Ж.Батзандан: Компанийн төлөө ажилладаггүй сайд нарыг томилоорой

Ж.Батзандан гишүүн У.Хүрэлсүхийг ЕС-ын суудалд сууж буйг дэмжиж байгаа. Тэрчлэн шинэ засагтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ “Засгийн бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотойгоор АН-ын бүлэг шинэ Ерөнхий сайдад гурван санал хүргүүлж байгаа. Нэгдүгээрт, аль болох цөөн “давхар дээл”-тэй сайд оруулж ирээрэй гэж хүссэн. Хоёрдугаарт, ашиг сонирхлын зөрчилгүй сайд томилоорой гэсэн санал хүргүүлсэн. Тухайлбал, уул уурхайн сайд нь уул уурхайн бизнес хийдэггүй. Худалдааны сайд нь тамхины бизнесгүй байвал сайн байна. Боловсролын сайд нь хувийн сургуульгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, хувийнхаа өмч, компанийн төлөө ажилладаггүй сайд нарыг томилоорой гэсэн хүсэлт тавьж байгаа. Гуравдугаарт, дэд сайдын асуудал байна. Төсөвт дарамт болсон хэрэггүй албан тушаалуудаа цомхотгооч гэдэг саналыг тавьж байгаа. Өмнөх Засгийн газрын огцорсон шалтгаануудыг битгий давтаасай гэдэг захиасыг хэлсэн. Ер нь бол өмнөх Засгийн газрын сайдуудын идсэн, уусан гэх асуудлыг олон түмэн хангалттай ярьж байна. Идсэн, уусан, хулгай хийсэн хүмүүстэйгээ хариуцлага яриач гэдэг хүсэлтийг миний бие хүргүүлсэн. Түүнээс биш хэн нэгэн хүнийг нэр зааж яриагүй. Худлаа ярьсан уу, хулгай хийсэн үү гэдгийг гурван шатны шүүх тогтооно. Гэхдээ нийгэмд, ард олны дунд хардлага, сэрдлэг байна. Цагаан суварга, Эрдэнэтийн 49 хувь, найман концестэй холбоотой янз бүрийн асуудал өрнөж байгаа. Төсвийн мөнгийг цувчуулсан, Тавантолгойгоос мөнгө идсэн, уусан гэх мэт хардлага сэрдлэг гарсаар байна. Энэ болгоноо шалгуулаач ээ гэж би хэлж байгаа. Түүнээс биш хэн нэгний нэрийг зааж, энийг шалгаарай, тэрийг битгий шалгаарай гэх эрх надад байхгүй. Харин энэ олон хардлагыг нэг тийш нь болгох зайлшгүй шаардлага байгаа” хэмээн ярьж байна.