Чуулганд суудаггүй задарсан дүүгээ сургаж, нийгэмшүүлээч  Б.Саранчимэг гишүүн ээ!

Монгол Улс парламентын засаглалтай. Манай улсын иргэд төлөөллийн ардчиллын зарчимаар сонголтоо хийж, өөрсдийнхөө эрхийг хэрэгжүүлэх хүмүүсийг төрд илгээдэг. Тэр газар нь УИХ. Тиймээс ч тэнд очсон хүмүүсээс хариуцлага нэхэх, шаардах бүрэн эрхтэй. Тэгвэл сонгогчдын итгэлийг хүлээн, төрийн эрхэнд оччихоод үүрэг хариуцлагаа умартдаг нөхдүүдийг эргүүлэн татдаг баймаар байна.

Тухайлбал, чуулганы хуралдаанд суудаггүй Б.Наранхүү гишүүнийг эргүүлэн татах хэрэгтэй юм. Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон гишүүн хүн хэрнээ гариг андуурсан юм шиг загнадаг ийм гишүүнээр УИХ дутахгүй. Дураа хүрсэн үед л очиж суудаг, дургүйгээ хүрсэн бол үл тоодог газар бол УИХ биш байлтай. УИХ-д хоёронтаа сонгогдсон тэрбээр үргэлж л таслалтаараа тэргүүлдэг. Ер нь  заавал чуулганд бүтэн цагаар суух албагүй ухааны юмыг телевизийн нэвтрүүлэгт орохдоо хэлж байдаг. Энэ бол үнэхээр ёс зүйн доройтол билээ.

Уг нь түүний төрсөн эгч Б.Саранчимэг бас УИХ-ын гишүүн. ҮСАХ-ийн захирал асан тэрбээр улстөр лүү тэмүүлсээр, амжилтыг олж, гишүүн болсон. Дүүтэйгээ зэрэгцэн сонгогдсон. Харин дүү нь чуулгандаа суудаггүй, УИХ-ын үйл ажиллагааг үл хүндэтгэдэг. Ийм задарсан дүүгээ эгчийн хувиар сургаж, зөвлөж болдоггүй л юм байх даа, Б.Саранчимэг гишүүн ээ!

Хууль тогтоох дээд байгууллагын гишүүний хувиар санаачлан батлуулсан хууль хийгээд иргэдэд тустай юу хийснээ ярь гэвэл Б.Наранхүү гишүүнд хэлэх үг байдаг юм болов уу. Дундговьд очиж хүмүүст мөнгө өгдөг байж болно. Тэгвэл заавал УИХ-д сууж яах гээд байдаг юм. Тэрний оронд жинхэнэ мэргэшсэн хуульч хүн түүний оронд УИХ-д байвал Монголд тустай биш үү.

Ер нь хууль тогтоох дээд байгууллага гэх УИХ жинхэнэ хуульчдаар ангаж, цангаж буй нь үнэн билээ. Зүгээр л гишүүн болж тоглодог газар гэж УИХ-ыг бодож буй бол эндүүрээд байна, Б.Наранхүү гишүүн ээ!

Б.Наранхүү гишүүн МАН-ыг даган намирч явсан түүх бий. Нэг л өдөр АН-ыг бараадаж, тал зассан. Үр дүнд нь Дундговь аймгийн АН-ын удирдлагуудынхаа ч арга эвийг мөнгөөр олж байгаад экс  гишүүн Р.Эрдэнэбүрэн, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, Дундговь газар хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхболор нарын урд гишгэн, тойрогтой болсон байдаг. Түүнийг зөвхөн тойрогтой болохын тулд тэрбум тэрбумаар нь  цацсан гэх мэдээллүүд хэвлэлүүдээр гарч байсан. Магад тэгж их мөнгө цацсан, цацсаар ч байгаа учраас гишүүний суудлаас буухгүй гээд цаагуураа үхээд байдаг байж болох.

УИХ-ын гишүүн гэсэн халдашгүй дархан эрхтэй субьектээр хоёр дахь удаагаа сонгогдоод буй Б.Наранхүүтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд цөөнгүй бийг дашрамд өгүүлье. Тухайлбал,  “Мон-Уран” компанийнхаа нэрээр Нийслэлийн тусгай хамгаалалтын бүсэд 30 га газар авч, түүнээсээ “Шилмэл шилтгээн”, “Монгол гранд”, “Дунд мандал”, “Сүрэг агт”, “Визамар”, “БНЧ” зэрэг голдуу Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад таслан өгсөн,  компанийнхаа нэрийг сольж “Инвекс” нэрээр 2007 онд Баянзүрх дүүрэгт 127.05 га газрыг авсан гэхчлэн тоочоод байвал хуудуутай зүйлс цөөнгүй байдаг.

Гол нь тэгээд тэрбээр УИХ-ын гишүүн болчихоод урагшгүй албат царайлж, суудал бөглөсөн нэртэй яваа нь таагүй хэрэг юм. Ер нь хүн байх ёстой газраа л байх хэрэгтэй шүү дээ.

Эх сурвалж: Hunnu.m