Ц.Сандуйгийн орыг залгах хүн өнөөдөр тодорно

НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 10:00 цагаас хуралдах товтой байгаа. Хуралдаанаар НИТХ-ын даргаа сонгох юм. Алдарт 60 тэрбумын авлигын схемд холбогдож багагүй хугацаанд адлагдсан Ц.Сандуй Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын хариуцлагыг хүлээж буй гэсэн утгатай зүйлийг ярин суудлаасаа буусан билээ. Тэрчлэн түүний оронд МАН-аас С.Амарсайхан, Д.Баярсайхан хоёр нэр дэвшсэн ч, НИТХ дахь МАН-ын гишүүд эн тэнцүү санал өгсөн. Улмаар МАН-ын бүлгээс уг асуудлаар хоёронтаа   завсарлага авсан юм. Тэгвэл өнөөдөр НИТХ хуралдаж даргаа сонгох ёстой.

НИТХ дахь АН цагаан хуудас өгч, МАН-ынхан санал тэнцсэнээр НИТХ-ын даргын асуудал бас нэг шүдний өвчин болж үргэлжилж буй гэхэд болно. НИТХ-ын даргад нэр дэвшигч С.Амарсайхан өөрийг нь нэрээ тат гэсэн шахалт ирж буй талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.  Тэрбээр "Энэ завсарлага авч байгаа байдал өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийслэлийн ажил яг ийм байдалтай явж ирсэн гэдгийг харуулж байна. Хуулиараа хоёр нэр дэвшигчийг эгүүлэн татах зүйл заалт байхгүй.  НИТХ-ын даргад нэр дэвшигчдийн дунд эхлээд санал хураана. Тэнцвэл дахин санал хураана. Бүлгийн хурлаар хуулийн буруу зөв эсэх,  нэрээ татах тухайд ярилаа. Нэрээ татаж  хуулиас гадуур үйлдэл хий гэж шахаж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн хурлыг зохих хэмжээнд явуулж чадахгүй байгаагаас үүдэж, завсарлага авч байна гэж ойлгож байгаа. НИТХ дахь МАН-ын бүлгийн хурал гэр бүлийн хурал шиг болсон. Би нэрээ татахгүй" хэмээсэн юм.

Дашрамд өгүүлэхэд, Ц.Сандуй суудлаасаа буухаа мэдэгдэж, үг хэлэхдээ “НИТХ-ын дарга хуулиараа хэнийг ч албан тушаалд томилдоггүй, чөлөөлдөггүй.  Энэ хуралд улс төрийн сонгуульд сонгогчдоосоо дэмжлэг авсан намуудын бүлэг, ажлын албад ажилладаг гэдгийг нийслэлчүүддээ хэлмээр байна.  Энэ утгаараа Нийслэлийн иргэдийн хурлын дарга  миний бие төрийн албыг наймаалцаж, мөнгө  босгодог  хүн биш гэдгийг та бүхэн төвөггүй ойлгоно. Хуулийг мэдсээр байж, мэдэн будилж, улс төржүүлж болохгүй билээ. Хариуцлагаар халхавч хийж, муу муухай бүхнээ хэн нэг рүү чихэж, өөрсдөө уснаас хуурай гарах арга саам сүвэгчилж, улс, хотод бий болсон эерэг үйл явцыг үгүйсгэн харлуулахыг санаархагчид манай нам, төлөөлөгчдийн дотор тодрон гарч ирлээ. Зүтгэсэн нь буруудаж, аахигласан нь зөвтөж, тэд буруутан хайх ажиллагааг манлайлж байгаа нь хачирхалтай. Багаар нүүрээ халхавчлагчид шудрага иргэний дүрд хувирч, улиг болсон мэдээллээр бамбай хийж, тэр ч бүү хэл улс төрийн өөр хүчин, тэдний төлөөлөлтэй сүлбэлдэн, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр үгэн дайн өдөөж байна. Хүнд итгэх итгэл, мөс чанар, жудаг үгүй болж байна. Ийм зохисгүй үйлдлийн жишээг хурлын төлөөлөгчид үзүүлж, өөрсдийн тарыг олон нийтэд таниулж буй нь тун харамсалтай санагдаж байна.  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгч хүн бол  иргэн, өрх бүрийн сайн сайхны төлөө ажиллах учиртай ч өнгөрсөн хугацаанд  эрх мэдэл, албан тушаалын төлөө нэр бүхий төлөөлөгчид ажилласаар ирсэн нь нууц биш юм аа” хэмээн хэлсэн. Экс дарга Ц.Сандуй ингэж хэлсэн ч, түүний үг үйлдэл зөрж харагддаг.

Тэгвэл одоо НИТХ-ыг удирдах хүн Ц.Сандуй шиг цэцэн үгтэй ч, хийж гавихдаа хойрго нэгэн байх вий гэдэг нь нийслэлчүүдэд хамаатай сэдэв юм.

Эх сурвалж: Hunnu.mn