Авлига, хулгай, залилангийн хэрэгтэй хүмүүс УБТЗ-д хариуцлагатай албанд ажиллаж байна гэв

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга А.Баасан хэвлэлийнхэнд анхаарал татсан мэдээлэл өглөө. Түүний ахалж буй Олон нийтийн зөвлөлд иргэдээс  өргөдөл гомдол олон  ирж байгаа аж. Одоогоор 28 өргөдөл ирсэн байгаагаас хамгийн ноцтой нь Улаанбаатар төмөр замын эрх мэдэл бүхий албан тушаалд томилогдсон хүмүүс АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн тодорхойлолт авахгүйгээр шууд томилогдсон юм байна.   2015 онд авлигын хэргээр ял авсан хүн тэнд Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байна. Мөн 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригт гэж хүн Худалдан авах ажиллагааны газрын албаны даргаар томилогдсон байна. Хулгайн хэргээр  6  жилийн ял эдэлж байсан Оюунчимэг гэдэг хүн Хөдөлмөр харилцааны албаны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг юм байна. Энэ асуудлыг шийдэхийг хүссэн өргөдөл гомдол АТГ-т ирж байсан ч шийдэхгүй өдийг хүрчээ. Тиймээс манай Олон нийтийн зөвлөлд асуудал тавьсан. Бид энэ асуудлаар Улаанбаатар төмөр замд хандахад тэдгээр албан тушаалтнуудыг аравдугаар сарын 2-нд ажлаас халсан гэсэн албан бичиг ирүүлсэн. Өчигдөр ажлаас халсан гүйцэтгэлийг шалгахаар очиход тухайн хүмүүсийг албан тушаал бууруулаад орлогч болгоод, ажлаас нь халаагүй байсан. Монголд чадвартай мэргэжилтэнүүд ажилгүй байхад яагаад заавал залилан, хулгай, авлигын хэргээр яллуулж байсан этгээдүүдийг албан тушаалд нь хадгалаад байгаа вэ гэдэг анхаарал татаж байна” хэмээн тэрбээр мэдэгдлээ.