зүтгэж байгаа ч, яг сайхан амьдраад байгаа нь хуруу дарам цөөхөн болов уу. Яаж ийж байгаад тав арван цаастай болж байгаад наймаа хийж амьдралаа өргөөд явъя гэж санасан олон хүн “хоногийн зээл” олгогчид гэх тодотголтой мафижсан сүлжээний дарамт дор орж, нэг насны амьдралаа там болгож байгаа талаар бид сүүлийн үед цөөнгүй сонсож буй. Үүнийг бусад сенсааци тарих зорилготой сэдвүүдээс өөрөөр харж, гарц, гаргалгаа нь хаана байгаа вэ гэдэгт анхаарал хандуулах нь чухал юм. Ажил хийгээд цалингаараа амьдрах боломж хомс, цэвэрлэгчээр ажилд оръё гэхэд бакалаврын диплом урдаас нь нэхээд салдаггүй ийм нийгэмд иргэд өөрөө өөртөө л ажлын байр бий болгохоос өөр аргагүйд хүрч байгаа. Нэг ёсондоо энд тэнд лангуу түрээслэж наймаа арилжаа хийж байж л арав таван цаас олж амьжиргаагаа залгуулахаас өөр гарцгүйд хүрсэн иргэд эцэс сүүлдээ өрөө төлөхөөс нааш үхэх эрхгүй болсон хяслантай амьдралд хүрнэ чинээ хэнийх нь ч зүүдэнд орж байгаагүй биз. Харамсалтай нь, тэд нэг л мэдэхэд дэндүү хэцүү ангал руу орчихжээ. Ямартаа л  нэгэн эмэгтэй “Залуу байсан бол биеэ үнэлээд ч хамаагүй өрнөөсөө гарах юм сан гэж мөрөөддөг” хэмээн  ярьж суугаа нь үнэхээр сэтгэл өвтгөм хэрэг юм. Тэр эмэгтэй наймаа хийж амьдралаа залгуулъя гэж л зорьсноос биш эцэстээ мөнгө хүүлэгчдийн арга бачинд унаж амьдралаа сүйрүүлье гэж хүсээгүй нь бодит үнэн биз ээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол мөнгө хүүлэгчдийн цаад жинхэнэ эзэд нь япон, солонгос, хятадууд бөгөөд тэдэнтэй ойр нөхөрлөсөн монголчууд байдаг аж. Тэд “Нарантуул”, “Да Хүрээ”, “Хүчит Шонхор” гэхчлэн хаана л жижиг лангуу наймаа эрхлэгсэд байна, тэдэнд хүрч мөнгөө зээлдүүлэн улмаар тэднийг өөрсдийн эрхшээл дорх боол мэт нөхцөл байдалд оруулдаг байна. Нэгэнтээ Монголын банкуудаас зээл авч чадахгүй тэдгээр иргэд барьцаагүй, өндөр хүүтэй мөнгө зээлээд өдөр тутам эргэн төлөлт хийнэ гэсэн тохиролцооны цаана өөрийг нь мөнхийн мөнгөний боол болгож, өөрийнх нь амьд явах эрхээр наймаалцаж байгаа гэдгийг эхэндээ мэддэггүй ажээ. Наймаагаа гайгүй явуулчих гээд мөнгө хүүлэгчээс 2 сая төгрөг зээлсэн иргэн нэг л мэдэхэд 4.7 сая төгрөг төлөх болчихсон, бодит байдлаа харахаар бараа татах мөнгө битгий хэл, гэртээ аваад харих ширхэг ч талхны мөнгөгүй болчихсон, зөвхөн өдөр тутам төлөх ёстой мөнгөө хаанаас яаж олох вэ гэсэн бодлоос өөр юм толгойд нь орохоо больчихсон байдаг аж. Тийм байдалд орсон хүн яах вэ? Дахиад л мөнгө хүүлэгчээс мөнгө зээлнэ. Тэгээд өмнөх мөнгө хүүлэгчийнхээ өрийг төлнө. Тэгээд л маргаашнаас дахиад л нөгөөх өрөө хэрхэн дарах тухайгаа бодно!

Хамгийн аймшигтай нь мөнгө хүүлэгчид иргэдийн санхүүгийн мэдлэг багыг далимдуулж хүүгийн хүүгийн хүүг бодож, ганцхан сарын дотор наймаачдаас 300-400 сая төгрөгийн цэвэр ашиг олдог гэх судалгаа ч байх юм. Мөнгө хайсан хүнд мөнгө хүүлэгчид эхлээд эвтэйхнээр нөхцөл тулгадаг аж. Жишээ нь, 1 сая төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлнэ гэдэг ч, эргэн төлөлтийн тухайд өдөр бүр 50 мянган төгрөгийг буцаан өгөх ёстой гэдэг аж. Зээлсэн мөнгөө тодорхой хэмжээнд эргэлтэд оруулах нь зөв зүйтэй байтал тухайн наймаачинд тийм боломж олддоггүй. Юун тэр бизнесийн эргэлтээ бодох манатай, маргаашийн төлөх мөнгөө яах вэ гэдэгт л санаагаа чилээхээс өөр сонголт үлддэггүй аж. Хэрэв мөнгө хүүлэгч зээл хүсэгчид 1 сая төгрөг зээлүүлэхдээ хүүнээс гадна өдөр бүр мөнгө авна гэсэн нөхцлийг тулгадаггүй байсан бол нөхцөл байдал өөр байж болох. Гэвч иргэд яах аргагүй мөнгө хэрэгтэй тул мөнгө хүүлэгчдээс хараат байсаар л байна. Мөнгө хүүлэгчдээс зээл авахад амархан байдаг нь иргэдийн хувьд тэдний урхинд орох тулгуур нөхцөл болдог байна. Мөнгө хүүлэгчдийн дарамтад орсон нэгэн иргэн энэ талаар хэвлэлд ярихдаа зээл авахад амархан гэдгийг хэлээд “…Хүү нь бүр 20 хувь шүү дээ. Сарын 25 болон 50 хоногоор гаргадаг юм. Хэрвээ жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гэдэг шиг бага хүүтэй зээл өгч энэ их наймаачдаа харж үзвэл олон иргэний амьжиргаа дээшилнэ дээ Дээр нь тэд ийм өндөр хүүтэй зээл авч цагдаа, шүүхээр явахгүй шүү дээ.

Өнөөдөр л гэхэд манай хамаатнуудад цагдаагийнхан дээр залилангийн хэрэг үүсгэчихсэн яваа. Ийм аргаар мөнгө хүүлэхээр цагдаа дээр очоод залилан, харин шүүх дээр иргэний хэрэг болчихоод байдаг юм. -Цагдаа дээр очихоороо залилангийн хэрэг болоод байдгийг нь тайлбарлая. Яагаад гэвэл, тухайн зээлдэгч мөнгөө төлөхийн тулд олон хүн рүү ханддаг. Тэгсэн мөртлөө төлөлт хийчихсэн байдаг. Гэтэл өнөөх мөнгө хүүлэгчид төлсөн мөнгийг нь тооцдоггүй. Зээлдэгч өөрөө өдөр бүрээр төлсөн мөнгөө тэмдэглээд бүх мөнгөө төлсөн байлаа гэхэд цаад мөнгө хүүлэгчид нь баримтыг нь гаргаж ирэхгүй бол зээлдэгчийн гар бичмэл баримт болж чадахгүй. Тэгэхээр хохирогч нь мөнгөө төлж дуусч байсан ч дуусаагүй, хүүлэгчид маш их мөнгө авчихаад юу ч аваагүй болж харагдаад байгаа юм. Яагаад баримтыг нь нуугаад байдаг нь тодорхой. Их мөнгөнд их хүү тогтоочихсон болохоор асуудал үүснэ шүү дээ. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй, татвар төлдөггүй болохоор тэд тэгж нуугаад байдаг юм.

Одоо миний сайн таних хүн хоёр сая төгрөгийн зээл авч нэг сая 700 мянган төгрөгийг нь төлчихөөд хамаг юмаа алдаж байна.” хэмээн ярьсан байгаа юм. Мөнгө хүүлэгчдийн мөнгөнд дулдуйдсан эрх ашгийн золиос болсон иргэдийн гунигт түүх харамсалтай нь дэндүү олон юм. Дахин нэг бодит жишээг хүргэхэд, Б.Ариунжаргал гэх бүсгүй Офицеруудын ордны зүүн талд байрлах “Баянзүрх 2” Худалдааны төвд гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр худалдан авсан лангуугаа боломжийн хэмжээнд авч явахын тулд, компаниудаас татаж авсан барааныхаа тооцоог хийх гээд тодорхой хэмжээний мөнгө дутсанаас анхлан хоногийн зээл авч эхлээд, улмаар зээлийн боол болсон байдаг. Бүсгүй анх мөнгө хүүлэгчээс 1 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, өдөр бүр 36000 төгрөг төлөх гэрээ байгуулжээ. Тэгээд мөнгөө тухай бүрт нь өгч, зээлдүүлэгч нь ч сар бүр түүнд мөнгө зээлүүлдэг болж, зээлэх мөнгөнийх нь ч хэмжээ нэмэгдсээр байжээ. Харамсалтай нь нэг л мэдэхэд тэрбээр өдөрт олсон орлогоо тэр чигээр нь мөнгө хүүлэгчид өгч, сарын сүүлд компаниудынхаа тооцоог хийх ямар ч мөнгөгүй хоцорч эхэлсэн байдаг.

Тэгээд л компаниудынхаа тооцоог тэглэж дахин авахын тулд мөнгө хүүлэгчид эргээд л ханддаг. Тийм байдлаар явсаар байгаад нэг л мэдэхэд 5-6 мөнгө хүүлэгчдээс 1-10 сая төгрөг зээлж авсан байдаг. Хүн залилах гэж биш лангуугаа гайгүй ажиллуулах гэж мөнгө зээлсэн бүсгүй мөнгө хүүлэгчдийн хэрсэн торонд тэлчлэгдэн зовсоор. Мөнгөө төлж чадахгүй бол мөнгө хүүлэгчид сүрдүүлнэ, хажууд нь манаж зогсч байгаад бүх орлогыг нь хуу хамж явсаар. Харамсалтай нь бүсгүйн өр дууссангүй ээ. Тэрбээр цагдан хоригдож зөндөө зовсон байдаг. Энэ бүсгүй шиг ийм зовлонт амьдралыг туулж яваа олон олон хүн Монголд бий. Тиймээс л шийдэл гарц хамгийн чухал байгаа юм. Энэхүү луйврын пирамид зөвхөн манайд сүндэрлээд өдийг хүрсэн хэрэг бас биш л дээ. Тиймээс ч дэлхийн улс орнуудад энэ асуудлыг цэгцлэх алхмууд хийгдэж байгаа аж. Тухайлбал, манай хойд хөрш ОХУ-д санхүүгийн боолуудыг чөлөөлөхөд ерөнхийлөгч нь хүртэл бодлого боловсруулж, санхүүгийн луйвартай тэмцэж байдаг.

Бусад улс орнуудад зээлийн акулууд хэмээн нэрлэж, мөнгө хүүлэх дээд хэмжээ хязгаарыг тогтоож, бүртгэлжүүлж, хяналтандаа авах замаар мөнгө зээлэгч нарыг элдэв дарамтнаас хамгаалах арга хэмжээг авч байна. Манай төр ч гэсэн энэ асуудлыг анхааралдаа авч, бодлого боловсруулах ёстой байна.

Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn