С.Зоригтой он жилийн улстөрийн марафон ба НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛ-тэй хэрэг

1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Санжаасүрэнгийн С.Зориг агсан харамсалтайгаар амиа алдсан билээ.  Түүнээс хойшх аравдугаар сарын 2-ны өдрүүд хэргийн учиг зангилаа хэзээ тайлагдах вэ гэдэг асуултад  үргэлж хариулт нэхэж ирсэн. Тэгвэл энэ жилийн тухайд өөр. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар шат шатны шүүхээс ял сонссон. Гэхдээ энэ хэргийг шат шатны шүүх хаалттайгаар хэлэлцэж, шийдвэрлэсэн нь нийгэмд ихээхэн эргэлзээ дагуулж байсныг хэлэх хэрэгтэй. ОУПХ-ны зүгээс С.Зориг агсны амийг хөнөөсөн  хэргийг нууцын зэрэглэлээс гаргана гэдэгт найдаж буйгаа өнгөрсөн сарын дундуур илэрхийлсэн билээ.

Афганистан Улсын парламентын гишүүн, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгч, хатагтай Фавзиа Күүфи  Монгол Улсад албан томилолтоор ажилласан талаараа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн билээ. Хатагтай Фавзиа Күүфи хэлэхдээ, “Бидний энэ удаагийн албан томилолтын зорилго С.Зориг агсны хэргийн талаарх үнэнийг тодруулахад оршиж байлаа. Бид С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар албаны болон бусад хүмүүстэй уулзсан. Харамсалтай нь хэрэгт яллагдсан хүмүүстэй уулзаж чадсангүй. ОУПХ-нд энэ хэрэг 2000 онд албан ёсоор ирсэн байдаг. Энэхүү хэрэгтэй холбогдуулж Парламентчдын хүний эрхийн хороо 50 удаа шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсад гурван удаа ирж ажиллаад байна. Олон улсын хууль тогтоомж, гэрээ, конвенцийн хүрээнд бид Засгийн газар, хууль тогтоох байгууллагуудад туслаж, дэмжлэг үзүүлэхийг зорьдог. С.Зориг агсны хэрэг Монгол Улсын хувьд нууцын зэрэглэлтэй тул тодорхой нарийн мэдээлэл авах боломж хомс байдаг. Гэсэн ч Парламентчдын хүний эрхийн хороо хэргийг анхааралдаа байнга байлгах болно. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар энэхүү хэргийг үнэн зөв, шуурхай шийдвэрлэхэд тодорхой арга хэмжээ авч, нууцын зэрэглэлээс гаргана гэдэгт найдаж байна. Мөн Монгол Улсад албан томилолтоор ажилласан ОУПХ-ны төлөөлөгчдийн тайланг өөрийн албан ёсны цахим хуудастаа байрлуулж, ОУПХ-ны Удирдах зөвлөлөөр хэлэлцэх болно” гэсэн юм.

Одоогоор ОУПХ-ны энэ байр суурьт албаныхан ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна. Монгол Улсын шүүх шат шатандаа энэ хэргийг хэлэлцээд шийдсэн. Хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэлэлцсэн юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай алсан, мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг  бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын 4 хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар тус бүр 25 жил хорих ял, Т.Чимгээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 24 жил хорих ял  оногдуулсан байсан.

 Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оролцуулсан гэх үйлдлийг нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, шүүгдэгч нарт ногдуулах ял хөнгөрч,  эрх зүйн байдлыг нь дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.  Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа  нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

Ингэснээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 19 дэх жил дээрээ эцэслэн шийдвэрлэгдсэн. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн хэргийг нууцын зэрэглэлээс гаргах ёстой гэсэн шаардлагыг талууд тавьсаар байна.

Энэ дашрамд, С.Зориг  амиа алдах үед улстөрийн тогоонд үйл явдал хэрхэн өрнөж байсныг эргэн санацгаая.

С.Зориг амиа алдсан 1998 оныг угтсан  Монголын улстөрийн нөхцөл байдал, уур амьсгал ямар байсныг  Баабар “Ерэн найман он-1” нийтлэлдээ өгүүлсэн байдлыг ишлэн хүргэе.

“...Энхбаяр УИХ-д орж ирснээр хийсэн анхны ажил нь Энхсайханы Засгийн газрыг огцруулах оролдлого байв. Түүний санаачлага, МАХН-ын бүлгийн гарын үсгийн дагуу Монголд анх удаа Засгийн газрыг огцруулах санал хураалт боллоо. Ардчилсан холбоо эвсэл нийт 50 суудалтай байсан, яг л тийм тооны санал Энхсайханыг дэмжсэн юм. Гэвч бие даагч Дашбалбар Энхсайханд харуулж байгаад улаан балаар дэмжиж дугуйлсан болохоор эвслээс хэн нэг нь нөгөө талд санал өгчээ. Энэ бол Зориг байсан юм...” хэмээн өгүүлжээ.  Цаашлаад Зориг, Энхсайхан хоёрын зөрчил энэ үед маш хурцадсан байсныг,  1996 оны сонгуулийн дүн гарсан өдөр сонгуулийн кампани удирдаж байсан Энхсайхан Улаанбаатарт байгаа хэдхэн хүнтэй ярьж тохироод Ерөнхий сайдад дэвшчихсэн байхад нь эзгүй байсан эвслийн гол шийдвэр гаргагч нар болох Элбэгдорж, Ганболд, Бат-Үүл, Гончигдорж, Зориг нар ирээд дургүйцэж байсан ч, маргалдахаасаа цааргалсан аж. Харин  Зориг агсан л ярьж тохиролгүй гаргасан шийдвэрт нь дургүйцсэнээ илэрхийлсэн  бөгөөд үүнээс өмнө МҮАН-ын даргын марафон болж Элбэгдорж Ганболдыг ялсан байдаг. Энэ марафоны цаад утга нь ялсан тохиолдолд намын дарга Ерөнхий сайд болох тохироо байсан тухай нийтлэлд өгүүлсэн байдаг юм.

Цаашлаад үйл явдал хэрхэн өрнөснөөс үзэхэд Энхсайхан,  Зориг нарын зөрчил явсаар эсрэг намынханд  өгөөш болж тухайн үеийн ХЗДХ-ийн дэд сайд ТЕГ-ийн даргыг зайлуулахын тулд тэднийг ашигласан гэх агуулга ч бий. Мөн С.Зориг М.Энхсайханыг огцруулж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгохын тулд Н.Энхбаяртай ойртож дэм авч, үр дүнд хүрсэн ч, дараа нь Н.Энхбаяр нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг айлгаж эхэлсэн байдаг. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байв. Улстөр өрнөсөөр  дээр өгүүлсэнчлэн С.Зориг Дэд бүтцийн сайдаас Ерөнхий сайдын албан тушаалд очих өндөр магадлалтай болсон байв. Тэр үед Ерөнхийлөгч Н.Багабанди Э.Бат-үүлийг бус С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байсан билээ. Тэр үе нь  Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын далдхан тэмцлийн гал ассан  үе. Өнгөц харвал С.Зориг амиа алдахаас өмнөх улстөрийн нөхцөл байдал иймэрхүү байсан байдаг.

За тэгээд 98 оноос хойш он жилүүдэд улстөрийн хоёр гол хүчин С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр сонгуулийн шоу хэрхэн хийж байсныг Монголчууд мартаагүй санаж буй биз. Ямартай ч Ц.Элбэгдорж 8 жил Ерөнхийлөгчийн суудалд суугаад буусан он жилүүдийн төгсгөлд энэ хэрэгт цэг тавигдсан юм.

Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn