14 дүгээр сургуулийн сурагчид шинэ сургуульдаа орлоо

Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр сургуулийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургуулийн барилгыг өргөтгөн шинээр барьснаар суудлын тоо 10680-аар нэмэгдсэн. Өнгөрсөн хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэдэг 31 сургууль байсан бол энэ тоог өнөөдрийн байдлаар таваар буулгасан. байгаа. Цаашид энэ тоог бууруулах чиглэлээр ажилласаар байна. Мөн нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хороо бүрийг цэцэрлэгтэй болгох зорилт тавьсан. Үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2016 онд 26 хороо цэцэрлэггүй байсныг энэ онд 23 болгож бууруулж чадлаа. Ерөнхийдөө боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлхийн тулд бидний нэн тэргүүний хийх ёстой ажил бол сургуулийн байр, суудлын хүртээмжийг сайжруулах явдал юм. Тиймээс энэ чиглэлд илүү анхаарч ажиллах болно” хэмээн нээлтийн үеэр онцоллоо.

Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн байр 2013 онд бие засах өрөөнүүдээсээ эхлэн нурснаар тус сургуульд сургалт явуулах боломжгүй болж багш, сурагчдаа дөрвөн сургууль руу тараан, өнөөг хүртэл хүндхэн нөхцөл байдалтай хичээллэж байсан юм. Бага болон 3-5 дугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуульд, 6, 7, 9-12 дугаар ангиуд 92, 8 дугаар анги нь 53 дугаар сургуульд хичээллэж байсан билээ. Харин тус сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадалтай шинэ байрны барилгын ажил дуусч, өнөөдөр ийнхүү нээлтээ хийв.   Уг сургуулийн байрыг ашиглалтад оруулснаар “Шавь” цогцолбор сургууль гурван ээлжээс гарч, 92, 53 дугаар сургуулийн ачаалал буурлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна