ТОЙМ: Шинэ ЕС-тэй, Шинэ Үгс-тэй өдрүүд

Өнгөрсөн долоо хоногийн улстөрийн онцлох үйл явдлуудыг эргэн сануулж байна. Намрын чуулган нээлтээ хийж, шинэ ЕС томилогдож улстөрийн тогоо үйл явдлаар арвин байлаа.

 

С.Зориггүй 19 жил

1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Санжаасүрэнгийн С.Зориг агсан харамсалтайгаар амиа алдсан билээ.  Түүнээс хойшх аравдугаар сарын 2-ны өдрүүд хэргийн учиг зангилаа хэзээ тайлагдах вэ гэдэг асуултад  үргэлж хариулт нэхэж ирсэн. Тэгвэл энэ жилийн  10 дугаар сарын 2-ны өдөр өнгөрөгч даваа гараг байлаа. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар шат шатны шүүхээс ял сонссон. Гэхдээ энэ хэргийг шат шатны шүүх хаалттайгаар хэлэлцэж, шийдвэрлэсэн нь нийгэмд ихээхэн эргэлзээ дагуулж байсныг хэлэх хэрэгтэй. ОУПХ-ны зүгээс С.Зориг агсны амийг хөнөөсөн  хэргийг нууцын зэрэглэлээс гаргана гэдэгт найдаж буйгаа өнгөрсөн сарын дундуур илэрхийлсэн билээ.

 

Нээлт ба Томилгоо

10 дугаар сарын 2-ны даваа гарагт намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн намрын чуулган шинэ ЕС-ыг суудалд нь суулгах үүрэгтэй байснаараа онцлог байв. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг суулгах томилгоог  лхагва гарагт чуулганаар хийв. Хэдийгээр Ө.Энхтүвшин нарын МАН-ын гишүүд саналаа өгөөгүй ч, АН-ын алдарт цөөнх 9-үүлээ У.Хүрэлсүхийг дэмжив. Нэгэн цагт Намбарын хүү МАН-ыг салаа мөчирлүүлэн, МАХН-ыг байгуулсан шиг, өнөөгийн МАН хоёр хуваагдахдаа тулаад байна уу гэдэг асуулт хариу нэхсэн өдрүүд үргэлжлэв.

 

Яллагдагчаар татагдсан У.Хүрэлсүхийн поп үгс хөрсөнд буух уу?

Шинэ Ерөнхий сайд чуулганы индрээс үгээ хэллээ. Тэрбээр “Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш. Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл өнөөдөр бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байна” гэлээ.  Тэр “ Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэлээ. Үнэхээр ч ард түмний итгэлээр амаа арчаад хаяна гэдэг бол эмгэнэл. Харин шинэ ЕС-ын хэлээд байгаачлан амь настай холбоотой аюултай ээдрээтэй нөхцөл байдал Монголын улстөрд үүссэн үү гэдэг асуулт өнгөрсөн долоо хоногт хариу эрэн тэнүүчлэв. Уг нь У.Хүрэлсүхийг бусад нь тагнаагүй, тэр өөрийгөө санаатайгаар тагнуулж, чагнуулсан гэх асуудлыг АТГ-аас мэдэгдээд байсан санагдах юм. Сануулахад, У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлснээ АТГ-аас мэдээлж байсан. У.Хүрэлсүхийг зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнаж, чагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон тул яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт хүргүүлсэн хэмээн тус газраас албан ёсоор мэдэгдэж байсан. Тэгвэл нөгөөх яллагдагчаар татагдсан хүн нь ЕС болчихлоо.

 

404 хоногийн ажлаа дүгнэсэн нь

Ж.Эрдэнэбатын удирдаж асан засаг 404 хоногийн ажлаа өнгөрсөн 7 хоногт дүгнэв. Мэргэжлийн гэх тодотголтойгоор анхлан байгуулагдсан засаг 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө 2017 онд хэрэгжүүлэх ажлын биелэлт эхний хагас жилийн байдлаар 41.5 хувьтай байлаа гэж дүгнэсэн юм. Хуучин засгийн үед хамгийн ихээр яригдсан сэдэв бол эдийн засгийн хүндрэл. Тэгвэл эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогоо 48.9 хувьтай яваа гэж дүгнэжээ. Тэгэхээр У.Хүрэлсүхийн засгийн газар үлдсэн 51.1 хувийг ажил хэрэг болгочихвол улсын эдийн засаг сэвхийгээд л явчих юм байна гэж ойлгогдож буй. Ж.Эрдэнэбатын удирдаж байсан засаг ОУВС-тай ойлголцсоноо, Хуралдай бондыг амжилттай арилжаалж, өмнөх бондын өрийг дарснаа онцолсон байна лээ.

 

НИТХ-ын тулаан

Одоогоос яг долоо хоногийн өмнө НИТХ хуралдаж даргаа сонгох байв. Гэсэн ч МАН-ын бүлэг нь завсарлага авсан. Нэр дэвшигч С.Амарсайхан, Д.Баярсайхан хоёрын хэнийг дарга болгох вэ гэдэг дээр хагарсан МАН улам уралцаж байна. МАН-ын хэрүүлээс болж НИТХ-ын ажил явахгүй байна гэж  АН-ын бүлгээс нь мэдэгдэв. За тэгээд нэр дэвшигч С.Амарсайханыг нэрээ тат гэсэн шахалт ирсэн талаар тэр өөрөө хэлсэн, нэрээ татахгүй гэсэн. Харин өнөөдөр НИТХ хуралдах товтой байгаа. Даргаа сонгоно гэсэн хүлээлт нийслэлчүүдэд гэхээсээ илүүтэй улстөрийн хүрээнд байна.

 

АН сайдын захиалга өгсөн үү?

Нэгэнтээ ЕС томилогдсон тул сайд нарын томилгоо халуун сэдвээр үргэлжилж буй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ “АН Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд дөрвөн яам шахаа болиорой. Хуучин сайд байсан хүмүүсийг оруулж ирмээргүй байна. Чагнаж тагнасан асуудлаа нэг талд нь гарга. Ж.Эрдэнэбат сайдыг тийм жудаггүй үйлдэл гаргана гэдэгт итгэхгүй байна. Энэ  асуудлыг даруй шийдээч ээ. Хэн нэгэн зохион байгуулсан юм бол тэр зохион байгуулсан этгээдийг нь олж шийтгэ. Үгүй юм бол хариуцлагаа үүрээд яв. Би олон жил хуулийн байгууллагад ажилласан. Хууль хяналтын байгууллагад улс төрждөг хэсэг бүлэг хүн байхыг би үгүйсгэхгүй. Тэднийг сольж шударга ёсны талд зогсохыг хүсэж байна. Тэтгэврийг нэмнэ шүү. Тэтгэврийн хүүг буулгаарай, танай намын зорилго шүү. АН мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн гурван өрийг тэглэх хуулиа оруулж ир" гэсэн бол АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Манай намаас дэвшүүлсэн дөрвөн яам тойрсон яриа гараад байна. Бид шинэ Засгийн газрыг бодлогын Засгийн газар байгаасай гэдэг саналыг л тавьсан. Хөдөлмөрийн, аж үйлдвэрийн, соёлын тал дээр өөрийн гэсэн бодлого баримтлах талаар яриад байгаа юм. Ерөнхий чиг үүргийн сайдуудаа УИХ-ын гишүүдээс сонгох хэрэгтэй" хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

МАНАН-гийн шинэ ҮЗЭГДЭЛ

Улстөрийн МАНАН сарниж арилна гэдэг тийм ч амар эд биш ээ. Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрыг МАНАН-гийн хөдөлгөгч үндсэн хүч гэх тодотгол дагаж ирсэн. Тэгвэл У.Хүрэлсүх, Х.Баттулга гэсэн шинэ МАНАН гар, хөлөө нийлүүлэн хэдийнэ замд гарчээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзахдаа Монгол Улсын, нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтран ажиллах ганц л арга зам, чин хүсэл тэмүүлэл байгаа гэцгээсэн. Гар нийлж хамтдаа ажиллана л гэсэн. Чухам тэгээд үнэхээр Монголчуудын төлөө тэд ажиллах уу, эсхүл шинэ МАНАН-гийн шинэ үзэгдлүүд үргэлжлэх үү гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.

Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn