Газрын дуудлага худалдааны анхны үнийг хэт өндөр тогтоосон нь нийслэлийн төсөв тасрах эрсдэлд оруулжээ

Нийслэлийн Газрын албанаас зарласан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа өнөөдөр 10.00 цагаас эхлэсэн ч, иргэд дуудлага худалдаанд оролцоогүй байгаа юм. Тэгвэл Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун уг асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 2017 он гарсаар хоёр дахь удаагийн дуудлага худалдааг зохион байгуулсан ч газрын үнэ өндөр байгаа учраас иргэд оролцсонгүй. Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдах байсан хэмээн тэрбээр хэллээ. 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өмнөх дуудлага худалдаа  болж, Хан-Уул, Баянгол дүүрэгт 2 байршлыг 765,6 сая төгрөгөөр худалдсан юм байна.

Ер нь бол дуудлага худалдааны анхны үнийг хэт өндөр тогтоосон нь сүүлийн хоёр жилийн хугацаанд явуулж буй дуудлага худалдаанд оролцогчдын тоо буурч буйгаас харагдаж байгаа аж. Тодотгоход, Барилга хот байгуулалтын сайд 2015 оны 12 дугаар сарын 7 өдөр  234 тоот тушаал гаргаж, газрын дуудлага худалдааны анхны үнийг өндрөөр тогтоох чиглэл өгсөн байдаг аж.  ЗТБХБ-ын сайдын 2010 оны 206 тоот тушаалаар 1 м2 газрыг үнэлгээний бүсчлэлээс хамаарч 33,000 төгрөгөөр үнэлдэг байсан бол  Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 7-ны  өдрийн 234 тоот тушаалаар 1 м2 газрыг бүсчлэлээсээ хамаарч 220,000 төгрөгөөр үнэлж эхэлснээс хойш дуудлага худалдаанд оролцогчдын тоо буурч, өнөөдрийнх шиг дуудлага худалдаанд ямар ч хүн ирэхгүй тохиолдол гарах болжээ.

2015 он Барилга хот байгуулалтын сайдын гаргасан шийдвэрээс болж газрын анхны үнэ хэрхэн нэмэгдсэн талаарх харьцуулсан мэдээллийг өгч байсан. Тухайлбал, Нийслэлийн Газрын үнэлгээний 3 дугаар бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 1000 м2 газрын дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлъё. ЗТБХБ-ын сайдын 2010 оны 206 тоот тушаалаар 1000 м.кв =11.000.000 төгрөг болгож тогтоосон бол  Барилга хот байгуулалтын сайдын 2015.12.07 өдрийн 234 тоот тушаалаар 1000 м.кв =88.000.000 төгрөг болж, өсчээ.

Тэгэхээр дуудлага худалдааны анхны үнийг ямар ч судалгаа, үндэслэлгүй хэт өндөр тогтоосон нь дуудлага худалдаанаас төсөвт төвлөрүүлэх ажил зогсонги байдалд орж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нээлттэй, ил тод байдлаар газар эзэмших, ашиглах эрх авч бизнесээ өргөжүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэл учруулж байна гэдгийг албаны хүн хэлж байгаа юм.

Газрын үнийг бууруулах талаар Нийслэлийн газрын албаны зүгээс нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал, НИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулсан гэж байна.

Өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр хариу ирээгүй, хүлээгдэж байна. Үүнээс болж нийслэлийн төсөв тасрах эрсдэлд үүсээд байна” хэмээсэн юм.

 

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН ТОО ХЭРХЭН БУУРСНЫГ ХҮСНЭГТЭЭР ХАРУУЛБАЛ:

2015 оны 12 дугаар сарын 07 өдрийн 234 тоот тушаал гарахаас өмнө:

Он

Дуудлага худалдаа явагдсан тоо

Нийт байршил

Худалдсан байршил

1

2005

3

39

21

2

2007

3

19

8

3

2010

4

20

9

4

2015

3

21

14

 

2015 оны 12 дугаар сарын 07 өдрийн 234 тоот тушаал гарахаас хойш:

Он

Дуудлага худалдаа явагдсан тоо

Нийт байршил

Худалдсан байршил

1

2016

2

25

2

2

2017

2

32

2