Г.Оюундарь: Мөрөөдөлдөө хүрэхийн тулд гүйх ёстойгоо мэддэг

Суутнуудын амжилтанд хүрсэн түүхийг уншихад янз бүрийн амьдрал туулсан байдаг ч эцэстээ нэг л цэгт огтлолцдог. Тэд өөрсдийгөө ялж чадсан хүмүүс байжээ. Ээждээ бас амьдралд хайртай хонгор охин Г.Оюундарийн далай баян ертөнцөд тавтай морилно уу.

- Оюундарь гэж хэн бэ?

- Монгол Улсын Боловсролын их суруульд Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр суралцаж байгаа 2-р курсийн оюутан. Ээж, 2 дүүгийн хамт амьдардаг. Эрдэнэт хотын лаборатори VIII сургуулийг 2016 онд төгссөн. Би сонсголын бэрхшээлтэй учраас хүмүүсийн зовлонг хэн хүнээс илүү мэдэрдэг гэх юм уу даа. Тийм учраас сайн суралцаж чадваржаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалж, тэдэнд сайхан амьдрах боломж бий гэдгийг ойлгуулна гэж зорьдог.

МУБИС-ийн оюутан Г.Оюундарь

- Саяхан болсон “Итгэл Найдвар Боломж-Улаанбаатар 2017” марафонд 21 км зайд түрүүлсэн. Гүйлтээр хичээллээд удаж байна уу?

- Миний хамгийн дуртай спорт сагсан бөмбөг л дөө. Одоо харин гүйлт рүү эргэлт буцалтгүй орсон. Би 29-р тусгай сургуульд “Ахиллис Монгол” байгууллагын сайн дурын ажилтнаар ажиллаад 2 сар орчим болж байтал намайг хариуцсан эгч хөгжлийн бэрхшээлтэйг маань мэдээд Нью-Йоркийн марафонд оролцоод үзвэл ямар вэ гэж санал тавьсан. Өгсөн линкээр нь орж бүртгүүлээд удаа ч гүй байтал “Та манай байгууллагад тэнцсэн” гэж хариу ирлээ. Ингээд Монголд “сэлмэн хөлт” Сараа гэж танигдсан Отгоны Саранчулуун эгчтэй хамт өглөө болгон гүйж эхэлсэн. Гэхдээ зүгээр л гүйе гэж бодоогүй.

- Зүгээр л гүйе гэж бодоогүй ... гэнэ ээ. Юу гэсэн үг вэ?

- Тийм ээ. Ямар нэг амжилт заавал гаргана гэсэн зорилготой байсан. Бэлтгэлээ анх эхлээд 6 км-т гүйхэд их урт санагдсан ч “Би чадна” гээд өөрийгөө зоригжуулсан. Дандаа намайг шаналгадаг янз бүрийн муухай бодлууд тархинаас алга болж, ирээдүй маань л нүдэнд харагдах шиг мэдрэгдсэн. Гүйх үедээ яагаад ч юм инээдэг болсон. Марафонд анх 21 км гүйж байхад хамаг бие минь салж унах гэж байгаа шиг санагдаж, өөрийн эрхгүй нулимс асгараад л байсан. Хэн дуртай нь ийм зайд гүйж чадахгүй шүү дээ. Тодорхойлоход ч хэцүү их тэсвэр хатуужил бий болдгийг ойлгосон юм. Өөртөө итгэж, эхлүүлсэн замаа дуусгах нь миний зорилго гэж хатуу бодсон. Ганц би ч биш ер нь хүн бүр өөрийгөө олж чадвал юуг ч давдаг юм байна лээ. Энэ үзлийг гүйлтээс олж авсан нь миний анхны амжилт.

Г.Оюундарь 21 км хагас марафонд түрүүлэв

- Гүйж эхэлснээс хойш ямар өөрчлөлт мэдэрч байна?

- Сонсголын бэрхшээлээсээ болоод хүнтэй санасан хэмжээндээ харилцаж чаддаггүй, байнгын сөрөг хандлагатай, юу ч хийж чадахгүй хүн гэж өөрийгөө боддог байсан юм аа өмнө нь. Өөрийгөө ямар их дорд үздэг, өөртөө яасан муухай ханддаг байснаа гүйлтээр хичээллэж байж ойлгосон. Хүнд итгэл үнэмшил хамгийн чухал болохыг Ахилисийн ах, эгч нар маань мэдрүүлсэн. Хэрвээ би гүйж эхэлсэн бол замаа заавал дуусгах нь миний эхний зорилго. Гүйлт миний амьдралыг зөв зам руу хүргэж өгнө гэдэгт хэзээ ч эргэлдэггүй.

- Ингэхэд мөрөөдөл чинь нууц уу? Хуваалцаж болох уу?

- Гэр бүлийнхэнтэйгээ амар тайван аз жаргалтай амьдрахыг л хамгийн их хүсдэг. Ээж минь намайг бүтэн өсгөсөн болохоор би өдий зэрэгтэй яваа. Тийм учраас мэдлэг боловсролтой, хүчтэй хүн болж хүнд өвчтэй байгаа ээжийгээ асрамжилна. Бусад хүүхдүүдтэй адил секц дугуйланд явж, өөрийгөө хөгжүүлж, нийгэмдээ нөлөөтэй хүн болохсон гэж боддог. Тоочоод барахгүй олон мөрөөдөл бий /инээмсэглэв/. Ямартай ч ирээдүйд багш болох учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд тэгш оролцоотой, өөртөө итгэлтэй, чадвартай болгоход туслахын төлөө хичээн суралцаж явна. Мөрөөдөлдөө хүрэх арга зам яг юу болохыг одоохондоо хэлж чадахгүй ч хөлөө жийгээд зүгээр суугаад байхгүйгээ сайн мэддэг. Мэдлэгээ тэлж, өөрийгөө дандаа ялж, зорилгынхоо төлөө тууштай байна.

Г.Оюундарь гүйлтийн ах эгч нартайгаа

- Нөхөрлөлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

- Зовж байгаа нэгэндээ түшиг тулгуур нь байж, шаналлын харанхуй ертөнцөөс нь гэрэл гэгээ рүү хөтөлж, юу ч болж байсан дандаа хамт байхыг хэлдэг байх. Дунд сургуульд хамт сурч байсан нэг найз минь бий. Бид хоёрт сайхан дурсамжууд маш их. Хичээлээ тараад хамт явж мөрөөдлөө ярьдаг, тэрнийгээ цаасан дээр бичиж байхдаа сэмхэн уншчихаад бие биенээ шоолж инээлдээд л...

- Хүн болгонд ямар нэг гашуун түүх байдаг. Хэцүү биш бол ярьж өгөөч?

- Би ээжийгээ мөн ч их зовоосон доо. Үгнээс нь дандаа зөрдөг дураараа охин байсан. Сонсголын бэрхшээлтэй болсондоо ээждээ гомдож, байнга муудалцдаг байж билээ. Дотно хүмүүстээ хатуу үг хэлчихдэг мөртлөө өөрөө үг даахгүй. Цэцэрлэгт нь хүргэх болгонд байнга чихэр нэхдэг бага дүүдээ уурлаад хамраас нь цус гартал зодож байсан. Том дүүгийнхээ гарыг хаалганд хавчиж, хурууг нь яг таслах шахсан. Гашуун үнэнийг хэлэхэд гомдоож байгаагүй хэн ч байхгүй. Миний хамгийн их шаналж явдаг зүйл бол энэ. Энэ бүхэндээ чин сэтгэлийн уучлалт гуйж байна. Спортоор хичээллэж, анхны амжилтаа гаргаснаас хойш өөртөө итгэдэг, юмыг эерэг нүдээр харж эхэлсэн. Муухай зангаа засахыг хичээж байгаа минь амьдралын хүнд гашууныг даван туулж байгаа хэрэг мөн биз дээ эгч ээ?

Г.Оюундарь ээжтэйгээ

- Мундаг охин. Эгч нь уйлах нь ээ, уучлаарай. Нэгэнт хоёулаа сэтгэлээ нээснийх... амьдрал гэж яг юу юм бэ Оюундарь аа?

- Миний бодлоор амьдрал бол хайр. Учир нь энэ хорвоо дээр хүмүүс бие биенээ хайрлаж байж амьдралд зорилго бий болдог. Хайр байхгүй бол амьдрал ямар ч утга учиргүй. Гэхдээ эгч ээ, гүйлтээр хичээллэснээс хойш бас нэг өөр бодол гарч ирсэн. Хүн хэн нэгнийг хайрладаг шиг өөрийгөө, бас нийгмээ ч хайрлах, хамгаалах ёстой.

- Шидтэн гарч ирвэл хүсэх 3 зүйлээ би лав бэлдчихсэн явдаг юм. Одоо хүртэл гэнэн мөрөөдөлтэй. Харин чи юу хүсэх вэ?

- Гэр бүлтэй минь урд өмнөхөөс ч илүү аз жаргалтай амьдруулж өгөөсэй. Сонсголтой болгоод өгөөч гэж гуйхгүй, харин таг дүлий болохоос минь авраач гэж хүснэ. Муу зангаа засах гэж хичээж яваа хугацааг минь жаахан урагшлуулаад өгөөч гэж гуйна.

- Би чам шиг байхдаа гэрээсээ хол, шалгалтандаа уначихгүй юмсан гэж их хичээдэг байлаа. Харин өнөө цагийн 19-тэй охид юу сонирхож мөрөөддөг бол?

- Мэдээж бүгдээрээ сургуулиа сайн төгсөөд, аав ээжийнхээ ачийг хариулж, сайн сайхан амьдрахыг л мөрөөднө шүү дээ. Тэр зорилгынхоо төлөө тэмцэж, шаргуу хөдөлмөрлөдөг. Өмнөх үеийнхэн анзаарахгүй үгүйсгэх хандлагатай болохоос биш бидний насныхан маш их хичээдэг. Хөөрхөн залуугийн тухай ярих үе бас байна аа /инээв/. Миний хувьд сэтгэлээ онгойтол сайхан ярилцахсан гэж бодох үе гардаг л юм.

- Удахгүй том марафонд орно. Нью-Йорк хотыг үзнэ. Бэлтгэл хэр байна? Чамд хамгийн түрүүнд юу хэрэгтэй байна, нуулгүй хэлээрэй

- 42 км замаа бүрэн дуусгана аа. Бэлтгэл сайн байгаа. Олуулаа бэлтгэл хийж хамт гүйхээр их гоё байдаг. Хагас марафонд өөрийгөө ялж чадсан юм чинь бусдад үлгэр дуурайл үзүүлж, Ахилистаа олон тамирчин нэмж, хөгжлийн бэрхшээлтэй гэгдэх хүмүүст сайн сайхан бүхнээ хуваалцах болно. Хэрэгтэй зүйл гэвэл... мөнгөний асуудал их хүнд. Одоохондоо би гүйж, сайн суралцаж, хичээж л чадаж байна.

- Хүн болгонд гайхамшигтай сайн чанар бас сул тал байдаг. Чиний хувьд?

- Хэл яриа маань маш сайн хөгжсөн. Цаг сайн баримталдаг. Зорьсон л бол заавал дуусгаж чаддаг. Сул тал гэвэл маш их сөрөг бодолтой, өөртөө итгэлгүй байсан. Хамт олонтой болж, спортоор тууштай хичээллэснээс хойш гэрэл гэгээтэй бодол дундуур нь их орж ирдэг болсоон. Тэгэхээр надад үлдсэн түргэн уурыг л засчихвал гайгүй юм шиг байна /инээмсэглэв/. Хэн нэгэнтэй ярилцахдаа ихэнхдээ сонсдоггүй учраас хариулж чаддаггүй юм. Харин хүмүүс энэ байдлыг минь хараад их зантай гэж ойлгодог, зайгаа барьдаг. Үүнээс болоод хөгжлийн бэрхшээлтэйгээсээ их ичдэг байсан. Дахиад л гүйлтээ ярих нь. Гүйдэг болсноос хойш хүнд ямар их боломж, өөр олон гарцууд байдгийг мэдсэн. Одоо би хэнээс ч ичихгүй. Зөв хүн болж олон олон зөв хүмүүсийг “бүтээнэ”.

... Түүнтэй яриад суумаар л байлаа. Гэвч энэ удаагийн зорилго бол Г.Оюундарийг сайхан сэтгэлтэй хүмүүст таниулах, удахгүй оролцох марафонд нь санхүүжилт олох байсан учраас ингээд өндөрлөцгөөв. Г.Оюундарийн хөтөч Uuriimaa Jargalsaikhan Ж.Үүриймаагаас охины талаар лавлахад “Хүсэл тэмүүлэлтэй, онц сурдаг тэтгэлэгтэй оюутан. Ээжийгээ маш сайн халамжилдаг” гэж товч тодорхой дүгнэсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх үйлсийг эх орондоо нутагшуулан яваа, Achilles International Mongolia ОУБ-ын тэргүүн О.Саранчулуунаас тамирчных нь талаар асуутал “Тууштай охин. Амьдралын зовлонг сөрөх тэнхээтэй, бухимдал уур нь мэдрэгддэг ч түүнийгээ засахын төлөө эрмэлздэг. Миний “баатар”-уудын нэг байхгүй юу” гэж өөриймсөн хариулсан юм.

Арван есхөн настай ийм гэгээн ертөнц таны өмнө хүсэл зорилгоо бялхуулан гүйж байна. Түүнийг хүчирхэгжүүлэхэд, Монголын бахархал, баатар болтол нь дэмжиж туслахад татгалзах хүн бий гэж үү?

 

Ярилцсан Г.Солонго

  • Д,Батмөнх
    (202.9.41.25)
    Мундаг юмаа, Цаашдийн амьдралд нь аз жаргал хүсье,
    2017-10-09T16:52:45Z