2017 төсвийн тодотголын талаар хэн юу хэлэв?

УИХ-аар 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухахй хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Төсвийн тодотголд хууль зөрчсөн зүйл байна гэж УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байна. Мөн эмч, багш нар цалин нэмэх боломж байна. Төсвийн тодотголдоо оруулсангүй гэж байр сууриа илэрхийлж эхлээд байна. 2017 оны төсвийн тодотголын эргэн тойронд хэн ямар байр суурь илэрхийлсэнийг тоймлон хүргэе. 

Д.Дуламсүрэн "Багшдаа тусалъя" эцэг эхчүүдийн холбооны тэргүүн, эдийн засгийн ухааны доктор:

2017 оны төсвийн задаргаанаас үзэхэд Засгийн газар, УИХ-ын нэг удаагийн шийдвэрээр гаргадаг 900 гаруй тэрбум төгрөгийг зарцуулчихсан байх юм. Үүний 30 хувийг л багш нарын цалинд зарцуулахад багш нарын цалинг 30-40 хувь нэмэгдүүлэх боломж байна. 

Мөн багш нарын цалинг ямар эх үүсвэрээр хаанаас танаж болох вэ гэдэг дээр бид судалгаа хийж байгаа. Тухайлбал, Шүүхийн шийдвэрээр төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан зардал 25 тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 199 тэрбум, барилгын засварт 73 тэрбум төгрөг байна.

Энэ бүхнээс үзэхэд, зөвхөн төсвийн тодотголоор багш нарын цалинд гаргаж өгч болох 300 тэрбум төгрөг байгаа юм. Төр тэвчээд эхний ээлжинд багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх боломж байна.

Ж.Батзандан УИХ-ын гишүүн:

Өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Үзүүлэлтүүдийг харахад, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 9.248 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Мөн нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг нэмэгдүүлжээ. Уг нь үүнийг нэмэхгүй гэж ОУВС-тай тохирсон гэж ойлгож байгаа. Түүнчлэн Засгийн газрын нийт өрийн хэмжээг 1,178 төгрөгөөр, халамжийн зардлыг 113 тэрбумаар тус тус нэмэгдүүлсэн байна.

Энэ мэт олон үзүүлэлт мууджээ. Төсвийн орлого 900 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбогуулж, энэ мөнгийг яаж үрэх вэ гэж оруулж ирж байна. Монгол Улсад сүүлийн 10 гаруй жилийн турш төсвийн орлого нэмэгдэхээр халамжинд тарааж дуусгадаг, төвийн орлого нь багасаад ирэхээр зээл авдаг буруу жишиг тогтоод байгаа.

Энэ байдлыг одоо халах цаг болсон. Засгийн газар муу аргаараа явъя гэсэн төсвийн тодотгол болон төсвийн хүрээний мэдэгдэл оруулж ирж байгаа нь буруу. Жилд 2-3 удаа төсвийн тодотгол хийдэг улс орон манайхаас өөр байхгүй шүү. Энэ буруу жишгийг одоо зогсооё.

Л.Болд УИХ-ын гишүүн:

“Төсвийн тодотгол дээр алдаатай, хууль зөрчсөн олон үйлдэл гарч байгаад манай бүлгийнхэн дүгнэлт гаргах шийдвэрт хүрлээ. Дүгнэлтээ УИХ-д танилцуулаад, шинэ Ерөнхий сайдад албан бичгээр шаардлага хүргүүлнэ. Төсвийн орлого төлөвлөж байснаас оны эцэс гэхэд бараг нэг их наяд төгрөгөөр давах төлөвтэй байна. Тиймээс шинэ Засгийн газрынхан нийгэмд зохиомол айдас үүсгэх буюу Монгол Улсын эдийн Засаг дампуурах, дефольт боллоо гэдэг үлгэрээр цаашид явж болохгүй. Төсвийн тодотголоор хөрөнгийн зардал нэмэхгүй, хүнийхээ цалинг нэм гэдэг шаардлагыг бид зайлшгүй тавина. Шинэ Засгийн газар эрч хүчтэй ажиллаж, эдийн засгийн өсөлтийг иргэддээ ээлтэй байлгахыг хүсч л байгаа бол энэ асуудал дээр онцгой анхаарах ёстой. Тиймээс шаардлагатай бол төсвийн тодотголыг буцаан татаж аваад, зарим зүйл заалтуудыг өөрчлөх нь чухал.”

Д.Эрдэнэбат УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга:

“Шинэ Засгийн газар бүрдэж, 2017 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвөө эргэн харж байж Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн зарчмын байр суурийг манай бүлэг барьж байгаа. Энэ оны төсвийн тодотголд хөрөнгийн зардлыг ихээр нэмэгдүүлсэн байна. Тиймээс АН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авах хүсэлт гаргасан юм.”

Н.Энхболд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга:

“Ирэх оны төсвийн тухайд шинэ Засгийн газар бүрдсэний дараа ярилцаж болох юм. Харин энэ оны төсвийн тодотголын тухайд өвөл хаяанд ирсэн, шийдлээ хүлээсэн олон асуудал тулгамдаж байгаа ийм үед асуудлыг хойш тавьж, цаг алдалгүйгээр хэлэлцээд явах шаардлагатай байна. Манай Байнгын хороо асуудлыг эцэслэн шийдэхгүй, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх үүрэгтэй. Иймээс Төсвийн байнгын хороогоор төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед завсарлагын асуудлаа тавих нь зүйтэй юм.”

 

hunnu.mn