М.Сономпил хятадын компаниас авлига авсан уу?

Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг яллагдагчаар татсан тухай мэдээлэл албаны эх сурвалжуудаас гадагшилж буй. Түүний эзэмшдэг  “Залуу Монгол” компанийн байранд, мөн гэрт нь АТГ-аас нэгжлэг хийсэн юм.  М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаандаа Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон тус станцын санхүүжилттэй холбоотой асуудлаар шалгаж байна.

Эргэн сануулахад, Засгийн газар 2013 онд Улаанбаатар хотын эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд 348Мвт хүчин чадалтай “Амгалан” ДЦС-ыг барихаар шийдвэрлэсэн байдаг.  Улмаар Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр мөн оныхоо 4  сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулж байсан.  Харин  2015 оны 11  сарын 27-нд тус станц нээлтээ хийж байсан юм.

Тэгвэл   М.Сономпил уг тендерийн шалгаруулалтад албан тушаалаа урвуулан ашигласан гэх асуудалд холбогдоод байна.

2013 онд Амгалан дулаанц цахилгаан станцын тендерийн шалгаруулалтын дараа албаны эх сурвалж хэлэхдээ “Шинэ дулааны станц барих аж ахуйн нэгжийг хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж,  Эрчим хүчний  яам сонгон шалгаруулсан. Амгалан дулааны станц барих ажилд БНХАУ-ын компани шалгарсан байгаа. Одоо барилгын зураг төсвийн ажлаа баталгаажуулахаар ажиллаж байна. Харин УС 15-ын газар чөлөөлөлтийн ажилд зориулж, нийслэлээс 6 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм. Хуучин УС-15-ын барилга байгууламжийг буулгасан. Гэрээний дагуу 12 сарын 15-нд багтаагаад эхний зуух ашиглалтад орох ёстой. Бид хугацаандаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Амгалан дулааны станц ашиглалтад орсноор 13-р хорооллын хэмжээний хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэх юм” хэмээн мэдэгдэж байсан юм.

Харин өнөөдрийн байдлаар М.Сономпил уг тендерийн асуудалд холбоотойгоор шалгагдаж буй нь БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци”-д тендерийн эрх олгосны цаана тэрбээр ямар ашиг хүртсэн бэ гэдэг асуултыг дагуулж байгаа юм.

Эх сурвалж: Hunnu.mn