“Эрдэнэт”-ийн 49 хувийг авахдаа хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөнөөс 500 сая ам.доллар зувчуулсан уу?

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргаан шат шатны шүүхээр орж, өнөөдөр Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэх гэж байна. Засгийн газраас "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг эзэмшиж буй  “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн хувийг төрд шилжүүлэх авах тогтоол гаргасантай холбоотойгоор асуудал шүүхэд хүрсэн юм.

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 453 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0597 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор өнөөдөр  Улсын дээд шүүх хэлэлцэнэ гэж байна.

 Эргэн сануулахад, "Монголиан коппер корпорейшн" ХХК   "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг, хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 7 дугаар сарын 4-ний өдөр мэдээлж байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв гэсэн байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай” Засгийн газрын шийдвэрийг хууль бус гэж үзэж, шийдвэрлэснээ шүүхээс мэдээлсэн юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Амаржаргал хэлэхдээ "Энэ шийдвэр нь УИХ-ын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэл болгож гаргасан шийдвэр юм. Уг тогтоолыг хэрэгжүүлэх явцдаа Засгийн газар, түүний харьяа агентлагууд Засгийн газрын агөнтлаг болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын гаргасан шийдвэр тодорхой хуулиудыг зөрчсөнийг тогтоосон шийдвэр юм” гэж байсан билээ. Ямартай ч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн албан ийм мэдээллийг өгсөн.

Гэхдээ Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор анхаарал татсан байр суурийг нэр бүхий эдийн засагчид хэлдэг. Тухайлбал, эдийн, засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан авлигатай холбоотой шинэ нийтлэлдээ Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хуйвалдааны тухай асуудлыг хөндсөн байсан. Тэрбээр  “Авлига нь монголын нийгэмд туссан хорт хавдар болчихлоо гэж жил хагасын өмнө би нийтлэл бичээд авлигатай тэмцэж буй Хятадын жишээг дэлгэрэнгүй дурдсан билээ. Түүнээс хойш энэ хавдар төр засгийн эд эсэд ямар өндөр хурдаар газар авч буйг 2016 оны сонгууль, дараа нь байгуулсан төр засгийн бүтцээс харж болно.МАН-даа хандивласан мөнгөнийхээ хэрээр төр засгийн өндөр албан тушаалууд эрэмбэлэгдэн борлогдов. Алдарт бичлэгт нь төлөвлөгдсөн 60 тэрбум төгрөг бүрдсэн байх аа.

Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдан авахдаа, ХХБ-ны эзэн нь зохиомол гэрээгээр, таван хүнийхээ нэр дээр хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөнөөс 500 сая доллар зувчуулж, шилжүүлснийг УИХ-ын шалгалт тогтоосон ч, төдөлгүй энэ тухай яриа замхрав. Нөгөө улс төрчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд лав сайн дураараа таг чиг болчихоогүй нь мэдээж” хэмээн өгүүлсэн байсан.

Эх сурвалж: Hunnu.mn