Киоун: Озил бодолдоо “Арсенал”-аас явчихсан...

“Арсенал”-ын зартай хамгаалагч асан Мартин Киоун герман хөлбөмбөгч Месут Озилыг бодолдоо бол аль хэдийнээ багаас явчихсан гэж хэлжээ.

“Венгерийн янзыг л Озил үзээд байх шиг. Өмнө нь Венгерийг ингэж элдэвлэж байсан нь бараг үгүй дээ. Озил үнэндээ БАТЭ-тай тоглохыг хүсээгүй байх. Гэмтэлтэй гэсэн л дээ. Гэтэл тэ “Вест Бромвич”-той ердөө есөн минут тоглоо биз дээ. Хэдийд нь гэмтэл аваад амжчихав?

Озил бодолдоо бол багаас аль хэдийнэ явчихсан. Миний л бодол ийм байна. Венгер түүнийг үнэгүй бус бага ч гэсэн мөнгөөр зарья гэж бодох байлгүй дээ. Ийм хөлбөмбөгчийг залуустай хамт хувцас солих өрөөнд хамт суулгахыг Венгер хүсэхгүй байх. “Арсенал”-ынхан “Челси”-тэй сайн тоглосон.

Ивоби эцсийн мөч хүртэл тэмцсэн. Мэдээж, Озил шиг тэр авьяаслаг биш л дээ. Гэхдээ дайчин чанараараа тэр дутуугаа нөхөж байна.

Санчесийн хувьд бол арай өөр. Энэ хөлбөмбөгч бол тоглох үнэхээр дуртай. Бөмбөг өгвөл л хүссэнээрээ л тоглоно. Харин Озил бол өөртэйгээ ажиллахаа больчихсон, ирлэхээ больчихсон. Тэр зүгээр л явахыг хүсч байгаа” гэж Киоун өгүүлжээ.

Р.Гэгээ