Б.Чойжилсүрэн: 2018 онд цалин нэмэхгүй

Чуулганы хуралдаанаар төсвийн асуудлыг хэлэлцлээ.  Гишүүдийн зүгээс 2017 оны төсвийн тодотголд эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх шаардлагатай байгаа талаар  байр сууриа илүүтэй илэрхийлж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, “Багш, эмч нарыг цалинг 20-30 хувь нэмэхэд ойролцоогоор 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай байх шиг. Гэтэл  төсвийн тодотголд урсгал зардалд 105 тэрбум төгрөг зарцуулахаар суулгасан байна. 2017 оны төсвийг батлахдаа урсгал зардлын асуудлаа нэг мөр суулгах ёстой байсан шиг санагдана. Энэ мэт урсгал зардлын мөнгөөр л багш, эмч нарын цалин, урамшууллыг нэмэх боломж байна” гэж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, “Улсын Их Хурлын гишүүн бүхэн эмч, багш нарын цалин, урамшууллыг нэмэх гарц, боломжийн талаар ярьж байна. Миний хувьд эмч, багш нарын цалинг нэмэхдээ ажлын үзүүлэлт, чанартай нь харьцуулж нэмэх шаардлагатай гэсэн байр суурьтай байдаг. Хэн сайн ажилласан нь өндөр цалин авдаг зах зээлийн жишигрүү шилжмээр байна” гэж байв.

Харин Д.Дамба-Очир гишүүн  Төсвийн тодотголд концессийн эргэн төлөлтөд 140 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай гэснийг эргэн хармаар байна. Үүний оронд 40 хувьд олгож байгаа хүүхдийн мөнгөний хүрээг тэлж 60,80 хувьд олгох шаардлагатай байна гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Төсвийн тодотгол гэдэг  төсвөө сайжруулахыг хэлдэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард бид төсвийн тодотгол хийгээд сайжруулж чадаагүй, одоо ч сайжирсан юм алга. Төсвийн алдагдал нь 2,7 их наяд төгрөгтэй гарсан байхад 900 тэрбум төгрөгийн орлогыг сайшааж, зарцуулах тухай ярих нь сайн үзэгдэл мөн үү гэх зэргээр гишүүд байр сууриа илэрхийлж байлаа.

Ийнхүү Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, УИХ-дахь намын бүлгүүдэд шилжүүлсэн юм.

Мөн чуулганаар 2018 оны улсын төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, холбогдох байнгын хороонд шилжүүлээд байна.

Сангийн сайдын үүргийг гүйцэтгэж буй Б.Чойжилсүрэн хэлэхдээ “Төсвийн орлого 900 орчим тэрбум төгрөгөөр давахаар тооцсон.  Үүний 498 тэрбумыг нэг удаагийн шинж чанартай өр төл­бөр гэх мэт зүйлд зарцуу­лахаар төсөвт зохицуу­лалт хийлээ. Энэ оныг дуустал бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоход 105 тэрбум шаардагдаж байгаа. Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан. Төсвийн тодотголоор төрийн албан хаагч нарын цалинг нэмэх бололцоогүй байгаа. Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд 2018 онд ч цалин нэмэх бололцоогүй. Харин ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ.Төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай  гэдэгтэй санал нэг байна. Алдагдлыг бууруулахын тулд зарлагаа бууруулах, эсвэл орлогоо огцом өсгөх.ОУВС-тай тохирсон хөтөлбөрөөр энэ онд төсвийн алдагдлыг 9.9 хувь байхаар тооцсон. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлснээр Засгийн газрын гадаад, дотоод бондын хүүгийн төлбөр буурч эхэлсэн. 2016 оны есдүгээр сард ажил хүлээн авах үед бондын хүүгийн төлбөр жилийнх нь 17 орчим хувьтай байсан бол одоо 12 хувь болж буурсан.Нийгмийн зөвшилцлийн тухайд хүндрэл байхгүй.  2018 онд цалин нэмэхгүй байхаар ОУВС-тай тохирсон. 2019, 2020 оноос төсвийн байгууллагынхны цалинг үе шаттай нэмнэ” хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж:Hunnu.mn