Амаараа гартал иддэгээ боль, 22 цагт унтаж занш!

Энэ долоо хоногийн даваа гарагт Нобелийн шагналын хорооноос Физиологи, Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнуудыг зарласан юм. Хоногийн хэмнэлд биологийн дотоод цаг хэрхэн ажилладгийг молекул биологийн түвшний механизмыг тайлж чадсан Жеффри Холл, Майкл Росбэш, Майкл Янг нар хамтран хүртжээ.

Америкийн 3 эрдэмтэд судалгаагаараа биологийн дотоод цагийг тохируулж байдаг period хэмээх генийг илрүүлсэн ба энэ генийн идэвхжлийг PER уураг дарангуйлж байгааг олон жилийн судалгааны үр дүнгээрээ баталжээ. Энэхүү генийн идэвхжил болон дарангуйлагдах механизм нь өдөр шөнийн хамааралтай ажээ. Энэ нээлт нь хоногийн хэмнэл дэхь биеийн дулаан, артерийн даралт, нойрны хэмнэл, ааш зан, дааврын зохицуулга, хоолны дуршил гэх мэт физиологийн механизмыг бүрэн тайлахад түлхэц болж байгаа юм.

Хүний биеийн дулаан эрчим үүрийн 04 - 05 цагт хамгийн доод цэгтээ буусан байдаг ба харин оройн 18 - 19 цагийн үед биеийн дулаан эрчим дээд хэмжээндээ хүрсэн байдаг. Энэ хоногийн хэмнэлийг клиник жишээн дээр тайлбарлавал хүнд өвчтэй хүмүүс нас барахдаа ихэвчлэн биеийн дулаан эрчим хамгийн доод хэмнэлд байх үүр шөнийн заагаар тохиолддог. Артерийн даралтын хувьд өглөө 07 цагийн орчимд хэвийн хэмжээнээс бага байх мөртлөө орой 19 цагийн үед хэвийн хэмжээнээс ихэссэн байдаг. Энэ нь энгийн хүнд илэрч байдаг хоногийн хэмнэл хамааралтай эрүүл физиологийн өөрчлөлт юм. Эдгээр өөрчлөлтүүд нь байгалийн гэрлийн мэдрэмжээр зохицуулагддаг мелатонин, кортизол даавартай мөн холбогддог. Энэ хоёр даавар нь эсрэг хамааралтай. Тархины боргоцой булчирхайгаас ялгарах нойрыг зохицуулдаг мелатонин даавар нь оройн 21 цагаас эхэлж ялгарч эхэлдэг ба 22 цаг гэхэд хүн унтаж амрах үед ялгарал нь улам нэмэгддэг байна. Энэ даавар нь бие мах бодийн өсөлт хөгжилтөнд нөлөөлдөг соматотропин дааврын ялгарлыг идэвхжүүлдэг. Өөрөөр хэлбэл 22 цаг гэхэд унтаж амарснаар өдрийн стресс ачааллын кортизол дааврын хэмжээг бууруулах, өсөлтийн дааврын нөлөөгөөр хүүхдүүд өндөр болох, булчингийн хөгжил нэмэгдэх зэрэг эерэг үр нөлөөтэй. Эдгээр дааврын зохицуулгууд нь хоорондоо нарийн хамраалалтай өрнөдөг ба гол тоглогч нь өдөр шөнийн хэмнэлээр зохицуулагддаг шинэ нээлт болох period ген, PER уургийн нийлэгжилттээс шууд хамааралтай байдаг гэдгийг дээрхи гурван эрдэмтэд тайлснаар Нобелийн шагнал хүртжээ. Нобелийн шагналтнуудын бүтээл нь хүмүүсийн амьдралд үр өгөөжөө өгсөөр байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн оны Физиологи, Анагаах ухааны Нобелийн шагнал хүртсэн Японы эрдэмтэн Ёошинори Осумийн эсийн аутофаги механизмийн генийг нээсэн явдал нь бидний эрүүл мэндээ хамгаалах зан үйлд шууд тусгалаа олсон. Эсийн дотоод зохицуулгаараа хөгширсөн, үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон эсүүдээ өөрийгөө идэх буюу аутофаги механизмаар цэвэрлэдэг. Энэ механизм алдагдах нь паркинсоны өвчин, чихрийн шижин хэв шинж 2, хавдрын үед тохиолддог. Аутофаги механизмыг зохицуулдаг генийг нээснээр дээрхи өвчин эмгэгийн эмчилгээнд ахиц авчирч байгаа юм. Сонирхуулахад Монголчууд бидний уламжлалд байдаг мацаг барих, өлсөх үед эсийн аутофаги механизм идэвхжиж хөгширсөн, үүрэг гүйцэтгэх чадваргүй эсүүдээ идэж цэвэрлэдэг ажээ. Эрдэмтэн судлаачдын судалгаа бүтээл бүхэн хүн төрөлхтний сайн сайхны төлөө байдаг билээ. Чөмгөө дундартал сууж хөдөлмөрлөсөн эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийн үр шимийг бид бүхэн амьдралдаа дадал зуршил болгох учиртай. Өглөө эрт босож байя, орой 22 цагт унтаж заншья, өлсөх нь эрүүл мэндэд тустай учир амаараа гартал иддэгээ больцгооё! Танд эрүүл амьдралын дадал хүсье!

Хүндэтгэсэн: Цахим Эмч