Өнөөдөр: ДЭЛХИЙН ОХИДЫН ӨДӨР

Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Энэ жилийн “Олон улсын охидын өдөр”-ийг охидын боловсролыг чанартай эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн улс орнуудын охид хамтран багц үйл ажиллагаануудыг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн зохион явуулж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагч нарт хүргэх зорилготой байна.

  • Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйд өсвөр насны охидын ариун цэврийн хэрэглэл зөв хэрэглэх, бие засах газарт ариун цэврийн хэрэглэлээ солих, хаях боломжтой, гараа угаах нөхцлөөр хангагдсан байх ойлголтыг багтаана. 
  • Хөгжиж буй улс орны ерөнхий боловсролын сургуулиудад охидод сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэлээ солих, гараа угаах нөхцөл бүрдээгүйгээс хичээл таслах тохиолдол олонтаа тохиолддог байна.
  • Дэлхий дээр 3 эмэгтэй тутмын 1 бие засах байгууламжийн хүрэлцээгүй орчинд ажиллаж, сурч байна. 
  • Монгол улсад хийгдсэн Дэлхий дахины сургуульд суурилсан судалгаагаар нийт сурагчдын 24.6 хувь үүнээс эмэгтэй сурагчдын 18.4 хувь нь сүүлийн нэг сард шалтгаангүй хичээлээ тасласан байна.
  • НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр сургуулийн орчин дахь охидын эрүүл ахуй чанарын судалгаагаар сургуулийн ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүйн улмаас охид сарын тэмдэг ирэх үед ариун цэврийн хэрэглэлээ солихгүй удаан явах, гараа угааж чадахгүй байх зэрэг олон хүндрэл бэрхшээл тохиолддог болохыг тогтоосон байдаг.
  • Сарын тэмдэг бол охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг, эрүүл мэндийн чухал үзүүлэлт бөгөөд сарын тэмдэг ирэхгүйгээр амьдрал цааш үргэлжлэх боломжгүй байдаг.
  • Сарын тэмдэг нь  охид эмэгтэйчүүдийн эрх, нэр хүндийн асуудалд хамаардаг ба сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг сахих нь шаардлага хангасан ус хангамж, ариун цэврийн байгууламжаар  хангагдах,  эрүүл мэндийн боловсрол авах, сурч боловсрох, хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг хүний эрхүүдтэй салшгүй холбоотой.
  • Сургуулийн орчин дахь  ус хангамж, ариун цэврийн байгууламж эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх нь сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг сахихад бэрхшээл учруулдаг.
  • Иймд охидын сарын тэмдгийн эрүүл ахуйг хангахад багш, сургуулийн эмч болон бусад ажилтнуудад сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн талаарх зөвлөмж, арга хэмжээнүүдийг сургуулийн орчинд хэрэгжүүлэхэд  дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

 

НЭМҮТ