Криштиано Роналдо: Булчин гэх юмгүй турьхан хүү байлаа, би...

Португалын нэрт хөлбөмбөгч Криштиано Роналдо ийм нэгэн дурсамжаа олон нийттэй хуваалцжээ. Таалан болгооно уу.

"Долоон настай байхын үеийн минь нэгэн дурсамж одоо ч сэтгэлд минь хурц тод, үнэтэй хэвээр. Та бүхэнд би тэр дурсамжаасаа яг одоо хуваалцья. Энэ бол миний гэр бүлтэй холбоотой их эеврүү дулаан дурсамж юм.

Би дөнгөж л мэргэжлийн хөлбөмбөг тоглож эхэлж байв. Үүнээс өмнө бол Мадейрагийнхаа гудамжинд найзуудтайгаа бөмбөг өшиглөдөг байлаа. Гудамж гэхээр би хов хоосон гудамж хэлээгүй шүү. Жинхэнэ гудамж. Жинхэнэ гудамж ямар байдаг билээ дээ. Байсхийгээд л машин давхиж, бид тэр бүрийд тоглоомоо түр зогсооход хүрнэ. Гэхдээ ингээд гудамжинд тоглож байхдаа би баяр баясгалан дүүрэн, илүү зүйл хүсэхгүй байж. Гэвч аав намайг “Андоринья” багт ажиллаж байхдаа өсвөрийн багт нь оруулна гэлээ. Надад хөлбөмбөгийн жинхэнэ багт тоглоно гэдэг бахархам сайхан зүйл шиг санагдсан тул би баяртайяа очсон.

Эхний өдрөө ойлгодоггүй, мэддэггүй байсан дүрмүүдээ сурлаа. Дүрмүүд сайхан санагдсан. Тэгээд л тоглолтод улайрч, ялалт руу тэмүүлсэн. Бавайсан сахалтай аав минь миний тоглолт бүрийг талбайн хажуугаас харж зогсдогсон. Аав хөлбөмбөгт их дуртай. Харин ээж, эгч ердөө сонирхдоггүй.

Оройн хоол болгон дээр л аав намайг хөлбөмбөг хэрхэн тоглохыг очиж харуулахын тулд ээж, эгч хоёрыг “найрна”. Ер нь аав миний анхны агент байсан гээд хэлчихэж болно. Заримдаа аав орой гэрт очоод “Криштиано гоол оруулсан шүү дээ!” гэж бахархангуй дуугаар хэлэхэд ээж “Өө тэгээ юу. Овоо доо” л гэж хариулна. Дараа нь аав гэртээ ирээд “Криштиано бүр хоёрын хоёр гоол оруулчихлаа шүү дээ!!!” гэхэд ээж, эгч яг урьдын адил огт хөөрч догдолсон шинжгүй өнөөх хариугаа хэлдэгсэн. Тэгэхэд аав гэр даяар “Миний хүү Крис үнэхээр үнэхээр сайн байгаа” гэж чанга хэлдэг байж билээ.

Нэг орой аав гэртээ ирээд хэллээ. “Криштиано гурван гоол оруулчихлаа!!! Үнэхээр гайхамшигтай тоглосон. Та нар очиж түүнийг яаж тоглодгийг харах хэрэгтэй!” гэж хэлэв.

Дараагийн тоглолтын өмнөх бие халаалт хийхдээ би талбайн хажуу руу байн байн харна. Гэтэл ээж, эгч хоёр ирчихсэн сууж байдаг байгаа. Тэр агшинд юу мэдэрснээ хэзээ ч би мартахгүй. Тэд тоглолтыг үзэхдээ сэтгэл хангалуун нь аргагүй хашгирч, алга ташиж, намайг харахаар өөдөөс гараараа алдалж, яг л би баярын жагсаалд яваа юм санагдаж билээ. Тэд өмнө нь хэзээ ч хөлбөмбөгийн тоглолт үзэж байгаагүй юм шиг догдолсон харагдсан. Уг нь өмнө нь хөлбөмбөг үзэж л байсан шүү дээ. Тэгсэн хэрнээ л намайг хараад тэгж их хөөрч догдолсон юм.

Тэр тоглолт, тэр мэдрэмж надад их үнэтэй, их утга учиртай байлаа. Тэгэхэд бүх зүйл өөрчлөгдчих л болсон. Өөрөөрөө бахархаж, хөөрсөн. Тэр үед манай гэр бүлийнхэн мөнгө хөрөнгөөр тарчигдуу. Ер нь Мадейрагийн амьдрал хэн хүний хувьд ч хүндхэн байсан цаг. Ах, үеэлүүдийн хуучин пүүзийг өмсөж хөлбөмбөг тоглоно. Хүүхэд байхад ч мөнгө хэрэггүй байдаг хойно. Харин сэтгэл хөдлөл, хөөрөл, бахархал их хэрэгтэй. Тиймээс л тэр өдөр миний хувьд хамгийн сэтгэл хөдөлсөн үе минь юм. Намайг хайрлаж, дэмжиж буйг мэдэрсэн. Португалд menino querido da famila буюу гэрийнхээ хамгийн хайртай хүүхэд гэсэн үг байдаг юм. Тэр нь надад зориулсан үг шиг л тэгэхэд санагдсан.

Яагаад тэр өдрүүдийг эргэн дурсаж байна вэ гэхээр тийм жаргалтай өдрүүд минь цөөхөн байсан юм. Хөлбөмбөг надад бүхнийг өгсөн шигээ бас надаас гэр бүлээсээ хол байхыг шаардсан. 11 настайдаа арлаа орхиж, Лиссабонд очоод “Спортинг”-ийн академид орлоо. Харин энэ бол миний амьдралын хамгийн хэцүү үе.

Тэр хэцүү үеийг эргээд дурсахад одоо ч надад амаргүй байна. Учир нь миний хүү Криштиано яг л над шиг дөрвөн жилийн дараагаар юм хумаа аваад Лондон юмуу Парисыг зорих нь байна шүү дээ. Ингээд бодохоор хүүгээ явуулмааргүй ч юм шиг. Тухайн үед ч гэсэн миний аав ээжид их хэцүү байсан байх даа.

Миний хувьд бол “Спортинг” –т очно гэдэг мөрөөдлөө биелүүлэх эхний алхам байлаа. Хэдийгээр би Португал эх орондоо байсан ч гэсэн үнэндээ хилийн чанадад гарснаас ч хамаагүй хэцүү санагдсан. Нутгийн аялгаасаа болоод эх нутагтаа хэрнээ л харийн хүн шиг гадуурхагдах болсон. Соёл, уламжлал нь ч өөр байлаа. Тэгэхэд их ганцаардсан даа. Эцэг эх маань дөрвөн сар орчмын хугацаанд л ганц удаа эргэнэ. Гэтэл би тэднийгээ өдөр бүр санаж, гуниглана.

Гэвч хөлбөмбөг намайг сэтгэлийн тэнхээтэй байхад сургасан. Академийн бусад хүүхдүүдийн чаддаггүйг чаддаг гэдгээ би мэднэ. Багийн нэг хүү “Та нар харав уу, сая? Тэр юу хийчихэв ээ! Энэ чинь араатан юм биш үү” гэж хэлэхийг би хальт сонссон юм. Ер нь иймэрхүү үгс байсхийгээд л дуулдана. Дасгалжуулагчид хүртэл ингэж уулга алдана. Тэгж хэллээ ч гэсэн тэд заавал араас нь залгуулж “Гэхдээ л тэр хүч султай юм” гэнэ.

Тийм ээ, энэ үнэн. Би туранхай байсан. Надад булчин гэх юм байсангүй. Авьяастай гэдгээ мэддэг ч гэсэн бусдаас илүүтэй хөдөлмөрлөх хэрэгтэйгээ ойлгож байлаа. Тэгээд би хүүхэд шиг тоглохоо, мөн хүүхэд шиг байхаа болихоор шийдсэн. Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч шиг л бэлтгэл хийхээр өөртөө хатуу андгайлсан.

Хаанаас ийм бодол, шийдэл төрснийг мэдэхгүй юм. Бодвол миний дотор л нуугдаж байсан байх. Энэ бол хэзээ ч үгүй болдоггүй өлсөх мэдрэмжтэй төстэй. Хожигдохоор өлсөх шиг. Тэгсэн хэрнээ хожлоо ч гэсэн мөн л өлсөх шиг. Тийм мэдрэмж. Үүнийг би ингэж л зүйрлүүлж хэлж чадна.

Дотуур байрнаасаа шөнө нууцаар гараад талбай дээр очиж, илүү бүр илүү хүчтэй болохын тулд бэлтгэл хийнэ. “Өө, энэ турьхан юмөө” гэх мэт зүйлс хэлдэг байсан хүмүүс хэсэг хугацааны дараагаар намайг хараад ертөнцийн төгсгөлийг үзчихсэн юм шиг алмайрсансан.

“Хэзээ нэгэн цагт дэлхийн шилдэг хөлбөмбөгч болно” гэж багийнхандаа хэлэхдээ би 15 настай байлаа. Тэд шоолон инээлдсэн. Аргагүй дээ, тэгэхэд “Спортинг”-ийн нэгдүгээр багт ч тоглох үзээгүй байлаа шүү дээ. Гэхдээ би өөртөө итгэж байсан юм аа.

17 настайдаа анх мэргэжлийн түвшинд тоглож эхлэхэд ээж сандарч, санаа зовсондоо миний тоглолтыг үзэж чадахгүй ээ. Жозе Алваладегийн хуучин стадионд ирж тоглолт үзэхдээ ээж хэт сандарсандаа хэд хэдэн удаа ухаан алдсан юмдаг.Үнэхээр шүү, ухаан алдан унасан. Миний тоглолтыг үзэхийн өмнө эмч нар ээжид бүр эм өгдөг болсон. Харин би ээжид “Ээж ээ, та саяхан л хөлбөмбөг огт сонирхдоггүй байснаа санаж байна уу?” гэж инээмсэглэн хэлдэгсэн.

Миний мөрөөдөл үүнээс ч том байлаа. Шигшээд тоглохыг мөрөөдөж, Английн Премьер лигийг зурагтаар байнга үздэг болохоор “Манчестер Юнайтед”-д тоглохыг хүссэн. Фергюсоны багийн тоглолтын арга барил, фанатуудынх нь дуулах чимээ намайг соронздон татдаг байж. Английн Премьер лигийн уур амьсгал сайхан. “Юнайтед”-ын тоглогч болсондоо би маш их бахархсан. Гэр бүлийнхэн минь ч гэсэн над шиг байсан биз ээ.

Эхэндээ би цом гардсандаа их хөөрдөг байлаа. Манчестерийн багтайгаа анх Аваргуудын лигийн аварга болсноо санаж байна. Үнэхээр их баярласан. Мөн анх “Алтан бөмбөг” гардахдаа магнай хагартлаа баярласан. Гэхдээ би мөрөөдөхөө зогсоогоогүй. Үүнд л гол учир оршдог юм биш үү?

Би үргэлж Мадридыг биширдэг байсан. Мөн надад амьдралын шинэ дуудлага, сорилт хэрэгтэй болсон. Мадридад очоод цом гардмаар санагдсан. Клубын домог болж, бүх дээд амжилтыг нь шинэчлэхийг хүссэн.

Сүүлийн найман жилд би Мадридад итгэмээргүй өндөрлөгт гарсан. Гэхдээ үнэндээ цом надад өөр зүйл мэдрүүлэх болсон. Ялангуяа сүүлийн хоёр улиралд. Мадридад ямар нэгэн цом гардахгүй бол хүмүүс сүйрэл шиг хүлээн авдаг. Энэ бол аугаа их рүү тэмүүлэх тэр үзэл юм. Энэ бол миний зорилго, ажил.

Аав болохоор хүн арай өөр зүйл мэдэрдэг юм билээ. Үгээр илэрхийлж хэлж боломгүй мэдрэмж. Тиймээс ч Мадридад өнгөрүүлсэн өдрүүд онцгой байлаа. Энд би хөлбөмбөгчөөс гадна бас аав болсон.

Насан туршдаа марталгүй санаж явах нэгэн гэрэлт өдөр бол миний хүүтэй холбоотой юм. Кардиффт Аваргуудын лигийн аварга болсон тэр өдөр болсон явдал. Шүгэл дуугарсны дараагаар би бүхий л дэлхий дахинтай холбогдчихсон мэт санагдаж байлаа. Гэтэл гэнэт хүү минь талбайд гүйгээд гараад ирсэн. Тэгэхэд л миний сэтгэл хөдлөл гэнэт өөрчлөгдсөн. Хүүгээ Марселогийн хүүтэй хэрхэн хамтдаа тоглож гүйж байхыг харж зогслоо. Дараа нь бид хамтдаа цомоо өргөөд, гар гараасаа хөтлөн талбайг тойрсон.

Өмнө нь би аав болоогүй байхдаа ийм нэгэн баяр бахдлыг мэдэрч байгаагүй юм билээ. Тэгэхэд нүдэнд нулимс бүрхээд л явчихсан. Ёстой ч юугаар ч илэрхийлэхийн аргагүй зүйл. Нэг л агшинтай би тэр мэдрэмжийг зүйрлүүлж чадна. Тэр бол Мадейрад тоглолтын өмнөх бие халаалт дээр байн байн талбайн хажуу руу харж байгаад тэндээс ээж, эгчийгээ олж харсан тэр агшин.

Бид баяраа тэмдэглэхээр Бернабеуд буцан очиход хүү маань Марселогийн хүүгийн хамт олон мянган фанатуудын өмнө тоглон гүйж байсан. Хэдийгээр миний багын гудамжинд тоглож явсан үеийнхээс өөр ч гэсэн хүү маань миний мэдэрснийг мэдэрсэн байх гэж найдаж байгаа. Menino querido da familia.

Мадридын төлөө би 400 тоглолтод гарсан ч гэсэн урьдын адил ялалтаар өлсөж яваа. Би төрөхдөө л ийм байсан. Аав болсноор би өөрчлөгдсөн. Энэ бол миний амьдралын цоо шинэ бүлэг. Mercurial пүүз дээр маань онцгой нэгэн бичиг бий. Яг өсгий дээр нь байдаг юм. Үдээсээ үдээд босохдоо би тэр бичгийг уншдаг. Тэнд El sueno del nino /хүүхдийн мөрөөдөл/ гэж бичсэн байдаг. Одоо та нар намайг юу хэлэх гэснийг бүрэн ойлгосон байх аа.

Би шинэ өндөрлөгт хүрэхээр тэмүүлдэг. Би “Реал Мадрид”-ын дээд амжилтуудыг үргэлжлүүлэн шинэчлэхийг хүснэ. Мөн аль болох л олон цом өргөхийг хичээнэ. Энэ бол миний цусанд байгаа үзэл.

Испанид өнгөрүүлсэн үе, тоглолтуудын дараагаар магадгүй 95 нас хүрчихээд эргэн дурсах хамгийн эрхэм мөч бол аварга болчихоод хүүгээ хөтлөн алхаж явсан тэр үе байх болно. Бид хамтдаа дахиад тэгж хөтлөлцөн алхана гэж найдья".

Р.Гэгээ