Ерөнхийлөгч Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдыг хүлээн авч уулзлаа

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 14-19-нд болох Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох зургаан оролцогч, тэдний эксперт багш нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзан, амжилт хүслээ.

​Монгол Улсын Засгийн газар 2014 онд Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэх гишүүнээр элссэн бөгөөд 2015 оны Бразилийн Сан Паоло хотноо болсон тэмцээнд есөн мэргэжлээр анх удаа оролцон, 60 орноос 42 дүгээр байр эзэлсэн юм.

Энэ жилийн Абу Даби хотноо болж буй 44 дэх удаагийн тэмцээнд мужаан, өрөг угсралт, гагнуур, тогооч, сантехник, цахилгаан гэсэн зургаан төрлөөр Монгол улс оролцож байгаа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлж буй төслийн шугамаар таван оролцогчийн бэлтгэлийг БНХАУ болон ХБНГУ-д хангасан, гагнуурын оролцогчийн бэлтгэлийг Оюутолгой компани бүрэн хариуцдаг талаар Ерөнхийлөгчид товч мэдээлэл өгсөн юм.

Цаашид Дэлхийн ур чадварын тэмцээний модуль болон үнэлгээг Монголын мэргэжлийн боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх хэрэгтэй байгаа талаар саналаа хэлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарч үзэхээ илэрхийлээд, нийт оролцогч, эксперт багш нарт олон улсын тэмцээнд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.