Мэргэжлийн хяналтын байцаагчид хууль зөрчиж байжээ

Баянхонгор аймгийн прокурорын газраас тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын газрын эрх бүхий улсын байцаагч нарын  явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар шалгажээ. Шалгалтаар  эрх бүхий улсын байцаагч нар нь хүлээн авсан гомдол мэдээллийг харъяа прокурорын газрын бүртгэлд тусгуулаагүй, шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн материалыг прокурорын хяналтанд ирүүлдэггүй, зөрчил шалгаад шийтгэл ногдуулахдаа хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэдэг  зэрэг зөрчлүүдийг  илрүүлсэн байна.

Шалгалтын дүнг  аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зөрчлийг арилгуулах, хариуцлага тооцуулах удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авахуулахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт  прокурорын шаардлага хүргүүлжээ.

‘Мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах эрх бүхий албан тушаалтнууд  шалгалтын дүнг танилцуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед гарч байгаа алдаа зөрчлийг талаар  болон анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж,   сумдын эрх бүхий улсын байцаагч нарт сургалт явуулахаар тогтсон байна.