Ж.Мөнхбат: Хэрвээ хуулийн дагуу тогтоогдвол   гэрээг нь зогсоож, надад хариуцлага тооц

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч  Ж.Мөнхбат өнөөдөр Төрийн ордноос мэдээлэл хийв. Түүнийг албан тушаалаа ашиглан эхнэрийнхээ ахын компанид концесс олгуулсан гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл тэрбээр уг асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Дорноговь аймгийн Сайншандын автозамын тендэрт 8  компани оролцсноос  "Засаг чандмань майнз" компани шалгарсан байдаг. Үүний ард ЗГХЭГ-ын даргын нөлөө зайлшгүй орчихлоо гэгдэж байсан. Тэгвэл Ж.Мөнхбат хэлэхдээ  “Засаг чандмань майнз”  компанийг надтай холбон тайлбарлан гүтгэж байгаад маш харамсаж байна. Энэхүү гэрээг байгуулахад миний бие оролцоогүй.  Түүнчлэн манай гэр бүл  нэг ч хувьцаа эзэмшдэггүй. Тус компани олон хувьцаа эзэмшигчидтэй. Тэдний нэг нь манай эхнэрийн хамаатан. Хамаатан нь тус компанид хувь эзэмшдэг байлаа  гээд эхнэрээсээ салах юм уу, эсвэл улсын төсөвт олон тэрбум төгрөгний татвар төлж, олон хүнийг ажлын байраар хангаж байгаа үндэсний компанийн үйл ажиллагааг зогсоох эрх надад байхгүй. Иймд нэр хүндээ сэргээлгэхээр  холбогдох хуулийн байгууллагууд болон АТГ, ТЕГ-т хандана. Хэрвээ хуулийн дагуу тогтоогдвол  "Засаг чандмань майнз” компаний концессийн гэрээг зогсоож, надад хариуцлага тооц. Нэр хүндэд  халдсан бол мөн хуулийн дагуу хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох байгууллагад шаардлага хүргүүлж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Hunnu.mn